-Сайд, Ажлын албаныхнаасаа “цэвэрлэгээ”-г эхлэх нь шударга ёсонд нийцнэ-
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхээ удаа дараа илэрхийлж, 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “цагаан захтнууд”-ын өдүүлдэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдууд, агентлагуудын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон нь өнгөрсөн хоёрдугаар сарын үйл явдал. Энэ хүрээнд 5Ш хэмээн нэрийдсэн ажиллагаанууд хэрэгжүүлж буй билээ. Тэдний нэг болох “Шүгэл” ажиллагааны хүрээнд Засгийн газрын олон тусгай сангийн мэдээлэл ил болсон ч төсвийн, татвар төлөгчдийн хөрөнгөөс авчихаад буцаан төлж буй хүмүүс хэд байгаа нь өнөөг хүртэл тодорхойгүй. Төсвийн мөнгө уйлдаггүй болохоор зээлдэгч нар ширэн нүүрлэсээр байгаа гэхэд хилсдэхгүй.
“Шувуу” гэх ажиллагаагаар гадаад руу оргон зугтсан эрүүгийн хэрэгт холбогдогчдыг эх оронд нь авчирч, хариуцлага хүлээлгэхээр болсон ч төдийлөн үр дүнд хүрээгүй л байна. Т.Бадамжунайгаас өөр олны анхаарал татсан “шувуу” авчирч чадаагүй байгаа тул мөн л хагас жилийн хугацаа төдийлөн үр дүнгүй өнгөрлөө гэхэд болно. Өөр бусад хэрэгт холбогдсон цөөнгүй хүн авчирсан нь үнэнтэй ч, дуулиан шуугиантай үйлдэлд холбогдсон Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, С.Төмөрбат тэргүүтэй албан тушаалтныг эх орондоо шилжүүлэн авч чадаагүй учраас олон нийт үүнийг үр дүнгүй гэж харж буй юм.
Төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа ажиллагаа бол “Шүүр” юм. Энэ нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудын хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөл бүрдүүлэх, авлига, албан тушаалын хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон хүнийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх зорилготой. Мөн төрийн албыг баяжих хэрэгсэл болгогсод, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгахад чиглэсэн энэ ажиллагаа яагаад үр дүнгүй байна вэ. АТГ-ынхан энэ оны эхний хагас жилийн тайландаа дурдсанаар “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлсэн 14 албан хаагч байсныг хяналтаар тогтоож, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандан тэднийг “Шүүр” ажиллагааны хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн” юм билээ. Уг нь Засгийн газар “Шүүр” ажиллагааг сайд нараасаа, тэдний ажлын албаныхнаас, харьяа агентлагийнхнаасаа эхэлбэл илүү шударга, “гоё” харагдана. Гэвч авлигатай тэмцэхээ “чанга дуугаар” илэрхийлсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимд “Шүүр”-т өртөх хүн сайдын өндөр сэнтийд суусаар, удаа дараа ХАСХОМ-ээ худал мэдүүлсээр байхад хариуцлага тооцохгүй байгаа учраас үр дүнгүй гэж дүгнэж болох юм.
Л.ЧИНБАТЫН УНАЖ ЯВСАН “ЛАНД КРУЙЗЕР-200”-Г САЙД ОХИН НЬ УДАА ДАРАА ХАСХОМ-ТЭЭ БҮРТГҮҮЛСЭНГҮЙ
“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар дайрч хөнөөхийг завдсан, иргэдийг малын хулгайч гэж мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн хэмээн яллагдагчаар татагдан цагдаагийн байгууллагад шалгуулж дууссан билээ. Өдгөө Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэрэгтэй танилцаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх, эсэхээ шийдвэрлэхээр болоод байгаа. “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын жолоодож иргэд, малчдыг мөргөсөн гэх, 2016 онд үйлдвэрлэсэн, мөн онд Монгол Улсад оруулж ирсэн “Ланд круйзер-200” загварын тээврийн хэрэгсэл нь охин, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн нэр дээр бүртгэлтэй. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд Ч.Номингийн нэр дээр уг машин бүртгэлтэй ч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан Л.Чинбатад холбогдох хэргийг өнгөцхөн шалгаад иргэний хариуцагчаар түүнийг таталгүй прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хүргүүлчихэж. Уг нь Иргэний хуулийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн Соёлын сайд Ч.Номинг иргэний хариуцагчаар татаж, мөргүүлсэн гэх хүмүүст учирсан хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй байхад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан үүнийг хэрэгжүүлээгүй нь хардлага төрүүлж буй юм.
Соёлын сайд Ч.Номинг “Шүүр”-дэх гол үндэслэл бол аавынх нь эзэмшиж яваад хүн дайрахыг завдсан 1559 УБЦ дугаартай “Ланд круйзер-200”-гаа ХАСХОМ-тээ үнэн зөвөөр мэдүүлээгүй явдал. Анх сайд болохдоо ч, тавдугаар сарын 31-нд олон нийтэд ил болсон 2022 оны мэдүүлэгтээ ч уг машиныг бүртгүүлээгүй нь Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Тэрбээр сайд болохдоо бүртгүүлсэн ХАСХОМ-тээ “туулах чадвар өндөр “Ланд круйзер-80”-1 хэмээсэн байгаа. Харин аавынх нь жолоодож явсан “Ланд круйзер-200” нь Ч.Номингийн нэр дээр холбогдох байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй.
Тэгвэл энэ жилийн ХАСХОМ-т “Жийп болон туулах чадвар өндөр “Ниссан патрол”, “Мерседес бенз G 55 AMG”, суудлын жижиг машин “Porsche сayenne”, “Тоёота алпард”, туулах чадвар өндөр “Ланд круйзер-80” тус бүр нэг гэж бүртгүүлсэн байгаа юм. Үүнээс үзэхэд ХАСХОМ-ээ үнэн, зөвөөр мэдүүлж АТГ-т гаргаж өгөх ёстой албан тушаалтан Соёлын сайд Ч.Номин нийтээр дагаж мөрдөх хуулийг хэрэгжүүлээгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг баримтлаагүй, зөрчсөн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүнд хариуцлага тооцох үндэслэл бүрдсэн. Гэвч нүдэн балай, чихэн дүлий байгаа учраас “Шүүр” ажиллагаа үр дүнд хүрэхгүй гэж харагдаж буй юм.
ОЮУТАН БҮСГҮЙД ХАЛДАЖ ГЭМТЭЭСЭН НЬ ТОГТООГДСОН ХУРАНДАА УОК-Т АЖИЛЛАДАГ
Эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн хүн Шадар сайд С.Амарсайханы удирддаг Улсын онцгой комисс (УОК)-ын ажлын албанд эрх бүхий албан тушаал хашиж байна.
Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа З.Баттулга цар тахлын хөл хорионы үе буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч П.Х, Б.Б, Б.Ө, Б.Ба нарыг “Нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ. Цагдаа руугаа зайлбал зайлаарай битгий онцгойн хувцас гутаагаад байгаарай” гэх мэтээр доромжилж цохин, П.Х гэх эмэгтэй сонсогчийн хамрыг хугалж гэмтээсэн хэрэгт холбогдсон юм.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сард уг хэргийг хэлэлцээд хурандаа З.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгээд 2021 оны долдугаар сарын 2-нд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан 500 000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн юм. Харин хохирогч эмэгтэйн нэхэмжилсэн 3.5 сая төгрөгийг шүүх хэлэлцэлгүй орхисон байдаг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хурандаа З.Баттулга үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байдаг. Уг нь З.Баттулгад холбогдох хэргийг 2021 оны аравдугаар сард хэлэлцээд 600 нэгжээр торгох ял оноож, бас л Өршөөлийн хуульд хамруулж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх нь дахин хэлэлцүүлэхээр буцаасан удаатай. УОК-ын ажлын албанд нь эмэгтэй хүнд хүч хэрэглэн гэмтээсэн нь удаа дараа шүүхээр тогтоогдсон хурандаа цолтой нэгэн ажиллаж буй нь “Шүүр”-т өртөх ёсгүй гэж үү. З.Баттулгын хувьд нэгэн генералын хүү бөгөөд ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал Т.Бадралын тушаалаар онцгой байдлын байгууллагад албан тушаалд томилсон байдаг.
Түүгээр ч зогсохгүй Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг ОБЕГ-т авлигын хэрэгт ял шийтгүүлсэн Д.Тогооням гэх албан тушаалтан саяхныг хүртэл ажиллаж буй гэх мэдээлэл бий. Мөн л “Шүүр”-т хамгийн түрүүнд өртөх ёстой хүн атал ийнхүү албан үүргээ гүйцэтгэсээр буй нь эл ажиллагаа үр дүнгүйг илтгэсэн бас нэг жишээ юм.
АВЛИГЫН ХЭРГИЙН ЯЛЛАГДАГЧ НАРЫГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭГҮЙ ГЭЭД АЛБАН ТУШААЛД БАЙЛГАСААР...
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч албан ажлаа хийсээр буй хүн цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяаг томиллоо. Бодвол шүүх түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй юү, эсвэл прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон уу. Ямартай ч авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулж байсан хүнийг Засгийн газар хэрэгжүүлэгч агентлагийнхаа даргаар томилчихов. Түүнийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагдан хорих тогтоол ч баталж байв. А.Нарантуяаг ариутгалын хураамжийн орлогоос албан тушаалаа урвуулж, 40 сая төгрөг завшсан, өөртөө давуу байдал бий болгосон үндэслэлээр НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байсан билээ. Магадгүй түүнд холбогдох хэргийг бага хэмжээний хохирол учруулсан гээд хэрэгсэхгүй болгосон байхыг ч үгүйсгэхгүй.
Олны анхаарал татсан эрүүгийн нэг бус үйлдэлд холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй Д.Даваацэрэнг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд багтдаг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар томилчихоод байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа 2016 онд албан тушаалаа урвуулж, тус үйлдвэрийн 69.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг 2016 онд “Медикал” ХХК-д нэг ч төгрөг авалгүйгээр 18 жилийн гэрээ байгуулан шилжүүлсэн хэрэгт холбогдсон. Үүнээс гадна гадаадад мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгуулж буй Д.Даваацэрэнг эрх бүхий албан тушаалд суулгасаар байгаа юм.
Эрх бүхий өндөр албан тушаалд ажилладаг хүн өөр ч цөөнгүй бий. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар ажиллаж буй, бригадын генерал Л.Алтангэрэлийг энд дурдаж болно. Тэрбээр ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал П.Дашийн хамт албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдан ялаас нь хасаж, гурван жил зургаан сарын хорих ял эдлэхээр болж байсан билээ. Эдгээр жишээ “Шүүр” ажиллагаа үр дүнгүй байгааг илтгэж буй.