Улс төрд “шуурга”-тай байна. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй Сонгуулийн тухай хуулийг нийцүүлэхэд 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн учраас УИХ-ын гишүүд ханцуй шамлан ажиллаж буй юм. Сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд хуульд өөрчлөлт оруулах хориотой тул ийнхүү яарах болсон хэрэг. Үүнтэй зэрэгцээд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат олж авах, мөнгөтэй, “буурьтай” зарим нь жагсаалтын дээгүүр нэрээ бичүүлэх зэрэг “марафон” намуудын дотоодод аль хэдийн өрнөөд эхэлчихсэн, улстөрчид амьсгаа дээгүүр гүйлдэж байна. Нөгөө талд нь сонгогчид яагаад 126 гишүүн сонгох болсноо гүйцэд ойлголгүй үлдэв.
...НҮБ-ын баталсан баримт бичиг түлхээс болж байж, 2011 онд Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгон баталсныг эдүгээ хэрэгжүүлж байна. Гэвч 23 жил өнгөрөөд байхад бүрэн үр дүнд хүрч амжаагүй явна. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж буй энэ мөчид УИХ-ын эрхэм гишүүд, ажлын хэсгийн хэнд олон улсад хүлээсэн уг амлалтыг ахин нэг сануулъя...
Эрх баригчид тэднийг “төөрүүлж” байгаад л Үндсэн хуульдаа яаравчлан өөрчлөлт оруулчихсан гэхэд болно. Гэхдээ галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Хамгийн гол нь Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах явцдаа хувийн, намын эрх ашгаас гадна Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, нэр хүнд гэдэг маш чухал зүйл байгааг мартаж болохгүй.
30 ХУВИЙН КВОТЫГ 25 БОЛГОЖ БУУРУУЛАХ УУ
2024 оноос УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 78 гишүүнийг мажоритар, 48-ыг нь пропорциональ хэлбэрээр сонгоно. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна, намын жагсаалтад 1:1 буюу эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжилж байршуулна хэмээн тусгачихаад буй. Гэхдээ бүсгүйчүүдэд олгох 30 хувийн квотыг хэлэлцүүлгийн явцад хассаар 20 дээр буулгачихдаг “жишиг”-ийг 2004 оноос хойших парламентын эрэгтэй гишүүд тогтоочихоод байгаа. Төрийн ордонд өчигдөр хуралдсан Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн ч энэ жишгээ дагахаар “хор найруулж” эхэлсэн бололтой. 30 хувийн квотыг 25 болгож бууруулъя, намын жагсаалтад 1:1 биш, 3:1 буюу гурван эрэгтэйн араас нэг эмэгтэй нэр дэвшигч оруулъя гэсэн санал зүтгүүлж эхэлсэн тухай сураг дуулдав.
Олонхоороо түрж, намын, хувийн эрх ашгаа бодсон “жижигхэн” улс төр хийх гэж хичээж буй энэ үед эмэгтэй улстөрчид, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй дуугарах ёстой юм. Гэвч манай эмэгтэй гишүүд “хэлд орохгүй” байсаар бүрэн эрхээ дуусгах нь.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ БИДЭНД БИЙ
Уг нь шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш эрхийг хангах үүргийг Монгол Улс 2000 онд дэлхийн өмнө хүлээчихсэн юм. НҮБ-аас 2000 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтод манай улс нэгдэж, 2015 он гэхэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь хүргэх амлалт өгсөн. 2000-2015 онд хэрэгжсэн уг зорилтын хүрээнд манай парламент зарим нэг оролдлого, хагас дутуу үйлдэл хийсэн байдаг.
2005 онд УИХ-аас анх удаа Сонгуулийн тухай хуулийн 28.2-т “Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байна” гэсэн заалт оруулан баталсан түүх бий. Гэвч 2007 оны арванхоёрдугаар сарын 26-нд энэ заалтаа цуцалж орхисон. Яг хэрэгжүүлэх болоход бүсгүйчүүдэд өрсөлдөх боломж өгмөөргүй санагдсан, бас тэднээс жийрхсэн байх нь. 2008 оны УИХ-ын сонгуулиар бор зүрхээрээ өрсөлдсөн гурван эмэгтэй сонгогдсон нь парламентын 3.9 хувийг бүрдүүлж байв. Хожим 2011 онд Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгон баталж, эдүгээ хэрэгжүүлж байна. Мянганы хөгжлийн зорилтод тусгасан босгонд хүрээгүй ч эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгож хуульчлахын тулд их зам туулсныг бид мэднэ. НҮБ-ын баталсан баримт бичиг ийнхүү түлхээс болж байж, бүсгүйчүүдэд олдсон 20 хувийн квотын дүнд 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй парламентад сонгогдсон билээ.
2015 онд НҮБ-ын гишүүн 193 орны Төрийн тэргүүн Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл болгож “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөр баталсан. Уг зорилтын тавдугаарт тусгасан ёсоор жендерийн тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд 30 хувь хүргэх үүргийг Монгол Улс ч хүлээсэн юм. 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэх учиртай уг хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бидэнд долоон жил үлдээд байна. Тус бүртээ 15 жилийн хугацаатай баталсан энэхүү хоёр зорилтын дагуу Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгож нэмэх ёстой. Гэвч 23 жил өнгөрөөд байхад бүрэн үр дүнд хүрч амжаагүй явна. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж буй энэ мөчид УИХ-ын эрхэм гишүүд, ажлын хэсгийнхэнд олон улсад хүлээсэн уг амлалтыг ахин нэг сануулъя.
СЭТГЭЛГЭЭНИЙ ГАЦАА
Монгол Улсын парламентад эмэгтэйчүүд өнөөдөр 17 хувийг эзэлж, дэлхийд 133 дугаарт эрэмбэлэгдэж буй. Ази тивд парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2023 оны байдлаар 21, дэлхийн дундаж нь 26.5 байна. Хэрэв одоо Сонгуулийн хуулийн төсөлд оруулсан 30 хувийн квот, намын жагсаалтад 1:1-ээр сөөлжлөх тухай саналаасаа ухарвал 2030 онд бид олон улсад ямар тайлан тавих вэ. Ахин нэг сонгууль болно, тэр үед нь л 30 хувь болгочихъё гээ эд хойш суухуу. Тоо тавиад л бүх юм болчихдог байсан бол өөр. Гэтэл эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлснээр УИХ-аас гаргах шийдвэр илүү чанаржиж, хөрсөн дээр буухаас эхлээд улс орны хөгжилд хүйсийн тэнцвэр чухал үүрэгтэй. Үр дүнгээ үзэхэд хугацаа хэрэгтэй.
Үнэндээ 2000 оноос хойш 20 гаруй жилийн турш шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх тухай хоосон ярьж, цаасан дээр бичиж, батлахдаа хассаар иржээ. Яагаад эмэгтэйчүүдэд тусгайлан квот олгох ёстой, тэдний үүрэг оролцоо юунд хэрэгтэй тухай олон судалгаа байдаг. Тухайлбал, эмэгтэй гишүүн олон сонгогдох тусам авлигын түвшин буурдаг, тэд гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудалд эрэгтэй улстөрчдөөс илүү анхаардаг, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгддэг нь судалгааны үр дүнгээс харагддаг аж. Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш эрхийг хангах нь хөгжлийн тулгуур гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, ажил хэрэг болгон үр дүнг нь үзээд 20 гаруй жил болж байна. Гэтэл Монголын улстөрчид л хөмөрсөн тогооноосоо ч өндийх чадалгүй, жижиг эрх ашгийнхаа төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь харамсмаар, бас өрөвдмөөр. Тэдний сэтгэлгээ 2000 ондоо гацаж орхижээ. Олон улсын судалгаа, харагдаж буй бодит үр дүнг ч тэд хүлээн зөвшөөрөхийг, ойлгохыг хүсэхгүй байна.
Квот тогтоохоор түүнд хүрч нэр дэвших эмэгтэйчүүд хангалттай биш гэсэн болхи тайлбарыг олон жил хэллээ. Боловсролтой, чадварлаг эмэгтэй олон бий. Тэдэнд тэгш гараанаас өрсөлдөх боломжийг нь квотоор олгоно. Мөнгө хөрөнгөөр биш, чадвараараа өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд олгож буй квотоос эрчүүд айх учиргүй. Гэтэл квотыг нэмэх тухай яриа гарах бүрт доош нь буулгах, яаж өөрсдөдөө давуу тал олох арга тал хайж буй нь ингэж ойлгоход хүргэж байна.
Төлөөллийн чанарыг хэмжих гол зүйл нь квот гэдгийг ойлгож, энэ удаа тулга тойрсон биш, том улс төр хийж, олон улсад хүлээсэн үүргээ биелүүлбэл бид бүгдээрээ хожно.