Ойн аж ахуйн инженер, доктор, профессор, байгаль орчны гавьяат ажилтан Д.Энхсайхантай ярилцлаа. Тэтгэвэрт гараад нэлээд хэдэн жил болсон ч хүмүүс түүнийг ер зүгээр суулгадаггүй юм билээ. Аймаг, сумынхан, төслийнхөн, “Тэрбум мод” хөдөлгөөнийхөн ч залж, зөвлөгөө авсаар. Ийм нэгэн “Төрд хэрэгтэй зайран”-гаас сонин сайхан ихийг сонслоо.
-Та их завгүй байх юм. Саяхан зүүн аймгуудад ямар ажил амжуулаад ирэв?
-Сүүлийн арав гаруй хоногт Дорнод, Хэнтий аймагт тал хээрийн бүсийг хамгаалах, нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлж буй багийнхантай ажиллалаа. Газар хашиж хамгаалах, түүнийгээ моджуулж, бургасжуулан, цэвэрлэж, ойжуулах ажил хэрхэн хийх талаар зөвлөгөө өгсөн юм. Газар дээр нь 100 гаруй хүнийг дадлагажууллаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын(FAO) шугамаар хэрэгжүүлж буй төсөл. Одоо удахгүй дахин тийшээ очно. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл “Хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд Ховд, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн татмын ой судлах ажилд оролцсон. Монгол орны татмын ой буюу гол мөрний дагуу ургаж байгаа бургасан, улиасан шугуй, Завхан, Увсын чиглэл дэх гацууран ойн ерөнхий төлөв байдлыг судалж, үр дүнг нь гаргаж өглөө.
-Үр дүн юу харуулав?
-Татмын ойтой холбоотой асуудлуудыг 1990 оноос хойш хаячихсан шигээ зөнд нь орхиж болохгүй, анхаарал илүүтэй хандуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дээхэн бол бургасан шугуйд юм нэлээд хийдэг байлаа. Сүүлийн үед зогсонги байдалд орсон байсан. Харин хоёр, гурван жилийн өмнөөс олон улсын төсөл, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ажил эрчимжих шинжтэй байна. Цаашид гол, мөрний усыг тогтвортой, хэвийн нөхцөлд нь байлгах гол ажил бол татмын ойд ургаж байгаа модыг хамгаалах, тарьж ургуулах, нөхөн сэргээх юм. Монгол орны Хэрлэн, Орхон, Онон, Сэлэнгэ, Туул, Тэс, Ховд, Завхан гэсэн том болон томоохон голуудын дагуух ой ерөнхийдөө хөгширчээ. Маш их хатаж, төлөв байдал нь доройтож. Мод цөөрч, маш шигүү байсан бургас шингэрсэн байна. Муудсан нь эрүүл модондоо янз бүрийн өвчин тараасан байдалтай. Ний нуугүй хэлэхэд Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон голын дагуух бургасан шугуй үндсэндээ сөнөх тийшээ болжээ. Ойн түймэр, хортон, хүний буруу үйл ажиллагаанаас болсон байна. Залуу моднуудын сэргэн ургах чадвар муу болжээ. Тиймээс энэ ойнуудыг хамгаалж, нөхөн сэргээж, ойжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зайлшгүй шаардлага тулгамдаж байна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт байдаг Ойн генетикийн нөөцийн төвийнхөн судалгаа, цэвэрлэгээ, тарьж ургуулах ажилдаа биднээс бас зөвлөгөө авсан.
-Та ийм ажил олон жил хийж байна уу?
-1983 оноос хойш хийлээ. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймагт бургас хамгаалах, нөхөн тарих чиглэлд судалж, ажиллаад, энэ сэдвээрээ эрдмийн зэрэг хамгаалсан юм. Олон жил өнгөрчээ. Одоо БОАЖЯ олон улсын байгууллагуудтай хамтраад ажиллаж эхэлж буй юм байна гэж ойлгоод, сэтгэл жаахан өег байх болсон.
-Ой гэж ууланд ургасан модыг хэлдэг л гэж ойлгодог байлаа.
-Том гол, мөрний дагуу ургаж байгаа ойг татмын гэдэг. Энэ ойд бургасан, улиасан шугуй, гацууран ой багтдаг. Одоо дэлхий нийтэд энэ ойг анхаарч, хамгаалах ёстой гэх болсон. Зөвхөн уулын мод, ойг хамгаалснаар экосистемийн бүрэн бүтэн байдлыг хангах боломжгүй гэж дэлхийн эрдэмтэд үзэж байна.
-Татмын ой хэр хурдан сэргэдэг вэ?
-Бургас, улиас нь навчит мод учраас хурдан ургадаг. Тариад хашчихвал гурваас дөрвөн жилд ургачихна. Тийм болохоор жилд ядаж 100-200 га талбайд тариад байх юм бол хэрэгтэй. Мал, амьтан орохгүй, хүмүүс хайрлаад, хөндөж, гэмтээхгүй бол дорхноо ургана.
-Хүний буруу үйл ажиллагаа гэж айхавтар “дайсан” байх юм аа.
-Тийм ээ. 1990 оноос хойш татмын ойг хүмүүс л цөлмөсөн. Хугалж, түлж, машинаар дайрч сүйтгэж байлаа шүү дээ. Хог хаяна. Хогон доторх янз бүрийн бактери, жижиг хорхой, шавж эрүүл модыг өвчлүүлэхээр бургас, улиас аль аль нь цайраад төрхөө алддаг. Бас манай улсад бургасны цагаан эрвээхэй, бөөс бий. Тэдгээрийг арилгах ёстой. 1990 оны эхэн хүртэл Орхон, Сэлэнгийн дагуу маш их ариутгаж байлаа.
Яривал сонирхолтой байх юм болов уу. Би 1983 оноос яагаад энэ чиглэлд ажиллах болсноо хэлье л дээ. Тухайн үед Баян-Өлгий аймгийнхан жилд 100 гаруй гэрийн модыг Ховд голын дагуух ойгоос авдаг байв. Ерөнхий судалгаагаар 40 гаруй жил унь, хана хийх мод авснаар Ховд голын дагуух бургасан шугуй нөөцгүй болохдоо тулаад байв. Тэр үед төр, засгийн зүгээс шугуйг хамгаалахын сацуу иргэдийн гэрийн мод бэлтгэх ажлыг нь яаж дэмжих вэ гэдэгт анхаарч ажилла гэсэн даалгаврыг манай Ой, ан судлалын хүрээлэнд өгчээ. Эрдэм шинжилгээний ажил хийхээр томилогдсон хүмүүсийн нэг нь би байлаа. Ингээд Сагсай, Баяннуур, Толбо зэрэг сумд 200 га газарт үйлдвэрлэлийн плантац буюу их ургамлын талбайд зөвхөн гэрийн хана, унь хийхэд зориулсан бургас ургуулсан юм. Арваад жилд маш ихээр ургаж, үйлдвэрлэгчид тэндээс мод авдаг болсон. Бид тэр талбайд ажиллахаас гадна бусад газрыг ч ойжуулсан.
-Энэ ажлынхаа үр дүнгээр эрдмийн зэрэг хамгаалсан байх нь. Сэдэв нь юу байсан бэ?
-Тэгсэн. “Монгол орны нөхцөлд бургас ургуулах агротехник” сэдвээр хамгаалсан. Ингэж бургастай холбогдсон түүхтэй. Төсөл хэрэгжүүлэгчид, “Тэрбум мод” хөдөлгөөнийхөн ч гэсэн энэ чиглэлээр ажиллаж байсан мэргэжилтэн хайснаар намайг олсон гэнэ. Судалгаа хийлгэж байна. Би ч дуртай байгаа. Хүмүүс “Та тэтгэвэртээ суудаггүй юм уу” гэдэг юм. Тэгэхээр нь “Би тэтгэвэрт гараагүй шүү дээ” гэдэг юм (инээв). Монгол орон өргөн уудам хэрээр ажил гэж тоймгүй их байна даа.
-Ойн аж ахуйн инженер мэргэжилтэй хүний хэрэг улсад их байна гэж харж байна.
-Ийм мэргэжилтэй хүн ой модыг зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга, аргачлалыг зааж өгөх ажил хийдэг. Ямар модыг хаана, ямар аргаар тарих юм гээд бүхнийг шийддэг. Мөн ойг хортноос, түймрээс хамгаалах, арчилгаа, цэвэрлэгээ хийх арга, аргачлалыг газар дээр нь иж бүрэн, онолын үндэслэлтэй заадаг. Тэгэхээр их хэрэгтэй хүмүүс байгаа биз.
-Манай улсад хэр олон инженер бий вэ?
-ХААДС-д 1962 оноос ойн аж ахуйн инженерээр сургаж, мэргэжил эзэмшүүлж эхэлсэн. 1987 он хүртэлх хугацаанд жилд 10-30 оюутан төгсгөдөг байв. Үүнээс хойш энэ мэргэжлийн сургалтыг МУИС-д хариуцуулснаар ой зүйч гэж бэлтгэдэг болсон. Дараа нь 2000 он гарснаар ХААДС дахиад ойн аж ахуйн инженерээр сургаж эхэлсэн. Түрүү жил ойн аж ахуйн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг ХААИС тэмдэглэх үед нийт 1000-аад мэргэжилтэн бэлтгэсэн юм байна гэсэн мэдээлэл өгч байна лээ. Гэтэл одоо ажиллах залуучууд цөөн байна. Харин “Тэрбум мод” хөдөлгөөн эхлүүлснээс хойш энэ мэргэжлийг сонгох сонирхол нэмэгдсэн байна лээ.
-Сонирхож буй нь суралцаж, төгсөөд, туршлагатай мэргэжилтэн болох хүртэл хугацаа нэлээд орох нь. Одоо байгаа боловсон хүчний нөөцийг шинээр зохион байгуулж Монгол орныхоо ойг хамгаалж, нөхөн сэргээх ажилд дайчилбал хожих юм шиг.
-Аль хэдийн өөр, өөр ажил хийгээд, учраа олчихсон хүмүүсийг буцааж цуглуулна гэдэг хэцүү байх. Ажиллах нөхцөл, цалин тохирохгүй юм шиг байна лээ. Ой зүйчид бол судалгаа талд давамгай ажиллах гэдэг. Уг нь тэднийг ойн аж ахуйн ажилд оролцуулбал сайн ч үнэнийг хэлэхэд ажлын байр ховор. Өөрөөр хэлбэл, орон тоо байхгүй. Дээхэн бол аймаг бүрт бүрэлдэхүүн сайтай ой, агнуурын аж ахуй, говийн зургаан аймагт бол анги байсныг хувьчилснаар эд хөрөнгө нь үрэгдэж, боловсон хүчин нь тарж сарнисан. Одоо бол аймаг болгонд гурван л ажилтан байдаг. Тэгээд болоогүй дарга нь ямар ч мэргэжлийн хамаагүй хүн байх нь элбэг. Тэгэхээр тэр хүн ой хамгаалах, нөхөн сэргээх ажил яаж явуулах вэ. Харин даргархаж бол чадна. Бас байгаль хамгаалагч хаанаа ч хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс төр, засгаас байгаа багахан ойгоо хамгаалъя, нөхөн сэргээе гэвэл хүний нөөц, орон тоо, менежментдээ сайтар анхаарах хэрэгтэй байна.