Манай улсын соёл урлагийн салбар, тэр дундаа утга зохиолынчиглэлд Цэнд овогтой Дамдинсүрэн хэмээх бичгийн хоёрих хүмүүнажиллаж, хөдөлмөрлөж, оюуны өвөө өнөөгийн бидэнд үлдээсэн байдаг. Нэг нь эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, эдүгээгийн монгол хэл, бичгийн дүрмийг зохиосон гэсэн нэг л үйлсийг нь дурдахад хэн болох нь ойлгогдох Ц.Дамдинсүрэн билээ. Харин нөгөөх нь олны өмнө төдийлөн гарч ирэх завгүй бичиж, туурвин, засаж, залруулан, чиглүүлж, зөвлөсөөр 80 эргэм насандаа өөд болсон “Өвгөөдэй” хэмээх алдартай, сэтгүүлч, зохиолч, редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ц.Дамдинсүрэн юм.
“Өвгөөдэй” 1956 оноос Зохиолчдын хорооны “Утга зохиол” сонин гаргагч, “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажиллаж байгаад 1969 онд тэтгэвэрт гарчээ. Гэсэн ч бусдын ном, шүлэг, найргийг ариутган шүүх ажлаа насан эцэс болтлоо хийжээ
Өнгөрсөн намар бадрангуй алдарт Багшийн сургуулийн хууччуул олуулаацуглаад байхдаа чухамхүү энэ л хүний тухай ихээхэн ярьсан нь анхаарал татсанаар үр хүүхдүүдтэй нь уулзахсанаа өгсөнюм. Одоогийн бид л таньж ядаад байгаа болохоос биш “Өвгөөдэй” гуай тун алдартай нэгэн ажээ. Түүнийг манай улсын үе үеийн бүхий л зохиолчдын “өндөр аав” хэмээн өргөмжилсөн ч болохоор. Яагаад гэхээр багшаас ном бүтээлдээ зөвлөгөө авдаг, шүүн ариутгуулдаг, өмнөх үг бичүүлдэг 100-гаад хүн байж. Багш өөрөө бусдын ном, яруу найргийг ариутганшүүхээр хүлээж авснаа “уншиж өгье”, “уншиж өгсөн юм” гэж даруухнаар хэлдэг байж.
Зохиолчдын “өндөр аав”-ынх таван хүүхэдтэйгээс өдгөө Д.Энхсайхан хүү нь байна. Ойн аж ахуйн инженер мэргэжилтэй, Монгол оронд очиж үзээгүй, судалж, шинжлээгүй ой үгүй энэ эрхэм өнгөрсөн жил Байгаль орчны гавьяат ажилтан болжээ. Номынхоо өрөөнд аавынхаа зургуудыг хүндэтгэлтэй залан, бүтээл туурвилуудыг нь эмх цэгцтэй гэгч нь хадгалж байдаг хүү аж. Тэрбээр 2012 онд аавынхаа мэндэлсний 100 жилийн ойгоор отгон шавь Ж.Саруулбуян гавьяат, зохиолч, яруу найрагч Д.Цэдэв гавьяат нар болон хүүхдүүдтэйгээ хамтарч гурван боть номыг нь хэвлүүлж, олны хүртээл болгожээ. Эдгээрт буурал сэтгүүлч, редакторын бичсэн бүхий л зүйлийг багтаах гэсэн ч нэлээд нь үлдэж гэнэ.
“Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн” хэмээх цувралын нэгдүгээр ботид нь намтрын товчоон, өгүүллэг, найруулал, тэмдэглэл, нийтлэл, өгүүлэл, баримтат тууж, дуртгал, дурсамж, өдрийн тэмдэглэл зэргийг багтаасан. Хоёрдугаар ботийнх нь агуулгыг “Өвгөөдэй” багшийн, зохиолчдын номд бичиж өгсөн өмнөх үгүүд, өмнө нь төдийлөн нийтэлж байгаагүй монгол гурван тууль болон орчуулгын бүтээлүүдээр бүрдүүлжээ. Гуравдугаар ботид “Өвгөөдэй”-н талаар зохиолч, эрдэмтдийн хэлсэн үг, радио, баримтат тууж, захидал болон үр хойчдоо үлдээсэн сургаал, захиас, дурсгалыг “Өвгөөдэйн өв” гэсэн дэд бүлэг болгон нэгтгэсэнбайна.
Олны өмнө төдийлөн гарч ирэх завгүй бичиж, туурвин, засаж, залруулж ирсэн хүн гэж дээрдурдсанньучиртай. Энэ тухайд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн 2012 онд буюу “Өвгөөдэй”-н мэндэлсний 100 жилийн ойгоор үг хэлэхдээ “Зуун жилд ганц төрөх гайхамшигт редактор” гэжээ. Сэтгүүлч Х.Цэвэгмэд “Алт, мөнгө, мод, чулуу, төмрийн дархан гэхчлэн олон зүйл урлахуй ухааны дархан байдаг лугаа адил номын дархан гэлтэй хүн байх бөлгөө. Урлахуй ухааны үйлд нэвтэрхий мэргэжлийн сийлбэрч, цоолборч, будаач, зураач гэхчлэн ялган, салгаж нэрлэдэг бол номын дархан хүнийг сэтгүүлч гэх болой. Тийм нэгэн сэтгүүлч бол хэн бүхний мэдэх эрдэмтэн хараахан биш, харин хэн бүхний мэдэх өвгөн сэтгүүлч Ц.Дамдинсүрэн болой” гэжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Х.Дагвадорж “Өвгөөдэй” минь эрдэмтэн зохиолч, академич Б.Ширэндэв, зохиолч С.Дашдэндэв нартай нэгэн онд мэндэлсэн юм сан. Хэлмэгдлийн хар шуурганд өртөж, зохиол бүтээл нь олны хүртээл болоход баахан цаг алдсан. Хожмын залуу эрдэмтэд энэхүү бичгийн их утгачийн зохиол бүтээлийг нарийвчлан судлахад цаг зав гаргаасай” гэсэн байна.
Ардын уран зохиолч С.Эрдэнэ “Диваажинд суугаа Өвгөөдэйд” хэмээх захидлыг “Өдрийн сонин”-д 1999 онд хэвлүүлсэн байхыг харлаа. Тэрбээр “Та бол арван цагаан буяны мөр хөөсөн, агуу уужим сэтгэлтэй. Монголынхоо түүх, уламжлалыг оюундаа бат шингээсэн, хэтэр хий даруухан, уур уцаар гэж мэдэхгүй, бусдыг ад шоо үзсэн ганц үг ган хийдэггүй, атаархам ажилч хичээнгүй сэн. Жараад оны Чимэд, Явуухулан, Гайтав, Дашдооров бид баахан дарвимтгай, даруулга муутай сан. Гэвч бид “Өвгөөдэй”-д согтуу хөлчүүгээ мэдэгдэж болохгүй шүү. Дэргэд нь дэмий балай чалчив даа” хэмээн таныг өөрийн эрхгүй хүндэтгэдэг сэн. Таны нөлөөгөөр би мартах шахсан монгол бичгээ сэргээсэн. Хэл найрууллын уран нарийнд суралцан, тэр үеийн болоод хожмын олон тууж, өгүүллэгээ шүүлгэж ариутгуулсан. Ачийг тань мартахгүй. Таны ариутган шүүсэн анхны тууж минь “Хөх хулгана жил” байлаа. Чингээд “амташсан хэрээ арван гурав дахина” гэгчээр би хожим болтол өч төчнөөн зохиолоо уншуулж залхаасан. “Хөх хулгана жил”-ийг ариутгуулснаас хойш би адаглахад “байна, байгаа” гэдэг үгээр өгүүлбэрээ төгсгөдөг улигт зангаа орхисон...” гэх зэргээр бичээд “Шавайгаа ханатал таныгаа дурслаа” хэмээжээ. Зохиолчид, эрдэмтэн мэргэд ийнхүү дурссан байна.
Гэр бүлийнхний хамт , 1966 онд
“Өвгөөдэй” Ц.Дамдинсүрэн “Газар тэнгэрийн заагт”, “Мандах нартай өглөө” гэсэн хоёр ном бичсэн юм билээ. Тэрбээр хүүхдүүддээ “Энэ хүмүүс шиг юм эрээчсэн бол ихийг хийх байлаа. Даанч зав гараагүй юм” гэж ярьж байжээ. Номын шүүгээнд зохиолч Ж.Лодойн “Дайн” ботиуд харагдана. Тэдгээрийг мөн л “Өвгөөдэй” редакторложээ.
Цувралынх нь хоёрдугаар ботид буй “Эрхийдээ эрчтэй эрийн сайн Ханбуудай мэргэн хаан”, “Нэгэн зуун тавин таван насыг насалсан хөгшүүн луу мэргэн хаан”, “Цагаадай мэргэн хөвгүүн, Ногоодай цэцэн охин” гэсэн гурван туулийг их эрдэмтэн Б.Ринчен гуйж хөрвүүлүүлсэн түүхтэй аж. Латин үсгээр бичсэн байсныг кириллд буулгаснаас хойш 60 жилийн хойно ийнхүү хэвлүүлжээ. Яагаад удсан гэхээр хэвлэхэд хэдийн бэлэн болгосон ч Б.Ринчен “хэл аманд ороод” ирэхтэй нь зэрэг хав дарчихаж. Цувралыг бүтээгч гурав “Ийм түүхтэй уг гурван тууль номд заавал байх ёстой” гэж үзсэнээр багтаасан бөгөөд Ж.Саруулбуян, Д.Цэдэв нар “Өвгөөдэй хөрвүүлсэн нь дээд зэргийн өв” хэмээн онцолжээ. Тэрхүү номын шүүгээнд бичгийн их хүмүүний халимаг, буриад хэлнээс орчуулсан туурвилууд ч байна. “Өвгөөдэй” бол хэлмэгдэгсдийн нэг. 1928-1938 он хүртэлх өдрийн тэмдэглэл, цуглуулж байсан зурагт хуудас зэргийг нь баривчлах үедээ устгачихсан юм билээ. Өвгөн багш түүнд их харамсдаг гэж хүүхдүүддээ ярьж байжээ.
Ардын уран зохиолч С.Эрдэнэ өөд болохоосоо хэдхэн хоногийн өмнө хүү Д.Энхсайханыг нь дуудаад “Диваажинд суугаа Өвгөөдэйд” гэж бичсэн захидлаа, өөрийнхөө нэгэн номтой өгчээ. Тэгэхдээ “Би одоо диваажинд явахад болох байх аа. Хоёр удаа тийшээ очихыг завдсан ч хүлээж аваагүй юм. Бодоод байхад багшдаа талархаагүй хүн юм байна” гэж бодлоо хэлж байж.
Ийм нэгэн бичгийн их хүмүүний туулсан амьдрал адал явдлаар дүүрэн ажгуу. 1928, 1929 онд Ховд аймгийн Цэцэг сумд монгол хэл анхлан заахаар очоод байхдаа Ард Аюуштай уулзаж, есөн эрүү хэрхэн тулгуулж, давж байсан тухай нь асууж, бичээд, Хэл зохиолын буюу тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд өгсөн аж. Энэ мэтчилэн явсан газар бүртээ онцлох хүмүүстэй уулзаж, намтар түүхийг нь бичиж, тэмдэглэж явсан юм билээ. Сэтгүүлчдийн эвлэлд бол 1950 он гарснаас хойш элсжээ.
Тэрбээр 1936 онд Дорнод аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхдаа японуудтай хуйвалдсан, 1938 онд Мал, тариалангийн яамны дэд сайд байхдаа тус яамныхныг эсэргүү бослогод уриалсан гэххилсхэрэгтхолбогдуулжхэлмэгдүүлжээ. Хоёр жил тамлан байцааж байгаад 10 жил хорих ял шийтгэсэн аж. Гэхдээ зургаан жилд нь “яс” суусан. Хожим 1956 онд хэргийн учир олдож, цагаатгагдсан байна.
“Өвгөөдэй” 1912 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт, Тэнүүнзүлэгтэй хэмээх газарт төржээ. Хуучнаар Хэнтий аймгийн Хэнтий сумынх гэж байгаад, газар нутаг дахин хуваахад Мөнгөнморьтын харьяат болсон түүхтэй. Хэнтий аймгийн төвийн бага сургуульд хожим Улсын баатар болсон Ш.Гонгортой нэг ангид суралцаж дүүргэжээ. Мөнгөнморьт сумаас төрсөн анхны нам, төрийн томоохон ажилтан. Ер нь хэлмэгдэх хүртлээ нам, төрийн ажил олон жил хийсэн юм билээ.
Бага сургууль төгссөний дараа Багшийн сургуульд элсэн суралцаж, дүүргээд, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын сургуулийн захирлаар томилогдож очсон аж. 1930 оны эхээр Өмнөговь аймаг байгуулагдахад тус аймгийн намын хороонд зааварлагч, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Улаанбаатар луу ирсэн. 1945 оны намраас Улсын хэвлэх үйлдвэрт монгол үсгийн номын редактор болж. Дараа нь “Үнэн” сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтан, “Хөдөлмөр” сонины тасгийн эрхлэгчээр ажилласан. Үүнийдараа дахин Хэвлэлийн үйлдвэрт очиж, хянагч болов. 1956 оноос Зохиолчдын хорооны “Утга зохиол” сонин гаргагч, мөн сонины “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажиллаж эхэлжээ. Ийнхүү дээр дурдсанчлан зохиолчдын номыг редакторлах ажлаа эхэлж. Мөн нам, төрийн бодлогын хүрээнд тэрбээр Улсын баатар Ш.Гонгор, Л.Дандар нарын болон Ардын хувьсгалын 100-гаад партизаны дуртгалыг бичсэн аж.
“Өвгөөдэй” 1937 онд “Үнэн” сонины эрхлэгч байсан гээд бодохоор аль үеийн сэхээтэн гэдэг нь харагдана. Ардын уранзохиолч С.Эрдэнээс авхуулаад олон зохиолч түүнийг багш гэж хүндэлдэг байсан бөгөөд Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Бааст анхны номоо, Ардын уран зохиолч П.Бадарч яруу найргийн анхны бүтээлээ үзүүлж, зөвлөгөө авч байжээ.
Зохиолчдын хорооны 1934 оны гишүүн, дарга С.Буяннэмэхээс гишүүний үнэмлэхээ гардаж авч байсан “Өвгөөдэй” 1932-1933 онд нууц нэрээр ном гаргаж байсанаж. Хэн гэдэг нэрээр вэ гэдгийг тэрбээр хүүхдүүдээсээ нуудаг байж. Харин утга зохиолынхон энэ тухай анддаггүй гэсэн.
Ийм нэгэн соён гэгээрүүлэгчийн амьдрал, ажил үйлсийн талаар дурдаж, тодруулахад ийм байна. Түүний мэндэлсний 90 жилийн ойгоор Засгийн газраас тогтоол гарган Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон юм.