Урлаг, соёлынхон "Улс төрчидтэй хошуу холбож, иргэдийн тархийг угааж байна" гэх шүүмж сүүлийн үед газар авч буй. Тодруулбал, иргэд "Unfollow" аяныг өрнүүлж, үзэл бодлоо худалдсан гэх уран бүтээлчдийг дагахаа больж байгаа аж. Өнгөрсөн өдрүүдэд болсон жагсаалын үеэр "Toonot"-ийн уран бүтээлчид ч худалдагсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Реппер Thunder эл асуудалд дараах тайлбарыг өглөө.
"Нийт урлагийн салбарынхны өмнөөс уучлалт хүсч байна. Намайг ч бас уучлаарай. Цаашид уран бүтээлчид, урлагийн салбарынхныг улс төрөөс хол байж нэг ч улс төртэй холбоотой зүйлд оролцолгүй, нийгмийн төлөө байхыг үүгээр уриалж байна. Иргэд та бүхэн бас хүн гэдэг утгаар нь ойлгоорой. Мэдэхгүй гэнэдэх үе гардаг юм байна. Би зоригтой хэлнэ ээ. Миний алдаа бол...
1. Хүүктэй авхуулсан зураг!
Монгол улсынхаа 21 аймгаар аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч амжилт хүсэх гэсэн юм гэж хэлүүлсэн байсан. Бид нар ярилцаж байгаад очсон. Яагаад гэвэл 21 аймгийн тоглолтыг аймаг бүрийн төв талбай дээр нь хийхэд наанадаж зөвшөөрөл цаанадаж цагдаа хамгаалалтынхнаар нэмэр болно гэж бодсон. Тэгээд ороход цай өгөөд "Ийм зүйл хийж байгаад баярлалаа" гэж хэлээд гаргаж өгөх үедээ "зураг авхуулцгаая" гэсэн. Үгүй гэж хэлж чадаагүй юм л даа. Зүгээр зураг гэж бодсон болохоор. Дараа нь ингэж бидний эсрэг ашиглана гэж тийм айхтар сэтгэж чадаагүй нь миний буруу. Би энэ амьдралдаа дахиж хороон даргатай ч зураг авхуулахгүй . Тэр зургийг бас "ТООНОТ" анх өөрсдөө сошиалд тавьсан юм аа. Амьхандаа ерөнхийлөгч хүртэл амжилт хүсээд тэр төсөл үнэхээр сүртэй эхлүүлж байна гэж бодсондоо тавьсан хэрэг чааваас. "Ямар мөнгөөр 21 тойрсон юм?" гэнэ. Ивээн тэтгэгч байгууллагуудтай хамтарч оронд нь бид тэдний бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар тохироод замын зардал, тайз засал хөгжим техник, ажилчдын цалинг гаргуулсан юм.
2. 13 сая төгрөг авсан гэнэ ээ.
Энийг бүр баримттай ярьж чадна. "Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар" гэж байдаг. Тэр газар энэ тоглолтыг дэмжиж оролцоно гээд спонсорлож оруулсан мөнгө юм гэнэ ээ. Замын зардал тайз засал гэрлийн түрээсэнд "нэмэрлэсэн" гэсэн үг. Тэгээд тэр газар нь төрийн байгууллага учраас тайландаа ингэж оруулсан юм байна. Аливаа газар реклам хийлгээд тэрэндээ мөнгө төлдөг. Урлагийн хүн угаасаа юм сурталчлаад эргээд мөнгө олдог. Энэ бол ажил. Хүмүүс ажлаа хийдэг шиг бид ч тэр газрыг хүмүүст сурталчилж өгч ажлаа хийсэн. Улсаас гарсан бүх мөнгө Хүүктэй холбоотой юм бол улсын төсвөөс цалинждаг бүх хүн Хүүкээс мөнгө авсан болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ямар ч хамаагүй. Үнэндээ 13 сая төгрөг бол тоглолтын тайз засал гэрэлтүүлгийн зардал гээд 1 аймагт тоглолт хийх зардалд л хүрнэ. 30-40 хүн 1 сар хагасын хугацаанд 21 аймаг тойрох гэж зураг авхуулан байж 13 сая төгрөг авах уу? Бид нар тийм мөнгө авах гэж бөгс долоохгүй ээ залуусаа. Хэрвээ тэгээд 13 сая төгрөгийн төлөө 21 аймаг тойрох байсан бол үнэгүй тоглож яах билээ? Ердөө 1000 төгрөгөөр л тасалбар зарахад нийтдээ 200,000 орчим хүнд тоглолт хийсэн бид нар 200 сая төгрөг олно. Ашиг харсан бол тасалбар зарах байсан. Үнэн сэтгэлээрээ явсан тэр гоё ажлыг минь битгий ийм балиар юмтай хутгаарай. Би татвар төлөгч, баримт шивдэг. Миний ямар байгууллагын рекламд тоглож хэдэн төгрөг олсон нь татварт шивээтэй байгаа. 5000 төгрөг ч миний данс руу энэ мөнгөнөөс ороогүй. Бид үнэхээр 21 аймгийг өөрсдөө сохор зоос авалгүй хүүхэд залуучуудад зорьж тоглолт хийсэн юм шүү.
3. Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэнэ ээ.
Тэр дуу нь сонгуулийн дуу бишээ! Харин дүрсэн дээр нь Хүүкийг оруулсан нь үнэн. Тэр дууг 2017 онд зохиосон дуу бөгөөд 2020 онд хөгжмийг нь шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбар салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулаад, Хүүкийн зураг оруулчих гэхээр нь оруулчихсан юм. Тухайн үед бүгд л магтаад мундаг хүн гэж ойлгосон байсан. Одоогийнх шиг ийм муу нэртэй байгаагүй, бид нар ч ирээдүйд ийм болно гэж мэдээгүй. Энэ бол миний алдаа. Би ч буруу зөвийг ялгадаггүй мал байж. Залуу хүн болохоор гэнэдчихлээ. Намайг энэнд уучлаарай. Би тэр дууг одоо шууд YOUTUBE сувгаасаа устга гэвэл устгана. Олон хүн тэр дуунаас урам зориг авдаг болохоор асууж шийдье гэж бодлоо. Бас би хэнийг ч дэмжээрэй гэж хэлж, уриалж яваагүй ээ. Сонгуулиа идэвхтэй өгөөрэй л гэж хэлж байсан. Би үнэхээр энэ салбараас хол байхыг хүсдэг. Тэр үед ихэнх нь л мэдэлгүй Ардын намд санал өгсөн. Тэглээ гээд тэр санал өгсөн хүмүүс одоо эргээд хэн нь ч жагсаж, юм ярьж болохгүй гэсэн үг биш биз дээ? Сонголтыг бид бүгд хийсэн эргээд би ч бас хариуцлага нэхэж болно биз дээ? Эцэст нь хэлэхэд олны хараанд байдаг хүн үйлдэл бүрээ цэгнэх ёстой юм байна. Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна. Сонгосон зам минь болохоор би магтаал шүүмжлэлийг зэрэг даана. Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа өшөө илүү оролцох болно оо. Итгэж дэмжиж явдаг хүмүүстээ үүнийг ойлгуулах гэж, ийм зүйл болсон юм шүү гэж тайлбарлалаа. Бусад урлагийнхнаа бас энд нэгдээсэй гэж хүсэж байна. Сүүлийн үед энэ салбар нэр хүндгүй болж байна. Нэр хүндийг нь сэргээцгээе. Бид талцалгүй нэг талдаа цуг байх ёстой" гэв.