УИХ-ын сонгууль жилийн дараа болно. Үүний өмнөх бэлтгэл ажилдаа намууд аль хэдийн орчихсон, парламентаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлаад байна. Тогтолцоо өөрчилсөнтэй холбоотойгоор хэнийг тойрогт, хэнийг жагсаалтаар нэр дэвшүүлэх тухай яриа улс төрийн намуудад ид өрнөж буй. Шударгаар, хуулийн хүрээнд өрсөлдөх тухай уриалга ч зэрэгцэн түгэв. Сонгуулийн сурталчилгаа, зардал байнгын хөндөх сэдэв хэвээр байна. Монголчууд 1992 оноос хойш УИХ-ын сонгуулийг найман удаа зохион байгуулж, тэр хэрээр туршлага хуримтлуулсаар явна. Эдгээр сонгуульд сурталчилгааны ямар хэв маяг ашиглаж, тэр нь хэрхэн хувьсаж ирснийг анзаарвал сонирхолтой дүр зураг бууж байгаа юм.
УРЛАГИЙН ҮНЭГҮЙ ТОГЛОЛТООС ЦАХИМ СУРТАЛЧИЛГАА ХҮРТЭЛ
1992 онд монголчууд анхны, шинэ, ардчилсан сонгуульдаа оролцсон. Тогтолцоо, цаг үе солигдож байсан тэр үед улсын хэмжээнд ганц телевиз, “Үнэн” зэрэг цөөхөн хэвлэл л байсан учраас нэр дэвшигчид иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцох хэлбэрээр сонгуулийн сурталчилгаагаа хийсэн гэхэд болно. Харин 1996 оноос улстөрчид сурталчилгаандаа урлагийнхныг оролцуулж, тойрогтоо үнэгүй тоглолт, шоу хийж эхлэв. Тэр үед ид танигдаж байсан “Камертон” хамтлагийн тоглолтыг сонгуулийн сурталчилгааны буянаар үнэгүй үзэж, “18 нас” дууг нь шимтэн сонссоноо санаж байна. Сүхбаатарын талбайд хамтлаг, дуучид томоохон тоглолт үнэгүй хийгээд л. Эрүүл мэндийн үзлэг, бэлэг сэлт, гурил, будаа тараах, ахмадуудыг амралт, сувилалд амраах зэргээр сонгуулийн сурталчилгааны үеэр бараг бүх юм үнэгүй болж, нэр дэвшигчид сонгогчдын гэрийн шалыг угаахаас ч буцахгүй болсон билээ. Сонгогч хаан, нэр дэвшигчид боол нь мэт хэдэн өдрийг өнгөрүүлдэг байв. Энэ бүхний ард санал худалдаж авах зорилго оршиж буйг туршлагагүй монгол сонгогчид эхэндээ ойлгоогүй.
Дахин гурван сонгуулийг өнгөрүүлсний дараа л “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэдгийг гадарлах болсон юм. Санал худалдаж авах ажиллагаа хэрээс хэтэрч, нэр дэвшигчид сонгогчдод бэлэн мөнгө тарааж байгаа бичлэг ч хэвлэлээр цацагдсан. Баримт нь байсаар атал өнөөх нэр дэвшигч УИХ-ын гишүүн болчихсон тохиолдол бий. Иймэрхүү булхай, буруу үйлдэл хэрээс хэтэрч эхэлсний дараа 2012 оноос сая нэг “үнэгүй” тодотголтой бүх арга хэмжээг хориглосон түүхтэй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “мөнгө, эд зүйл тараах, бараа, бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглоно” хэмээн заасан. Ингэснээр шууд байдлаар санал худалдаж авдаг оролдлогыг тодорхой хэмжээнд хязгаарласан юм. Гэвч гурван сонгууль дараалан “хөгжүүлсэн” энэ аргаасаа улстөрчид шууд салж чадаагүй. Сурталчилгаа эхлэхээс өмнө буюу сонгуулийн жил гармагц “ажлаа” хийчихээд байв.
Тэгвэл 2016 оноос сонгуулийн сурталчилгаагаа хүргэх хэлбэр уламжлалт хэвлэлээс цахим руу илүү хандах болсон байна. Фэйсбүүк, твиттер ашиглан сурталчилгаа хийх, нэргүй хаягаас өрсөлдөгчөө харлуулахаас эхлээд сошиал сүлжээний давуу, сул талыг ашиглах болов. Мөн цахим сурталчилгаатай холбоотой харилцааг хэрхэн зохицуулах нарийн заалт хуульд байхгүй, тооцох хариуцлага ч бүрхэг байсан тул хар пиар хийгчдэд сайхан завшаан болсон байдаг. 2020 оны сонгуулиар сошиалын сурталчилгаа хүчээ авсан. Дэлхий нийтээр цахимжиж буй учраас энэ төрлийн сурталчилгааг хориглох биш, нарийн зохицуулалт хийх нь чухал. Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд сурталчилгаанд цахим орчин ашиглахтай холбоотой зохицуулалт бий. Тэнд нэр дэвшигч болон нам, эвслийн тус бүр нэг, мөн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хуудастай байж болох бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногт багтаан уг хуудаснуудаа СЕХ-нд бүртгүүлнэ гэж заасан. Үүнтэй холбоотойгоор СЕХ-ноос Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам баталж ажиллажээ. Мөн сошиал сүлжээгээр улс төрийн сурталчилгаа идэвхэжсэн учраас “Мета”, “Твиттер” компанийн зүгээс ч журам, зохицуулалт гаргасан юм билээ. Манай төрийн байгууллагууд 2020 онд “Мета” компанитай анх удаа энэ чиглэлээр гэрээ байгуулан ажилласан аж.
“Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-өөс 2020 оны сонгуулийн үеэр фэйсбүүкээр явуулсан сурталчилгаанд мониторинг хийжээ. Үр дүнд нь фэйсбүүкийг сонгуулийн сурталчилгаанд маш өргөн ашигласан, ерөнхий дүр зургаар өнгө аяс эерэг, төвийг сахисан байсан гэж дүгнэсэн байна. Үүний шалтгааныг тус байгууллагаас цахим сүлжээ хэрэглэх хүмүүсийн арга барил, мэдээллийн суурь нэмэгдсэн, мөн Зөрчлийн тухай хууль баталсантай холбоотой гэж үзжээ. Тэд 2020 оны зургадугаар сарын 2-22-ны хооронд төвийн болон орон нутгийн нэг тойрогт нэр дэвшиж буй АН, МАН, гуравдагч хүчнээс тус бүр нэг, нийт есөн нэр дэвшигчийг санамсаргүй аргаар сонгон, сурталчилгааны агуулгад нь дүн шинжилгээ хийсэн аж. Нэр дэвшигчид хоногт дунджаар 3-13 пост оруулсны ихэнх нь эерэг, төвийг сахисан агуулгатай, өөрийнхөө танилцуулга, хийсэн ажлаа оруулсан байжээ. Мөн нийт постын 90 хувийг төлбөртэйгөөр түгээсэн бөгөөд дунджаар нэг постод 50-100 ам.доллар төлсөн байна. Авсан сэтгэгдлийн 97 хувь нь эерэг байжээ.
Уг судалгаанаас харвал 2020 онд фэйсбүүкээр дамжуулсан сурталчилгаа 2016 оноос илүү эерэг, хар пиар багассан аж. Гэвч энэ бол СЕХ-нд бүртгүүлсэн, албан ёсны хаягт нь хийсэн судалгаа. Нэг нэр дэвшигчийн ард хэдэн ч хуурамч хаяг байж болно, үүгээрээ хар пиар хийж буй тохиолдол бүрийг хянах боломжгүй байгаа нь сул тал юм. Мөн зардал бага, цаг хэмнэж, олон хүнд түгээхээс эхлээд давуу тал бий.
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ
Сурталчилгааны хэв маягаас сонгуулийн зардал хамаарах нь нууц биш. 2020 оны сонгуулиар МАН нийт 5.4, АН 1.9 тэрбум төгрөгийн зардал гаргасан хэмээн тайландаа дурдсан байна. Сонгуулийн нийт зардлын дээд хэмжээгээр тогтоосон 5.6 тэрбум төгрөг дотроо багтсан гэсэн үг. Сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараахад МАН 600, АН 338 сая төгрөг зарцуулжээ.
Сонгуулийн сурталчилгааны хэлбэр сошиал руу шилжиж байгаа ч уламжлалт хэвлэлийн болон бусад нь алга болохгүй. Шинээр баталсан Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хугацааг 18 хоног болгож, өмнөхөөс гурван өдрөөр багасгасан юм байна. Мөн сонгуулийн зардлыг багасгахын тулд хэвлэмэл сонин, сэтгүүлийн хуудсыг 30, зурагт самбарыг 70 хувиар бууруулахаар тусгасан гэнэ. Нийтийн гудамж, талбайд байрлуулах самбарын тоог цөөлөх нь мэдээж зөв. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд манай хот, улс эрээн самбар, инээд алдсан хүмүүсийн зургаар дүүрдэг. Самбарын загвар, стандарт ямар ч байж болохоор хуульд тусгасан учир өөр өөрийнхөөрөө “гоё” хийлгэдэг байх. Гэхдээ энэ нь мэдээлэл авч, нэр дэвшигчдээ нүдэлнэ гэхээс илүү энд тэнд хог болж хөглөрдөг болсныг улстөрчид ойлгож байгаа болов уу. Үүний оронд нэг тойрогт өрсөлдөж буй бүх намын нэр дэвшигчийн зураг, товч танилцуулгыг нэгдсэн байдлаар байрлуулах нь зөв гэдэг саналыг судлаачид байнга хэлдэг. Тухайн сонгуулийн тойрогт тодорхой хэдхэн газарт ийм нэгдсэн, жижиг самбар байрлуулчихвал сонгогчид нэг дороос цогц мэдээлэл авчихна, хэдэн зуун сая төгрөгийн зардал ч хэмнэх юм. Тухайлбал, БНСУ-д энэ аргыг хэрэглэдэг юм билээ.
Сонгуулийн сурталчилгааны хэв маяг энтертайнмент хэлбэрээс цахим руу шилжихийн хэрээр бид суралцаж, улс төрийн намууд төлөвших гэж хичээж байна. Нэр дэвшигчид өрсөлдөгчөө илт харлуулдаг байдал багасаж, соёлтой өрсөлдөх оролдлого хийж эхэлснийг судалгаа харуулж буй юм. Ялангуяа шинэ цагийн залуусаас багаа бүрдүүлсэн намууд сонгуулийн сурталчилгааг цомхон, зардал бага, цогц мэдээлэлтэйгээр явуулахад анхаарч, “ах” нартаа үлгэр дуурайл үзүүлнэ гэсэн хүлээлт бий.