Энэ жилийн улсын баяраас хойш үндсэндээ найм дахь наадам энэ сарын 18-21-нд Налайх дүүрэгт буюу Тэрэлжид болох нь. “Нүүдэлчин” хэмээн нэрийдсэн уг наадмыг Засгийн газар, Соёлын яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулна. Алтан овооны төрийн тахилгыг тооцвол монголчууд энэ зун үндсэндээ есөн наадмын ард гарах гэж байна. Эрс тэс уур амьсгалтай манай оронд эрт үеэс зуны дэлгэр цагт наадаж, цэнгэдэг байсан уламжлал бий. Эрийн гурван наадмаа зун л явуулсаар ирсэн. Энэ түүх, улбааг 1921 оны Ардын хувьсгалын ялалтын баяртай хамтатган жил бүр долдугаар сарын 11-нд Үндэсний ихбаяр наадам хэмээн тэмдэглэж байхаар тухайн үед шийдвэрлэсэн түүхтэй. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл энэ л өдөр улсын баяр наадмаа зохион байгуулж ирсэн. Уг баяр цэнгэлийн тухай мэдээлэл олон улсад наадам нэрээр танил болсон. Улмаар гадаадынхан монголчуудын нэрийн хуудас болсон наадмыг үзэх гэж зорьдог уламжлал тогтоод буй билээ. Үүнд уг арга хэмжээний олон улсын ач холбогдол орших буй за. Тийм учраас Монгол Улс Үндэсний их баяр наадамдаа өндөр ач холбогдол өгч, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга шингээн тэмдэглэдэг билээ. Гэхдээ монгол төрийн их баяр цэнгэл, монгол наадмын тухай энд хөндөх гэсэнгүй.
Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд ямар нэгэн шалтаг, далим гаргаж баярлах, ялангуяа ой тэмдэглэх нь хавтгайрах шинжтэй болж ирэв. Салбарын, байгууллагын ой гээд явж өгнө. Дээр нь бүхий л төрлийн одон, медалийн цайллага, найр гэж хөл алдана. Баянзүрх дүүрэгт хурим найр, одонгийн цайллагын ресторан гэж нээсэн байна билээ. Уг үйлчилгээ ямар их эрэлттэйг эндээс харж болохоор.
Энэ зун таван аймгийн 100 жилийн ойг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэв. Ерөнхийлөгчтэй аймаг нь Ерөнхийлөгчөө, байхгүй нь УИХ, Засгийн газрын гишүүд, бусад даргыг залж байгаад наадлаа. Аль ч аймгийнхан 100 жилийн ойгоо наадмын түвшинд явуулах гэж зүтгэснээр нээлт, хаалтын ёслол, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сайд дарга нараар шагнал гардуулуулах, бас тэдэндээ тэмдэг ч болтугай зүүж өгөхөөс авхуулаад юуг ч дутаалгүй гүйцэлдүүлсэн.
Засгийн газраас Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай “Зарим аймаг байгуулагдсаны ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд баяр наадмын хугацааг тогтоох тухай” нэртэй тогтоол гаргасан. Үүнд аймгуудыг 100 жилийн өмнөх буюу хуучин нэрийг нь дурдсан байв. Ингээд аймаг бүрийн наадмыг зохион байгуулагчид, тэр дундаа нээлтийн ёслолын найруулагчид 100 жилийн түүхийг базаж танилцуулах гэж хичээснийг харж байхад ядмагхан сэтгэгдэл төрсөн юм. Товчхондоо, аль аймаг бүтээмж, бүтээлээр тод вэ гэдгээс илүү төрийн өндөр албан тушаалтан хэдтэй вэ, дарга сайдаар хэр “баялаг” вэ, урлагийн алдар цуутан олон уу, бөх, морь нь хэр юм зэрэг үзүүлэлтээр өрсөлдөж байх шиг санагдсан. Очиж үзсэн, дунд нь явсан хүмүүст таатай байсан биз. Нутгийнхан, ах, дүүс, найз нөхөд, ангийнхан гээд уулзаж учрах олон мундахгүй, зугаатай байсан байх.
Харин хөндлөнгөөс ажсан, бүхий л арга хэмжээг зурагтаар харсан хэсэгт бол “Монголчууд уралдах, өрсөлдөх зүйлээ олж ядаж байна аа” гэсэн сэтгэгдэл төрж байсан юм. Ялангуяа гадаадад амьдардаг монголчууд хэлэх үгээ олж ядсан. Тухайлбал, “Социализмын үеийн түүх шүү дээ. 1923 оноос өмнө ч аймаг, хошуудтай байсан Монгол шүү. Тэр аймгуудыг хувааж жижиглэсний л 100 жилийн ой болж байх шиг. Оросуудын зохиож өгснөөр түүхээ хязгаарлахаа больё. Монголд тусгаар тогтнолын өдөр гэж байх ёсгүй. Анх үүссэн цагаасаа, мянган жил тусгаар улс хэвээр байгаа. Манжийн дарлалаас 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд өөрсдийн хүчээр гарсан юм. Социализм, оросууд харин энэ түүхийг мартуулахыг хичээсэн” хэмээн бухимдан бичсэн байлаа. Үгүйсгэх аргагүй мэт.
Гадаадад амьдардаг элэг нэгтний маань сэтгэгдэл, бухимдал ийм байхад эх орондоо амьдарч буй хүмүүс хэдэн аймгийн 100 жилээр бөх, морь, нутаг хошуу, бай шагнал, дов жалга гэх зэрэг сэдвийн хүрээнд хоорондоо хэсэгтээ үзэлцлээ. Ингэж байтал үер, гамшгийн нөлөөгөөр мартагнав бололтой. Үнэндээ бидний цөөхөн монголчуудад аймаг, сум, нутаг ус гэж хоорондоо үг шидэлцэж, муухай харалцаж байх хэрэг бий юү. Монгол гэдэг нэг л агаараар амьсгалж буйн хувьд аливаад монгол гэдэг утгаар хандаж, улс, эх орноо, үндэстнээ өргөн, дээдэлж, үгийн сайныг хэлэлцэж, үйлсийн сайхныг хамтаараа бүтээж, зөвхөн урагшаа харж амьдрах цаг үе биш юм уу гэсэн бодол төрж байлаа. Засгийн газар тогтоол гаргахдаа аймгуудыг одоогийнхоор нь нэрлэсэн бол наадмуудын уур амьсгал, өгөөж, мэдрэмж арай өөр байх байсан болов уу хэмээн санана.
Энэ удаа ингээд өнгөрдөг юм байж. Цаашид яах вэ. Бас л ой хэрхэн гоё тэмдэглэх тухайд хаана хаанаа “тархиа гашилгаж”, улсын, аймгийн, сумын, аж ахуйн нэгжүүдийн, иргэдийн ч халаасыг тэмтэрсээр байх уу. Засгийн газар нь тогтоол гаргаж байгаад л наадуулдаг одоогийн жишгийг халах уу, эсвэл улам “төгөлдөржүүлэх” үү. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референтээр ажиллаж байсан нэгэн бухимдаж “Төрийн мөнгийг ямар нэг сэдвээр үлгэр зохиож, Засгийн газрын тогтоол гаргуулах замаар яаж хувааж иддэг, бие биедээ доль цохих хэрэгсэл болгодог гэж санана” хэмээн хэдэн жилийн өмнө хэлсэн нь санаанаас гардаггүй.
Дорноговийнхон цөм нь болж, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэх ажил бас нэгэн төрлийн наадам болов. Олон улсад, тодруулбал, ЮНЕСКО-гийн түвшний нэр хүндтэй Дорнын соён гэгээрүүлэгчдийн нэг хэмээн үзэх түүний мэндэлсний ойг арай өөрөөр тэмдэглэсэн бол өгөөжтэй байсан болов уу. Намтар, түүхээс нь сэдэвлэн бүтээж, тоглуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг уг наадмын аврал байлаа гэхэд хилсдэхгүй. Хутагт болбоос эрдэм, соёл дэлгэрүүлэгч, Монголд театрыг үндэслэснийг илтгэн, тайзны урлагийн шинэ бүтээл төрүүлж, задгай талбайд тоглуулснаараа аймгуудын наадмаас ялгарсан л даа. Бусдаараа адил. Энэ наадмыг тэмдэглэх тухайд гаргасан Засгийн газрын тогтоолд “Ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2023 оны батлагдсан төсвийнхөө хүрээнд гаргах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай” гээд мөн л Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Эх сурвалжид ойр нэгэн хэлэхдээ наадмыг зохион байгуулагчид Соёлын яамнаас 220 сая төгрөг хүсэмжилсэн гэж байсан. Үнэхээр энэ хэрийн хөрөнгийг Засгийн газраас гаргуулж чадсан юм бол хутагтын мэндэлсний 220 жилийн ойг илүү оюунлаг байдлаар зохион байгуулах ёстой гэж бодогдож байлаа. Гадаадын орнуудад Шекспир, Моцарт, Верди, Чайковский гээд суутнуудтай холбоотой арга хэмжээнүүдийг хэрхэн тэмдэглэдгээс үлгэр, сургамж авууштай. Үгүйдээ л Дорноговийнхон ноён хутагтыг Монголд театр үндэслэгч мөн хэмээн үздэг бол ядаж, “Саран хөхөө” театрынхаа нэрийг монголоор бичмээр гэж бодогдох. Одоо бол үүдэндээ “Saran Khukhuu” гээд биччихсэн байдаг шүү дээ.
Таван аймгийн 100 жил, Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ой, шашин соёлын даншиг, Алтан овооны тахилга хэмээх бас нэг олныг дуудсан, наадмаас илүү гарсан бужигнаан энэ удаад болоод өнгөрлөө. Цаашид Засгийн газар дараа дараагийн аймгуудын 100 жилийг ч тогтоол гаргаж, энэ мэтчилэн тэмдэглэх юм болов уу гэсэн асуулт урган гарч байна. Булган аймаг 1938, Баянхонгор 1941 онд байгуулагджээ. Орхон аймгийг Эрдэнэт хотыг байгуулснаар нь 1976 оных гэх юм уу, эсвэл 1994 онд үүсгэсэн гэж үзэх юм уу, ойлгомжгүй. Сүхбаатар аймгийн тухайд зарим эх сурвалж 1942 онд Жавхлант шарга аймаг хэмээн байгуулсан гэж буй. Баримталбал зохих томоохон эх сурвалжид 1943 он гэж тэмдэглэсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн нээлтэд үг хэлэхдээ “Өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм” гэсэн. Орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдсан гэдэгтэй санал нийлнэ. Харин 100 жилүүд нь шинэ зууны эхлэл цэг юм гэдгийг төдийлөн ухаж ойлгохгүй байна. Шинэ зуун эхлээд 23 жил болоод байхад, бид уг тооллыг үүгээр эхлүүлж байна гэж үзмээргүй.
Ой тэмдэглэх гэсэн хөөс төдий хийрхлээс татгалзмаар. Бүтээж, байгуулан, шинийг эзэмшиж, давуу сэтгэж, өөрөөр хэлбэл, цаг үетэйгээ, дэлхий дахинтай хөл, хөг нийлүүлэн амьдарч, орших сон. Ой тэмдэглэх хөөрцөглөлд 100 жилүүдээр цэг тавивал ямар вэ.