УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны нэгдүгээр сарын 30-нд удирдлагадаа уламжилсан. Түүний хүсэлтийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, оролцсон гишүүдийн 75 хувь нь чөлөөлөхийг дэмжлээ. Маргааш нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах биз. Байнгын хорооны хуралдаанаар гэхэд л гишүүдийн зүгээс асуулт тавьж, байр сууриа илэрхийлэлгүй, шуудхан дэмжчихнэ лээ. Өргөдлийн эзэн ч өөрөө оролцсонгүй, Өмнөд Солонгост байгаа аж. Ингээд өргөдлийг нь хүссэний дагуу “цохчихвол” 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хоёр дахь хүн нь Ж.Мөнхбат болох юм. Өмнө нь Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга болох гэж УИХ-ын гишүүнээсээ татгалзсан түүхтэй. 2016 оны сонгуулийн дараа бүрдсэн УИХ-аас Б.Батзориг “ЖДҮ-гийн”, Д.Гантулга хүчингийн хэрэгт холбоотойгоор өөрсдөө өргөдөл гарган, чөлөөлөгдсөн юм. Үүний өмнөх парламентын үед өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхнэрээ эмчлүүлнэ гэх шалтгаанаар УИХ-ыг орхиж байсныг сануулъя.
Харин энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэлх жил гаруйн хугацаанд өөр гишүүдийг нэмж чөлөөлөхгүй, бас орных нь хүнийг сонгохгүй л болов уу. Мөн хэрэг төвөгт орооцолдож, нэр холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг ч түдгэлзүүлэхгүй, хамгаалж үлдээх сурагтай. Тодруулбал, өргөдлөө өгснөөр нь Ж.Мөнхбатыг чөлөөлсөн болж “аргалах” бололтой. Дараа нь “Хөгжлийн банкны”, “нүүрсний” гэх мэт хэрэгт холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал парламентын босго давах гээд дуншиж буй бусад гишүүнээ “аварч” үлдэхээр санал нэгдсэн гэлцэнэ.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар сая хаврын чуулганыг нээхдээ авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийхээ зарласан. Ингэхдээ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэх гэнэ. Засгийн газраас авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа эхлүүлснийг УИХ хууль, эрх зүйн шинэчлэл хийх бодлогоороо дэмжих юм байх. Улс төрийн намын, УИХ-ын сонгуулийн тухай хуулиас эхлээд Үндсэн хууль хүртэл бүхий л хуульд авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг тусгах хэрэгтэй хэмээнэ лээ. Гэвч үнэндээ сүүлийн хоёр сонгуулиар олонх болсон Ардын намынхан, тэр дундаа УИХ-ыг улиран удирдаж байгаа Г.Занданшатар бүрэн эрхийнх нь хугацаа бараг дуусаж, завсаргүй засаглах найман жил нь шувтрах тийшээ хандаж байхад гэнэт сэхээ авсан аятай сүржин мэдэгдэл хийсэн нь үнэндээ үнэмшилтэй санагдаагүй. Ард иргэдийг алхам тутамд нь туйлдуулж буй авлигын үндсийг таслахаа тэрбээр “Улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж буй хорт үзэгдэл бол авлига мөн” хэмээн тунхаглан, тодорхойлсон нь тохуурхал мэт аж.
Өөрийнх нь хэлсэнчлэн “Авлига Монголын нийгэмд гүнзгийрснийг бүгдээрээ мэдэж байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон авлигын хэрэг байсхийгээд илэрч байна. Иргэд эмнэлэгт үзүүлж, сургуульд хүүхдээ оруулахдаа хүртэл “Өгөх ёстой. Өгч байж сайн эмчлүүлнэ, хүүхдээ сайн сургана” гэсэн үзэл хандлагатай болжээ”. Монгол Улс авлигын төсөөллийн индексээрээ энэ онд авлига өсөж буй 10 орны нэгээр нэрлэгдчихээд байхад ингэж шоудахаасаа ичих хэрэгтэй, тэд. Намынхан нь, гишүүд нь нэг бус, нэлээд хэдээрээ холбогдчихоод байхад “Хөгжлийн банкны”, “нүүрсний” гэх мэт дуулиант хэргийн талаар чухамдаа УИХ-ын гишүүд л эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсан гэж онгирохоо больчих. Тэглээ гээд хууль тогтоогчид нь танхимд тойрч суугаад, талархаж, алга таших ч шаардлагагүй. Авлигын индексээр дэлхийн 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн таван жилийн хамгийн муу үзүүлэлт болж байгаагийн шалтгааныг 2016 оноос хойш эрх барьж буй Ардын намынхнаас өөр хэнээс асуух вэ. Манай улс авлигын индексээр 2017 онд 103 дугаарт, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдлээ шүү дээ. Тэд авлигын эсрэг юу хийв. Авлигын уг үндэс, шалтгаан, нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг Ардын намынхан дангаар төр барьснаасаа хойш долоон жилийн дараа, одоо л ойлгож буйд харамсаад баршгүй. Энэ шинэчлэлийг эрт хийсэн бол тэд өнөөдөр авлигатай улаан нүүрээрээ тулахгүй байх боломжтой байлаа.
“Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагын манлайлал, хүчин чармайлт чухал” хэмээсэнтэй санал нийлж байна. Тиймээс ч хожимдсон ч гэлээ авлигын уг үндэс, шалтгаан, нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол өөрсдөөсөө, дотроосоо эхэлнэ үү, эрх баригчид аа. Авилгач гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлээ хөдөлгөнө үү, Г.Занданшатар дарга аа. “Нүүрсний” гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа АТГ-аас хэдийн бэлэн болгосон ч Улсын ерөнхий прокурорын газарт хараахан хүргүүлээгүй байгаа. Тэдний талаарх саналыг улсын ерөнхий прокурор парламентын удирдлагад уламжлах үед хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгээ санаарай, УИХ-ын дарга аа. Ам ангайх бүртээ “Авлигатай тэмцэнэ” хэмээх таны үг ажил хэрэг болох, эсэх нь авлигач гишүүдээ авч үлдэх үү, явуулах уу гэдгээс харагдана.
“Анги”-ийнхан нь, тэр дундаа үнэмлэхүй олонх болсон Ардын намынхан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болно шүү дээ” гээд авч үлдэхээр үгсэн, санаархаж байгаа бол авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлээс юу ч хүлээгээд нэмэргүй. Эрх зүйн шинэчлийг хийх эрх бүхий хүмүүс нь УИХ-ын 76 гишүүн, өөр хэн ч биш. Гэтэл үүнийг хийх гэж буй хууль тогтоогчид нь өөрсдөө гэмт хэрэгт, тэр тусмаа авлигад холбогдсон байж болзошгүй гэдэг нь тэднээр хууль, тогтоол батлуулахыг эсэргүүцэх хамгийн том шалтгаан юм. Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлийг авлигач түшээд хийдэггүй юм. Өмнөх шиг өмгөөлж, хамгаалаад өнгөрнө гэвэл авлигын хор уршгийг асар ихээр мэдэрч, авдаг албан тушаалтнуудыг нь үзэн ядаж буй ард түмний бухимдал тэсрэхэд бэлэн болчихсон байгаа. Хүлцэж, тэвчих хязгаартаа тулсан түмэн олон чинь хэзээд жагсаж, эсэргүүцэж чадахаа өнгөрсөн өвөл, хавар хангалттай харуулсан шүү дээ.
Анх “нүүрсний” гэх хэргийн улмаас улстөрч, улс төрд нөлөө бүхий 17 хүнийг шалгаж эхэлснээ АТГ-аас зарласны дотор УИХ-ын долоон гишүүн байсан ч холбогдогч гишүүдийн тоо өдрөөс өдөрт өссөөр тэд парламентад “бүлэг”-тэй болчихсон. Цаашид тэдний хүрээ өргөжихгүй гэх газаргүй. Яллагдагчаар татагдах, бас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай гишүүний тоо нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Мөн өнгөрсөн хавар буюу өдгөөгөөс жилийн өмнө Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон дуулиан ид “өндрөө авч” байх үед уг хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын нэрийг парламентад “оруулж” байв. Тухайн үед тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, аваад үлдчихсэн. Гэхдээ тэдний холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлсэн, дээрх дөрвөн гишүүн гэм буруутай, эсэхийг удахгүй дэнсэлнэ. Үүн шиг олон гишүүн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх, эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, бүр эгүүлэн татагдах эрсдэлтэй нүүр тулсан парламент манай түүхэнд үгүй. Манай улстөрчид шалгуулахаас зайлсхийж, халдашгүй байдлынхаа араар нуугддаг нь нууц биш. Гишүүнээ хамгаалж, авч үлдэх гэсэн сонирхол ч үе үеийн парламентад байсаар л ирсэн. Өмнөх УИХ гэхэд л хүчирхийллийн хэрэгт холбогдсон Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэрийг “нүүрээ улалзуулж” байгаад л гаргасан удаатай. Гэвч энэ удаа “Авлигатай тэмцэнэ” гэх амлалтыг нь асуумаар байна.