Энэ сарын 28-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Режеп Эрдоан ялсныг Туркийн сонгуулийн дээд зөвлөл албан ёсоор зарлалаа. Ингээд Эрдоан дахин таван жил Туркийн төрийг тэргүүлэхээр болов. Сонгуулийн дээд зөвлөлийн дарга Ахмет Йенерийн мэдэгдсэнээр Эрдоан 52.1, өрсөлдөгч Кылычдароглу нь 47.8 хувийн санал авчээ. Кылычдароглу “Сүүлийн жилүүдийн хамгийн шударга бус сонгууль боллоо” гэж мэдэгдээд Эрдоаны дэглэмийн эсрэг тэмцлийг удирдахаа амлав. Тэрбээр өөрийгөө илт ялагдсан гэж үзэхгүй байгаа бөгөөд “Миний хамгийн их гуниг улс орныг минь хүлээж буй бэрхшээлтэй холбоотой” гэж хэлсэн байна.
Тэгвэл Эрдоан ялалтыг нь зарласны дараа дэмжигчиддээ хандаж хэлсэн үгэндээ “Цорын ганц ялагч нь Турк улс, 85 сая иргэн” хэмээн онцолжээ. Гэхдээ энд нэг бодолцох юм байгаа нь сонгуулийн эцсийн дүнг маргааш албан ёсоор зарлах бөгөөд саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй, хоёр өрсөлдөгчийн авсан дэмжлэгийн талаарх мэдээлэл зарим нэг зөрүүтэй байгаа ч Режеп Эрдоаныг нь ялсан гэж үзэж болохоор байгаа нь Төрийн мэдлийн мэдээллийн “Anadolu” агентлагийн уламжилснаас харагдаж буйюм. Уг агентлаг Эрдоаныг 56.4, Кылычдарголуг 43.6 хувийн санал авсан гэж мэдээлжээ.
Германы DW агентлагийн тусгай сурвалжлагч Ая Ибрагим энэ сонгуультай холбогдуулж хэлэхдээ, Эрдоан Турк улсдаа асар их нэр хүндтэй хэвээр байна. Одоогийн Ерөнхийлөгч маань улс орондоо хөгжил дэвшил авчирч, эрүүлийг хамгаалах тогтолцоог сайжруулсан гэж түүнийг дэмжигчид үзэж байна гэсэн аж. Тэгвэл сонгуулийн ажиглагчид руу дайрсан гэж сөрөг хүчний нам мэдээлэв. Ардын БНН хэмээх улс төрийн сөрөг хүчний орлогч дарга Озгур Озел сонгуулийн хэсгүүдэд ийм үйлдэл гарсан гэж хэлжээ. Түүнийхээр бол зүүн өмнөд нутгийн нэгэн тосгонд санал хураах үеэр зөрчил гарсныг эсэргүүцсэний төлөө Ардын БНН-ын ажиглагчдыг зодож, харилцах утсыг нь эвдсэн гэнэ.
Эрдоан санал өгөх үеэрээ энэ сонгууль манай улс, ард түмэнд ашигтай байгаасай хэмээн би бурханд залбирч байна гэж хэлсэн байна. Өрсөлдөгч Кемаль Кылычдароглу нь болохоор Эрдоаны тэргүүлсэн Засгийн газрыг “ганцаар захирах дэглэм” гэж нэрлээд, түүнээс салахын тулд өөрийнх нь төлөө саналаа өгөхийг сонгогчдод уриалсан аж. Энэ сонгууль маш төвөгтэй нөхцөлд болж байгаа болохоор саналын хуудас хийж буй хайрцгийг хамгаалахыг дэмжигчдээсээ хүсжээ.
Сонгуулийн комиссын дарга Ахмет Йенерийн хэлснээс үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүн нэгдүгээр шатны санал хураалтаас өмнө тодорхой болох ёстой байсан. Сонгууль ямар нэг зөрчил, маргаангүй боллоо гэж тэр үзжээ.
Сонгуульд оролцох хүмүүсийн идэвх чухал болохыг хоёр нэр дэвшигч онцолж байв. Эхний санал хураалтад сонгогчдын 87 гаруй хувь нь оролцсон гэнэ. Эрдоан сурталчилгаандаа “залгамж чанар”-ыг онцолж, нам нь Парламентад дийлэнх олонх байгаа нь гол найдвар гэж үзэж байсныг DW-ийн Истанбул дахь сурвалжлагч Дориан Жонс тэмдэглэжээ. Гол өрсөлдөгч Кылычдароглу сөрөг хүчний зургаан намын эвлээс нэрээ дэвшүүлсэн юм. Хэт барууны үзэлт нэр дэвшигч Синан Огин эхний шатанд ердөө таван хувийн санал авчээ. Тэгэхдээ тэрбээр өөрийн авсан саналыг Кылычдароглу ялахад нэмэр болно гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, дэмжигчдээ сөрөг хүчнээс нэр дэвшигчид саналаа өгөхийг уриалах нь тодорхой байсан гэсэн үг.
Хоёрдугаар шатны санал хураалт тавдугаар сарын 28-ны ням гаргийн08.00-17.00 цагт болов. 2003 оноос Туркийн Ерөнхий сайд, 2014 оноос Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Режеп Эрдоан энэ сонгуульд ялах магадлал эхнээсээ л илүүтэй гэж үзэж байв. Тэрбээр эхний шатанд ялахад цөөн санал дутсаныг бид мэднэ.
Стокхолмын их сургуулийн Турк судлалын хүрээлэнгийн судлаач хатагтай Серен Сельвин Коркмаз “Турк бол ганц хүний захиргаатай улс. Энд сонгууль тогтмол болдог ч намуудын хоорондох өрсөлдөөн шударга байдаггүй. Сонгуулийн өмнөх бүхий л үйл ажиллагаанд Засгийн газар нь төрийн хэрэгслийг ашиглаж, хараат бус гэгддэг шүүхийн байгууллагыг нь ч төрийн ажилтнууд хянаж байдаг” гэж хэлж байжээ. Тэгэхдээ сонгууль явуулах журмыг өнгөрсөн онд л Засгийн газарт ашигтай болгож өөрчилсөн аж. Коркмазын хэлснээс үзвэл Туркийн Засгийн газар өөрийн давуу байдлыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ч харуулдаг байна. Сонгуулийн эхний шатанд ялимгүй илүү санал авахад нь нөлөөлсөн Эрдоаны зарим стратегийг Коркмазын тоочсоноос үзвэл төвийг сахих байр суурийг хөхиүлэн дэмжиж, өөр үзэл бодолтныг шийтгэж, улс орондоо тогтвортой байдлыг хангаж чадах цор ганц нэр дэвшигч нь гэж өөрийгөө сурталчлахад Засгийн газрыг дэмждэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашигласан гэнэ. Эдийн засгийн хямрал Эрдоанд сөргөөр нөлөөлж, түүний зарим дэмжигчийн урам хугарч байсныг энэ сэтгүүлч бас анзаарчээ.
Исламын шашны үнэнч “шавь” Эрдоан 2001 онд өөрийн Шударга ёс, хөгжлийн намыг байгуулсан юм. Нэг жилийн дараа л энэ нам Парламентад үнэмлэхүй олонх суудалтай болчихсон. Үүнээс хойш Эрдоан сонгуульд ялагдаж үзээгүй, ялах бүртээ өөрийн засаглалыг бэхжүүлэх шинэ арга замыг олсоор ирэв. Тэрбээр 2017 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалыг хуульчилж, эцэст нь, намын дарга, Ерөнхийлөгчийн суудлыг нэгэн зэрэг эзэлсэн юм.
Сонгуульд өрсөлдсөн Кемаль Кылычдароглу Турк улсыг үндэслэгч гэгддэг Мустафа Кемаль Ататюркийн Ардын БНН-ын даргын хувьд гүнзгий хуваагдсан Туркийн нийгмийг нэгтгэхийн төлөө тэмцэгч аж. Тэрбээр Парламентын тогтолцоог сэргээхээр амлаж байв. Сонгуулийн эхний шатны дүнд урам нь хугарч, сөрөг хүчин хатуу чанга бодлого баримтлах нь зүйтэй юм байна гэх бодолтой болов уу гэлтэй, түүний хэлэх үг, хийх үйлдэл нь урьдынхаасаа арай л ширүүн, эрс байх болж. Дүрвэгчдийг шүүмжлээд, бүр “хараасан” удаатай.
Эрдоаныг шүүмжлэгчид сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилж, инфляцыг урьд өмнө нь үзэгдээгүй өндөр хэмжээнд хүргэсэн хэмээн зэмлэж байлаа. Тоймч Петр Акоповын дүгнэж буйгаар өнгөц харвал Туркийн нийгэм үнэхээр үзэл бодол, шашин шүтлэгээрээ төдийгүй хот, хөдөөгөөрөө ч хуваагдмал болжээ. Тэгвэл олон намын Парламентын тогтолцоотой, арми нь их нөлөөтэй засаглалыг шүтлэгтэй, үндэсний үзэлтэй олон түмэнд тулгуурласан Ерөнхийлөгчийн хүчтэй БНУ болгож өөрчилсөн хүн нь Режеп Эрдоан аж. Үндэсний үзэл ТурктЭрдоанаас өмнө байсан, чухам түүн дээр Ататюрк өөрчлөлт хийсэн байна. Эрдоан үндэсний үзэл, исламын шашин хоёрыг нэгтгэж дээр нь Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал, асар идэвхтэй гадаад бодлогыг нь нэмжээ. Тэгээд зөвхөн өөртөө ашиг олохын тулд биш, олон улсын хэмжээнд Туркийн дарах жин, нөлөөг бэхжүүлэхийн тулд Өрнөд, Орос хоёрын зөрчлийг ччадварлаг ашигласан байна. Тодруулбал, тэрбээр Туркээ хүчирхэг болгосон нь Оросын хувьд сайн үйлс байлаа. Саяны сонгуульд Эрдоан ялсан нь Орост ашигтай гэж Өрнөд үзэж буй нь санамсаргүй зүйл биш. Турк хүчирхэг байснаар Өрнөдийн хавсарга хамсаатан болохгүй. Турк бол хэт үндсэрхэг, хэт шашинлаг, хэт их гүрний шинж чанартай улс юм. Онолын үүднээс биеэ даасан Турк Оростой зөрчилдөхөд нь Өрнөдийн холбоотон болж болох ч хүчирхэг, үндэстнээ гэсэн бодолтой Турк өөр шигээ хүчтэй, үндэстнээ гэдэг Оростой хэл амаа ололцохыг илүүд үзэхийг дэлхий дахины үйл явцын хөгжил, хөдөлгөөн харуулж байна. Өрнөд мэдээж Оросын эсрэг Туркийг ашиглахыг хүсэх ч хариуд нь Анкарад санал болгох юм түүнд байхгүй юм.
Ямар ч тохиолдолд Эрдоан Оросын найз биш, бас дайсан нь биш. Гол нь тэрбээр дэлхий дахинд болж буй бодит үйл явдлыг ойлгож өөрөө түүнд идэвхтэй оролцдог. Тиймээс Кылычдароглу Оросын эсрэг хөзрөөр хожил авахаар өрсөлдөж Турк улс НАТО-гийн гишүүний хувьд Оросын эсрэг хоригт нэгдэх ёстой гэж хоёр дахь шатны санал хураалтын өмнө мэдэгдсэн бол Эрдоан түүнийг их улс төрийг, Туркийн эрх ашгийг ойлгохгүй байна хэмээн зэмлэсэн юм хэмээн Петр Акопов бичсэн байна.
Ийнхүү Режеп Тайип Эрдоаны сүүлчийн таван жилийн засаглал эхний хуудсаа нээлээ. 2028 онд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, зууны дөрөвний нэгийг эзэлсэн түүний засаглал дуусна. Гэхдээ түүний эрин төгсгөл болохгүй, эрх баригч намын даргын хувиар Турктээ нөлөө бүхий хүн байх биз. Түүнд халаагаа өгсөн Туркийн хоёр дахь Ерөнхийлөгч агсан Исмет Инёню 89 насандаа хорвоог орхитлоо намаа удирдсан гэдэг.