БНХАУ-ын Шанхай хот хөгжлөөрөө цойлж байна. Тус хотод технологид суурилсан олон олон бүтээн байгуулалт хийж буй. Үүний нэг нь том оврын жолоочгүй машиныг боомтуудын хэрэглээнд оруулсан явдал юм. Монгол Хятадын сэтгүүлчид уг жолоочгүй машиныг бүтээсэн Шижин мэдээллийн технологийн компанид зочиллоо. Шижин компаниар дэлхийн том том группүүд үйлчлүүлдэг. Тухайлбал, Англи улс 200 гаруй жолоочгүй машины захиалга өгчээ.
Эхний хоёр машиныг Англид хэдийнэ туршиж байна. Мөн энэ жилдээ багтаж, 34 жолоочгүй машин нийлүүлнэ. Үлдсэнийг нь ирэх хоёр жилд Английн талд нийлүүлэхээр тохирсон гэнэ. Энгийн жолоочтой машиныг бодвол дээрх ухаалаг машин хорт утаа бага ялгаруулдаг. Тус жолоочгүй машин нь Европын холбооны CI гэрчилгээтэй аж. Хиймэл оюун ухааны хүчээр ажилладаг эл машин туршилтын гурван жилийн хугацаанд нэг ч удаа осол эндэгдэл гаргаагүй гэнэ.