Жендерийн үндэсний хорооны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигтэй ярилцлаа. Манай улсад охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар түлхүү ярьдаг ч эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмээс ирэх дарамтыг төдийлөн хөндөхгүй байсаар өдий хүрчээ. Тэгвэл жендерийн тэгш байдлыг хангах, хэвшмэл ойлголтуудыг халахын тулд аль нэг хүйсийн хүмүүст онцгойлон анхаарах бус, бүгдэд эрх тэгш хандах шаардлагатайг тэрбээр онцолсон юм.
-Эрэгтэйчүүдийн талаар ярихдаа хамгийн түрүүнд насжилтыг хөндөхөөс аргагүй. Манай улсад эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 10 байна. Гэтэл эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас эмэгтэйчүүдийнхээс таваар илүү буюу 60. Өөрөөр хэлбэл, төрийн зохицуулалт бодит байдалтай зөрчилддөг. Эрэгтэйчүүд тэтгэвэрт гарч чадахгүй нас барах нь түгээмэл байна. Насжилтын энэ зөрүүг хэрхэн өөрчлөх вэ?
-Жендерийн үндэсний хорооноос 2019-2020 онд үндэсний хэмжээнд монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх судалгаа хийсэн юм. Уг судалгааны дүнгээс харахад эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.7 жил байна. Бараг 10 жилийн зөрүүтэй гэсэн үг. Гэтэл тэтгэвэр тогтоолгох нас эмэгтэйчүүдийн хувьд 55, эрэгтэйчүүдийнх 60 байгаа нь шинжлэх ухаанч бус зохицуулалт юм. Үүнийг бодит байдалд нийцүүлэхийн тулд эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг бууруулах зохицуулалт хийж болно л доо. Гэхдээ жендерийн эрх тэгш байдлыг хангах талаасаа бол аль нэг хүйст давуу байдал олгох ёсгүй. Харин адил тэгш хандах ёстой юм. Түүнчлэн эрэгтэйчүүд яагаад богино насалж буйг тогтоож, хамгийн зөв, шинжлэх ухаанч шийдлийг олох нь зүйтэй.
-Их, дээд сургуульд суралцагчдын олонх нь эмэгтэй. Гэтэл орон нутагт, ялангуяа алслагдсан сумуудад мал маллаж буй хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа их, тэгш бус байдал үүсчихсэн гэж хэлж болохоор. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ. Монголчуудын уламжлалт сэтгэлгээ, хандлага үүнд нөлөөлөв үү. Эсвэл нийгмийн бусад хүчин зүйлээс шалтгаалав уу?
-Энэ бол яавч монголчуудын уламжлал биш. Манайхан үүнийг уламжлалтай хольж хутгаад, төөрөлдөөд байдаг. Жендерийн хэвшмэл, буруу ойлголтоос үүдэлтэй ийм байдалд хүрсэн. Жишээ нь, монголчуудад эрэгтэй хүн өрхийн тэргүүн, удам залгах, гал голомтоо авч үлдэх ёстой гэсэн хэвшмэл ойлголт бий. Үүнээс болоод олон аав, ээж эрэгтэй хүүхдээ сургуулиас гаргаж, мал, өв хөрөнгөө өвлүүлж үлдээх сонирхолтой. Нөгөө талаар эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг хэвшмэл, буруу ойлголт байна. Өөрөөр хэлбэл, хүү гэртээ үлдэнэ, тэгээд ч эр хүн юм чинь өөрийгөө аргалаад, амьдралаа аваад явчихна гэж үздэг. Харин охиноо бусдад дээрэлхүүлэхгүйн тулд мэргэжил, боловсролтой болгох ёстой гэж үзээд, сургуульд сурах боломжийг нь илүү олгодог нь одоо ч түгээмэл. Түүнчлэн боловсролын ялгаатай байдалд эдийн засгийн нөхцөл, тухайн өрхийн санхүүгийн чадавх ч нөлөөлдөг. Жишээ нь, 4-5 хүүхэдтэй айл бүгдийг нь сургах боломжгүй байлаа гэхэд хөвгүүдээ гэрт нь үлдээж, мал маллуулаад, охидоо сургуульд явуулж байна.
-Боловсролын ялгаатай байдал, ялангуяа хүүхдүүдээ сургуульд сургахдаа хүйсээр ялгаварлан гадуурхах нь ямар сөрөг үрдагавартай вэ?
-Уг нь манай улсын боловсролын тогтолцоо хүнийг хүйсээр огт ялгаварлан гадуурхдаггүй, тэгш боломж олгодог шүү дээ. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хүйсээс үл хамаараад ерөнхий боловсролын сургуульд 100 хувь хамрагдаж байна. Төр, засгаас ийм боломжийг хүн бүрт олгодог. Харин их, дээд сургуульд суралцагчдын 60 хувь нь эмэгтэй. Үүнд жендерийн хэвшмэл ойлголт нөлөөлж байгаа. Эцэг, эхчүүд охид, хөвгүүдээ боловсролын үйлчилгээнд хамруулахдаа ялгаатай хандах нь хүүхдүүдийн цаашдын амьдралд сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, нөхөн үржихүйн насанд хүрээд гэр бүл зохиох гэхээр эрэгтэйчүүд боловсролоор гологдож байна.
-Үүнийг хэрхэн өөрчлөх вэ. Нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг та хэрхэн тодорхойлж байна. Ер нь өөрчлөлт ажиглагдаж байна уу?
-Эхлээд жендерийн хэвшмэл ойлголтоос ангижрах ёстой. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй гэж заасан. Түүнээс биш зөвхөн эмэгтэй хүн сурч боловсрох эрхтэй, эрэгтэйчүүд сурч боловсрох эрхгүй гэж заагаагүй. Тиймээс монголчууд хүүхдүүдээ хүйсээр нь ялгалгүй тэгш хандаасай гэж хүсэж байна. Жендерийн тэгш байдал бол хүний сэтгэхүйтэй ажилладаг, нийгмийн салбар. Жишээ нь, үйлдвэрт бол өчигдөр зуун бүтээгдэхүүн, өнөөдөр түүнээс илүүг хийлээ гэх зэргээр үр дүн нь шууд харагддаг. Харин жендерийн тэгш байдал бол гар дээр ил тавих бүтээгдэхүүн биш учраас үр дүн нь шууд мэдрэгдэхгүй, урт хугацааны дараа харагддаг. Мэдээж өөрчлөгдөж байгаа. Тэр нь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, хүмүүсийн оюун санаанд явагддаг. Хүмүүсийн хандлага бага багаар өөрчлөгдөж буй нь ойр дотнынхноос эхлээд ажиглагдаж байна л даа.
-Хэвшмэл ойлголтуудаа өөрчлөхөд бидэнд ер нь хэдий хугацаа шаардлагатай бол?
-Зөвхөн Монголд гэлтгүй бусад улс оронд ч жендерийн талаарх ойлголт, хандлага маш хурдацтай өөрчлөгдөж байгаа. Жишээ нь, БНСУ-д жендерийн хэвшмэл ойлголт түгээмэл, эрчүүдээ ихэд хүндэлж, дээдэлдэг. Тэнд хэвшмэл ойлголт бүрэн арилаагүй ч өөрчлөлт маш хурдтай байгаа юм билээ. Манай эрчүүд эхнэр нь хоолоо хийж, гэрээ цэвэрлэх, хүүхдээ өсгөж, тэжээн тэтгэх ёстой гэсэн хүлээлттэй байдаг. Нөгөө талаар эмэгтэйчүүд ч эрчүүдээс олон зүйл хүлээдэг. Нэг л өдөр цагаан морьтой ханхүү ирээд, хамгаалаад, хайрлаад, эд баялгаар хангаад, амьдрал нь сайхан болчих юм шиг ойлголт бий. Харин Өмнөд Солонгост, ялангуяа залуучуудынх нь дунд тийм ойлголт, хүлээлт аль хэдийн үгүй болжээ. Өөрөөр хэлбэл, тэнд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, хэн сайн хөдөлмөрлөсөн нь өндөр цалин хөлс авдаг. Ерөөсөө хүлээлт байхгүй болчихоор амьдрахад маш хялбар, аз жаргалтай болдог юм байна. Хэнд ч найдахгүйгээр өөрийгөө хөгжүүлээд, ажил хөдөлмөр эрхлээд явах боломжтой. Хамгийн гол нь эрэгтэй, эмэгтэйчүүд дор бүрнээ үүргээ биелүүлээд, эрхээ эдлээд, нэгнийхээ эрхийг хүндэтгэж сурах нь чухал.
-Эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх ёстой, сэтгэлийн хаттай байх шаардлагатай, уйлж болохгүй гэх мэт ачаа, хүйсийн дарамтыг Монголын нийгэм эрчүүддээ үүрүүлээд байдаг. Жендерийн энэ хэвшмэл ойлголтын талаар сүүлийн жилүүдэд их ярьдаг болсонч байдал төдийлөн өөрчлөгдөхгүй байх шиг санагддаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Жендерийн хэвшмэл ойлголтын сөрөг нөлөөний нэг нь энэ. Монголд хөвгүүдийг эхээс төрсөн цагаас нь эхлээд л удам залгах нуган үр, өрхийн тэргүүн гэж хардаг. Бүгд тэгж хүлээн зөвшөөрдөг. Тэр нь эрэгтэй хүүхдэд маш их үүрэг хариуцлага, дарамт болдог. Ер нь хүүхэд төрснөөс хойш 18 сартайгаасаа бусдын ялгаатай хандлагыг анзаарч эхэлдэг юм байна л даа. Өөрөөр хэлбэл, хүйсийн хувьд ялгаатай хандаж байгааг мэдэрч чаддаг. Жишээ нь, эрэгтэй хүүхдээ бид төдийлөн анхаардаггүй. Харин эмэгтэй хүүхдүүдийг бүдрээд унахад нь хүртэл аргадаж байна. Гэтэл эрэгтэй хүүхдийг бүдрээд унангуут шууд мэдрэмжийг нь хорьж эхэлдэг. Унаад босонгуут нь “Эр хүн уйлдаггүй юм. Гутлаа, өмдөө арч” гэх мэтээр тулгаж, өвдсөн ч түүнийгээ нуухыг шахаж шаарддаг шүү дээ. Энэ нь хүүхдийн ирээдүйн амьдралд дарамт, сөрөг нөлөө учруулдаг юм байна. Тухайлбал, ийм хандлагаас болоод эрэгтэй хүүхдүүд мэдрэмжээ илэрхийлэхээс болгоомжлоход хүрдэг. Хүүхэд ийм байдлаар өсөж, хүмүүжээд 18 насанд хүрч, нийгмийн амьдралд оролцоод эхлэхээр дараагийн хэвшмэл ойлголт угтдаг. Чи амьдралаа авч явах ёстой, гэр бүлээ тэжээж, бусдыг хайрлаж халамжлах ёстой гэх мэт. Монголд ганцаараа амьдрахад болоод л байдаг. Гэтэл эхнэртэй, хүүхэдтэй болоод ирэхээр цалин нь хүрэлцэхээ больдог. Миний ажигласнаар ихэнх хүний цалин хоёроос олон хүүхэдтэй болохоор хүрэлцэхээ больж байна. Үүнээс шалтгаалаад эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гээд сэтгэл зүйн дарамтад ордог. Эрчүүд нүүрэн дээрээ “Хань нь тэгж байгаад болгоно доо” гэх мэтийн гоё зүйл хэлдэг ч сэтгэл дотроо бол маш их дарамт тээдэг байх жишээтэй. Манайхан түүнийг нь “Эр хүн сэтгэлдээ уйлдаг” гэх мэтийн зохисгүй үгээр илэрхийлж, байх ёстой зүйл мэтээр хүлээн авч байна. Энэ бол хэвшмэл ойлголт. Уг хэвшмэл ойлголтыг халаагүйгээс гэр бүлд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зарим эрэгтэйчүүд эрсдэлтэй алхам хийдэг. Жишээ нь, тогтвортой ажлын байр, цаашид өсөж дэвших боломж, ер нь бүх зүйлээ хаяад харийн улсыг зорьдог. Тэнд очоод хамгийн хүнд хүчир хөдөлмөр хийхээс өөр аргагүй. Тодорхой хугацааны дараа буцаад ирэхдээ эрүүл мэндээрээ хохирсон, тэр хэрээр амьдралын чанар муудсан байх нь түгээмэл. Үүнээс гадна гэр бүл тогтворгүй болдог, хүүхдийн хүмүүжилд ч сөрөг нөлөөтэй. Энэ бүгдээс дүгнэн хэлэхэд, жендерийн хэвшмэл ойлголт нь зөвхөн эрэгтэйчүүд ч биш, эмэгтэйчүүдийн амьдралын чанарт ч сөргөөр нөлөөлдөг. Хэрэв жендерийн хэвшмэл ойлголтоосоо ангижраад, аз жаргалтай амьдаръя гэвэл харилцан ойлголцох, нэгнээ сонсох, ямар нэг томоохон шийдвэрийг хамтран гаргах нь чухал. Хэн нэгэн нь хүч түрээд, эз дийлээд шийдвэр гаргачихвал тэгш бус харилцаа үүснэ. Жишээ нь, томоохон шийдвэрийг эмэгтэйчүүд дангаараа гаргаж хэвшвэл эрчүүд гэр бүлийн амьдралд оролцохоо больдог. Эхнэртээ “Чи л мэддэг шүү дээ” гэж хэлчихээд, гэр бүлийн үүрэг, хариуцлагаас өөрийгөө чөлөөлөөд авчихдаг юмбайна. Үүнээс болоод монгол эрчүүд гэр бүлийн асуудлаа шийдэх, хүүхдүүдээ өсгөхөд төдийлөн оролцдоггүй шүү дээ.
-Архины хамааралтай, сэтгэл гутралтай, амиа хорлосон хүмүүсийн талаас илүү хувь нь эрчүүд байдаг. Үүнд жендерийн хэвшмэл ойлголт нөлөөлсөн үү?
-Жендерийн хэвшмэл ойлголтоос болоод төдөн эрэгтэй амиа хорлолоо гэсэн судалгааны дүн алга л даа. Гэхдээ тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байгааг бид бүгд мэднэ. Монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү ихэссэнд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй эрүүл мэндийн шалтгаан. Тэр дундаа хоёр төрлийн өвчлөл эрчүүдийн дунд их байгаа. Эхнийх нь зүрх, судасны өвчин. Үүнд даралт ихсэх, харвалт зэрэг өвчин багтана. Хоёр дахь нь хавдар. Ерөөсөө хатуу чанга байх ёстой гэсэн хэвшмэл дүрдээ монгол эрчүүд тэр дүрдээ сайн тоглоод, бие эрхтэн нь өвдөж, дохио өгч байгааг ч тоодоггүй. Эрчүүд өвчин намдаах эм маш их уудаг юм байна. Тухайн үеийнхээ хурц өвдөлтийг дарчихаад л мартдаг гэсэн үг. Улмаар өвчин нь хүндэрч, хавдрын 3-4 дүгээр үедээ гэнэт илрэх жишээтэй. Яалт ч үгүй амь насны асуудал яригдаад эхлэхээр эмнэлэгт ханддаг ч харамсалтай нь оройтсон байдаг. Ингээд эмэгтэйчүүд өрх толгойлоод үлддэг, хүүхдүүд нь хагас өнчин болдог. Тиймээс л жендерийн хэвшмэл ойлголт ганцхан эрчүүдэд биш, эмэгтэйчүүдэд, гэр бүлд, нийгэмд ч хор хөнөөлтэй гээд байгаа юм. Монгол эрэгтэйчүүдийн дундаж нас 66. Гэтэл тэтгэвэр авч эхлэх нас нь 60. 66 нас хүртлээ дунджаар 5-6 жил тэтгэвэр авна гэсэн үг шүү дээ. Насаараа нийгмийн даатгал төлдөг ч үр шимийг нь олигтой үзэж чаддаггүй. Зарим нь тэтгэврийн насандаа ч хүрч чадахгүй байна.
-Гэтэл эрэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн, сэтгэл зүйн үйлчилгээ ховор. Үүнийг хэрхэн сайжруулах нь зүйтэй бол?
-Монгол Улсын эрүүл мэндийн үйлчилгээ эрэгтэйчүүдэд ээлгүй, хүртээмжгүй гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл миний бие өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд “Эрэгтэй хүн үзэх боломжгүй” гээд буцаасан тохиолдол байхгүй. Эмнэлгийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байгаа. Гэхдээ нэг чухал асуудал нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн, түүнтэй холбоотой бөөр, шээсний замын тогтолцооны эмч манайд цөөн байгаа юм. Андрологи, урологи гэдэг шүү дээ. Андрологи нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн, урологи нь хүйс хамаарахгүйгээр бөөр, шээсний замын тогтолцоог үздэг, оношилдог. 2020 онд хийсэн судалгаагаар андрологийн эмч улсын хэмжээнд 16, урологийнх 60 гаруй байсан. Өмнө дурдсан монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх судалгааны үр дүнд үндэслээд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан юм. Уг төлөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар тусгасан. Судалгаа хийх үед кабинетын тоо зургаа байсан бол одоо улсын харьяаны 14, хувийн хэвшлийнх найм болсон. Энэ жил ч нэмэгдэнэ. Мөн андрологи, урологийн эмч, мэргэжилтнүүдийг олшруулахаар төлөвлөсөн. Уг төлөвлөгөөтэй уялдуулан ЭМЯ-наас “Эрүүл чийрэг эр хүн” хөтөлбөр батлаад, өдгөө хэрэгжүүлж байна.
-Монголд эмэгтэйчүүд олон салбарт манлайлан ажиллаж байгаа. Харин улс төрд голдуу эрэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноороо ажилладаг атлаа тулгамдсан асуудлуудаа яагаад шийдэж чаддаггүй юм бол?
-Гадаадын орнуудын туршлагаас харахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олонх болсон тохиолдолд нийгмийн асуудлуудыг маш сайн шийддэг юм байна. Жишээ нь, цалин хөлс, боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн асуудлыг амжилттай шийдвэрлэдэг. Авлига хүртэл багасдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр эрчүүдэд тулгамдсан асуудлуудыг арилгахад эмэгтэйчүүдийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэнцвэрт байдал чухал үүрэгтэй гэсэн үг юм. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд түлхүү байвал нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх болов уу. Гэтэл манайд эмэгтэйчүүдийн үс урт, ухаан богино гэсэн хэвшмэл, буруу ойлголт бүрэн арилаагүй. Улмаар сонгуулийн үеэр эмэгтэйчүүдээ харьцангуй бага дэмждэг. Ний нуугүй хэлэхэд, нэг тойрогт эмэгтэй, эрэгтэй хоёр нэр дэвшигч өрсөлдөхөд эрэгтэй нь ялах магадлал өндөр гэсэн яриа бий. Тиймээс эрэгтэй нэр дэвшигч эмэгтэй хүнтэй өрсөлдөх сонирхолтой. Уг нь сонгуульд идэвхтэй оролцдог хүмүүсийн талаас илүү хувь нь эмэгтэй. Тэгсэн мөртлөө тэд эмэгтэйчүүдээ сонгох нь бага. Эдгээр шалтгаанаар эмэгтэйчүүд улс төрд төдийлөн манлайлж чадахгүй байна л даа.
-Жендерийн тэгш байдлыг хангах, хэвшмэл ойлголтуудыг халах чиглэлээр танай байгууллагаас ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?
-Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход эрэгтэйчүүдийг татан оролцуулах зорилготой сургагч багшийн сургалтыг өнгөрсөн онд зохион байгуулсан юм. Энэ жил ч сургалтаа дахин явууллаа. Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргий лэхийн тулд өнгөрсөн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чиглэсэн кампанит ажил, үйл ажиллагаа маш их явуулсан. Гэсэн ч үр дүн төдийлөн гарахгүй байгаа нь эрчүүдээ орхигдуулсантай холбоотойг зөвхөн Монгол Улсад ч биш, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Жендерийн үндэсний хорооноос эрэгтэйчүүдийг чадавхжуулах, мэдлэг, ойлголт, хандлагыг нь өөрчлөх, ингэснээрээ хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн жил 25 сургагч багш бэлтгэсэн. Тэднийг төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудаас сонгож байв. Сургагч багш нараар дамжуулаад илүү олон хүнд зөв ойлголт түгээх, улмаар гэр бүлийг аз жаргалтай, тогтвортой болгох зорилготой. Энэ удаад 21 аймгаас тус бүр нэг хүн сонгож, сургагч багшаар бэлтгэлээ. Цаашид ч тэдэнтэй хамтран, эргэх холбоотой ажиллаж, эрэгтэйчүүдийн зан үйл, хандлагыг өөрчлөх чиглэлээр орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулах юм. Түүнчлэн манай байгууллагаас жил бүрийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан эрэгтэй, эмэгтэйчүүдийн зан үйл, хандлагыг өөрчлөх “Харилцан хүндэтгэе” аян гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаанд өрнүүлж хэвшлээ. Энэ жил “Надаас, танаас, биднээс эхлэлтэй” уриа дэвшүүлж, жендерийн хэвшмэл, буруу ойлголтоос ангижрах талаарх мэдлэг, мэдээлэл түгээж байна. Мөн Нийслэлийн охид, хөвгүүдийн зөвлөлтэй хамтраад жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх богино хэмжээний видеоконтент бүтээх уралдаан улсын хэмжээнд зарласан.