УИХ-ын ирэх оны сонгуулиар бид 126 гишүүний 78-ыг тойргийн системээр, 48-ыг нь намын жагсаалтаар сонгоно. Нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар Сонгуулийн тухай хуульд тусгаад буй. 100 хувийн ирцээр буюу 126 хүн нэр дэвшүүлэх намаас 38 эмэгтэй өрсөлдөнө гэсэн үг. Намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулахаар хуульчилсан учраас 24 эмэгтэй тэнд нэрээ бичүүлнэ. Тэгэхээр тойргийн 78 мандатаас эмэгтэйчүүдэд 14 нь ногдож байгаа юм. Гэхдээ энэ бол хамгийн доод босго гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс илүү тооны эмэгтэйг нэр дэвшүүлсэн намуудад Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн дагуу нэмэлт урамшуулал төрөөс олгоно.
Сонгуульд 100 хувийн ирцтэйгээр нэр дэвшүүлэх боломжтой улс төрийн хүчин бол МАН, АН. Харин гуравдагч хүчнийхний хувьд эвсэл болж л оролцохгүй бол 126 хүн нэр дэвшүүлэх магадлал харьцангуй бага байна. Юутай ч шинэ парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдрийнхөөс нэмэгдэх нь тодорхой байгаа юм. Жагсаалтаар 24 эмэгтэй гишүүн сонгогдоно, тойргоос 14 биш юм гэхэд тал нь “ороод ирэх” биз ээ.
Ийнхүү шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн сонгогдох магадлалыг хуулиар нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор намуудын дотоодод эмэгтэйчүүдийн өрсөлдөөн ширүүсэж эхэлжээ. Ялангуяа олон фракцтай АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг онцолж байна.
АЭХ-НЫ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БОЛОХ ВЭ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо энэ сарын 28-нд хуралдаж, шинэ генсекээ тодруулна. Үүний дараа тус намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ) хуралдаж, дүрэм журам, дараагийн тэргүүнээ сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 2016 оноос эхлээд тус холбоог тэргүүлж буй УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнгөрсөн зургадугаар сард энэ сонгуульт албаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан юм. Үүнийхээ шалтгааныг тэрбээр “Парламентын дэд даргын хувиар УИХ дахь АН-ын бүлэгтэйгээ хамтран Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгах талаар чармайн ажиллаж, үр дүнд хүрлээ. АН-ын дарга шинээр сонгогдож, багаа бүрдүүлэн ажиллаж байгаа энэ үед АЭХ-г шинэ залуу улстөрчид манлайлан удирдаж, үйл ажиллагаагаа орчин цагийн аяст нийцүүлэн авч явах нь цаг үеийн шаардлага гэж үзэж байна” хэмээн тайлбарласан байна.
Ийнхүү АЭХ-ны ерөнхийлөгчийн суудал суларч буй учраас үүний төлөөх марафон АН-ын бүсгүйчүүдийн дунд өрнөж эхэлжээ. АЭХ-ны одоо мөрдөж буй дүрэм ёсоор намынхаа шат шатны байгууллагад сонгууль явуулж, холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулдаг юм байна. Тэд өнгөрсөн сарын 8-нд АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөлийг хуралдуулж, дээрх асуудлуудаа хэлэлцэх гэж байсан ч ҮБХ-ны хуралтай холбоотойгоор хойшлуулжээ. Уг зөвлөлийн хурлаас одоо мөрдөж буй дүрмээ өөрчлөх, эсэхийг шийдсэний дараа шинэ ерөнхийлөгчөө сонгох юм байна. Улмаар дээд чуулганаараа уг шийдвэрийг баталгаажуулна. Мөн хурлын үеэр танхимаас нэрээ дэвшүүлэх боломжтой гэнэ.
Хамгийн сүүлд 2016 онд болсон дээд чуулганаар АЭХ-ны тэргүүнд 10 гаруй эмэгтэй нэрээ дэвшүүлж, С.Одонтуяа сонгогдсон юм билээ. Тэгвэл одоо АН-д тус холбоог тэргүүлээд явчих чадалтай улстөрчид хэн байна вэ. АН-ын дэргэдэх Стратеги, судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, АЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Жаргалан нарын магадлалтай хүмүүсийн нэр дуулдаж байна. Б.Жаргалан нь 1980-ад оны төлөөлөл, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын охин. Тэрбээр эдүгээ АЭХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг, АН-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. З.Нарантуяагийн хувьд АН-ыг төлөөлөх цөөхөн чадварлаг улстөрч эмэгтэйн нэг. Түүнээс АЭХ-ны тэргүүнд нэрээ дэвшүүлэх, эсэхийг нь тодруулахад “Би одоогоор шийдвэрээ гаргаагүй байна. Уг албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн нэрс ч тодорхой болоогүй” гэлээ.
С.Одонтуяа хэдийгээр өөрийн хүсэлтээр сонгуульт албаа хүлээлгэн өгч байгаа ч “Бусад гишүүнийх нь шахалтаас болсон” гэсэн яриа бас байна. Мөн АН-ын гишүүн, дээрх холбооны дэд дарга асан Г.Хажидмаа энэ сарын 4-нд АН-ын байрны үүдэнд С.Одонтуяаг эсэргүүцэн, “Эмэгтэйчүүдийн холбоо дарангуйлагчаар удирдуулсаар байх уу” гэсэн лоозон барин суулт хийжээ. Тэрбээр АЭХ-ны тэргүүнийг ажлаа сайн хийж чадаагүй, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар дуугардаггүй гэх мэтээр шүүмжилдэг аж. 2016 оны АЭХ-ны тэргүүний сонгуульд эл эмэгтэй ч мөн нэрээ дэвшүүлж байжээ. Юутай ч С.Одонтуяа аль хэдийн сонгуульт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн, удахгүй хуралдах Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар түүний хүсэлтийг албажуулах л дутуу байгаа юм. Энэ мэтээр АЭХ дотроо талцаж, хуваагдаад байгаа бололтой.
“ВИЗ” БА АЛБАН ТУШААЛ
УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, намын жагсаалтад хүйсээр сөөлжүүлэн бичнэ. Үүний дагуу намын жагсаалтаар 24 эмэгтэй шууд УИХ-ын гишүүнээр сонгогдох юм. Энэ удаа сонгуулийн тогтолцоог шинэчилсэн, ард түмний тэдэнд тавих дүн зэргээс хамаараад МАН өмнөх хоёр сонгуулийн адилаар үнэмлэхүй олонхын суудал авч чадахгүй л болов уу. Тиймээс МАН, АН-ын хувьд жагсаалтын дээгүүр, ялангуяа эхний 10-т багтсан улстөрчдөд найдвар илүү бий. АН-ын бүсгүйчүүд АЭХ-ны ерөнхийлөгч болохын тулд дотроо талцаж буйн бас нэг шалтгаан уг жагсаалттай холбоотой. 2012 онд АН жагсаалт гаргахдаа намын дарга, генсекээ эхний тавд багтааж байв. Энэ удаа хүйсээр сөөлжих учраас эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнд эхний 10-т жагсах боломж гарах юм. Мөн намаасаа тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх “виз” олж авахын тулд эрх мэдэл хэрэгтэй. Ингэж чадвал намын дарга, удирдлагатайгаа өнөөх “виз”-тэй 38 эмэгтэйн тоонд өөрийн хүмүүсээс багтаах квот олж авах “хэлэлцээ” хийж ч болно. Энэ бүхэн нь АЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг үнэд оруулж байна.
Улстөрч бүсгүйчүүд нам харгалзалгүй нэгдэж ажиллах тухай байнга ярьдаг. Сонгуулийн тухай хуульд хүйсийн квотыг батлахын өмнөхөн ч намуудын төлөөлөл болсон эмэгтэйчүүд “Хамтарч ажиллая, эвтэй байя. Аль болох эмэгтэйчүүдийн өрсөлдөх тойргийг давхцуулахгүй ажиллая” гэх мэтээр ярьж байв. Гэтэл квотыг хуульчилсны дараа байдал бага зэрэг өөрчлөгдөх гээд байх шиг. Өнгөрсөн жилүүдэд эмэгтэй улстөрчид хангалттай бэлтгэгдсэн, энэ удаа жагсаалтаар ч, тойргоос ч өрсөлдөх боломж нь илүү нэмэгдсэн. Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой тодорхой заалтуудыг ч хуульчилсан. Зориг нь, санхүү нь дутаад байснаас биш, сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн тоо хангалттай байсаар иржээ. Тийм ч учраас одоо тоо нь олдоод, ийнхүү нэр дэвших эрх авах 38 эмэгтэйн нэг болохын төлөөх тэмцэл өрнөөд эхлэв үү. АН дотроо хоёр жил гаруйн турш хагаралдсаны эцэст арай гэж нэг дээвэр дороо ороод байна. Гэвч эрх ашгийн зөрчилтэй, олон фракцтай учраас энэ мэт асуудал цөөнгүй гарах нь. Намын дарга нь, мөн шинээр сонгогдох АЭХ-ны тэргүүн нь ч фракцуудынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүй, тэнцвэр барин ажиллах үүрэгтэй. Сонгууль хаяанд ирсэн үед эв эеэ хичээх нь л энэ намд сэхээнээс гарах гол хөзөр нь болно.