Монголын зэрлэг байгаль, цэлмэг тэнгэр, нүүдэлчин ахуйн соёлыг сонирхох жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Энэ оны байдлаар манай улсад 368 мянган жуулчин ирсэн талаар БОАЖЯ-аас мэдээлжээ. Тухайлбал, ОХУ-аас 149 мянга, БНСУ-аас 73 мянга, БНХАУ-аас 62 мянган жуулчин эх оронд минь ирсэн байна.
Үүнээс үзвэл бид байгалийн тогтолцоогоо түшиглэж аялал жуулчлал хэмээх “Алтны уурхай”-тай болох бүрэн боломжтойг харж болно. Учир нь манай улсын нүүдэлчин соёлоос авхуулаад ургамлын үнэр нь хүртэл жуулчдын сэтгэлийг баясгадаг аж.
Гэвч “Тэнгэр заяа”-тай ард түмэн өөрсдийн унхиагүй үйлдлээсээ болж Монгол руу ирэх жуулчдын урсгалыг татруулах вий.
Жуулчдад таагүй байдал үүсгэдэг гол асуудал нь Монголчуудын харилцаа, хандлага, үйлчилгээний стандартын асуудал байдаг.
Жишээ 1: Өнгөрсөн зургаадугаар сард Монголд 7 хоног аялсан Солонгосчууд зочид буудлаа гурван удаа сольжээ. Учир юу гэвэл дундаж үнэтэй, 3 одтой тэдгээр буудлуудын ариун цэвэр хангалтгүй, үйлчилгээ муу байв. Эхний өдөр жуулчид 100 айл орчимд байх 150 мянган төгрөгийн үнэтэй буудалд хоносон боловч, өглөө нь бүгд буудлаа солих хүсэлт тавив. Шалтгаан нь
1. Орны дэр халтар байсан,
2. Халуус ус байхгүй учир хүйтэн шүршүүрт орсон,
3.Ор, хөнжлийн даавууг нь солиогүй,
4. 00-ын өрөөний алчуур, хэрэглэл бохир байжээ.
Улмаар дараагийн өдөр тэднийг төв талбайн хажууханд байдаг “Энгийн, тухлаг, цэвэрхэн, нам гүм” уриатай зочид буудлын 135-155 мянган төгрөгийн үнэтэй өрөөнд оруулжээ.
Гэвч Солонгосчууд маргааш өглөө нь дахиад л өрөөгөө солих шаардлага тавилаа. Энэ удаа тэдний өрөөний тавиурууд хуруу зузаан тоосондоо дарагдсан бөгөөд цагаан хэрэглэл нь эвгүй үнэртэй байв. Ёстой хүний өмнөөс бөгс улайна гэдэг л энэ байх. Үүнээс үзвэл манай дундаж үнэтэй зочид буудлууд жуулчин хүлээж авах хэмжээний хариуцлагатай, үйлчилгээ сайтай биш байгааг нь харагдаж байна.
Тэмээ түрээслэгчид хоорондоо “Ги***, Пи***, Но**” гэж хэрэлдэх нь жуулчдыг цочроов.
Жишээ 2: “Элсэн тасархай”-д энэ жил нэг тэмээг 20 төгрөгөөр унуулж байна. Гэвч зохион байгуулалт байхгүй, дээрээс нь тэмээ түрээслүүлж буй нутгийг иргэд үйлчилгээний соёлд суралцаагүй учир тэмээ унахаар ирсэн хүмүүсээ булаацалдаж, “Одоо миний ээлж шдээ Но****”, “Хөөе Батаа гөлөг минь хурдан хүрээд ирээч” “Чи юу гээд хуцаад байгаа юм, Ги*** чинь” гэх зэргээр эргэн тойрноо үл анзааран, хоорондоо хэрэлдэх нь гадаад жуулчид битгий хэл Монголчуудад ч таагүй санагджээ.
Тэд Монгол хэлийг ойлгохгүй ч хүний биеийн хэлэмж бүхнийг илэрхийлдэг. “Оглой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг ядаж гадаад жуулчдынхаа хажууд маргалдахгүй байж, инээмсэглэж үйлчилбэл тэд эх орондоо очоод, элгэмсүү Монголыг ах, дүү, хамаатан садандаа магтаж, дараа дараагийн ирэх жуулчдыг урсгалыг нэмэхэд түлхэц болно. Бидний хийж чадах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй үйлдэл бол жуулчдад эелдэг хандах. Хандлагаасаа эхлээд өөрсдийн сул талаа засаж, аялал жуулчлалаа хөгжүүлж чадвал манай улсын эдийн засаг газар сэндийлж, алт олборлох шаардлагагүйгээр сэргэх бүрэн боломжтой билээ.