Хоёр хоногийн өмнө унцийнх нь ханш 2000 ам.долларт хүрч өссөн ч уржигдар буурсан алтны спот үнэ өчигдөр 0.3 хувиар дээшилснээр эл дүн 1946 болсныг “Reuters” агентлаг мэдээллээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулахаас өмнө шар металлын ханш ийнхүү бага зэрэг өсжээ. Зарим шинжээчийн төсөөлж буйгаар тус улсын Төвбанк дээрх хүүг 0.25 хувиар нэмэх магадлалтай аж. Гэхдээ зарим эдийн засагч банкны салбарын нөхцөл байдалтай холбоотойгоор бодлогын хүүгээ өсгөхгүй хэмээн тааамаглаж байгаа гэнэ. Эл шийдвэр нь үнэт металлын ханшид нөлөөлөх юм. Хэрэв АНУ бодлогын хүүгээ нэмэхгүй бол шар металлын үнэд эергээр нөлөөлөхийг “Quantitative commodity research”-ийн шинжээч Петер Фертиг дурджээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар уул уурхай, олборлох салбараас Монгол Улсын төсөвт 306.2 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлснээс 7.2 тэрбум нь алтанд ногдсон юм.
Бэлтгэсэн: Б.Сонор