АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт дуусаж, тус улсын сонгогчид Төлөөлөгчдийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр, Сенатын гуравны нэг, олон муж улсын захирагч, хууль тогтоох байгууллагын гишүүдийг сонголоо. Эхний үр дүн хэдийн гарч байгаа ч сонгуулийн хувь заяаг шийдэх гол муж улсуудынх хараахан тодорхой болоогүй байна.
CBS телевизийн урьдчилсан мэдээгээр сонгуулийн дүнд Төлөөлөгчдийн танхимын хяналт Бүгд найрамдахчуудад шилжиж магадгүй нь. Сонгуулиас өмнө Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгч Жозеф Байдены Ардчилсан намынхны хяналтад байсан.Тодруулбал, Ардчилсан нам Конгресст 220, бүгд найрамдахчууд 212 суудалтай. Одоо олонх болохын тулд нам 218 суудалтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, Бүгд найрамдахчууд санаачилгыг гартаа авахын тулд ердөө зургаан суудал авах шаардлагатай аж. Сенатын танхимын хувьд Ардчилсан болон Бүгд найрамдах намын аль алинд нь боломж бараг тэнцүү байна.
Сонгуулийн эхний чухал үр дүн нь Флорида муж улсын амбан захирагч Рон Десантисыг улираан (2019 оноос хойш тус муж улсыг удирдаж байгаа) сонгосон явдал гэнэ. Түүнээс гадна Бүгд найрамдах намын сенатч Марко Рубио ч бүрэн эрхээ авч үлджээ. Энэ муж улсын санал хураалтын дүн Төлөөлөгчдийн танхимын хувь заяаг шийдвэрлэх хүчин зүйл болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Тэрчлэн Аризона АНУ-ын улс төрийн газрын зураг дээрх хамгийн чухал муж улсын нэг. Эндхийн инфляц Америкийн дунджаас өндөр байна. Мексиктэй хиллэдэг тус муж улсад цагаачлал, аюулгүй байдлын асуудал бусдаас хамаагүй хурцадмал байдаг. Тэрчлэн ган гачиг, гал түймэрт өртдөг эл муж улсад дэлхийн дулаарлын үр дагавар маш тодорхой харагддаг. Нутгийн оршин суугчид үр хөндөлтийг хууль ёсны болгох талаар ширүүн маргасан хэвээр. Аризона уламжлал ёсоор Бүгд найрамдах намын муж улс байсан ч 2020 онд Ж.Байден энд маш бага буюу хагас хувь хүрэхгүй саналаар ялсан. Үүний адил Пенсильвани хоёр намын аль аль ньдэмжлэг авах боломжтой өөр нэг “савладаг” муж улс юм. Энд Барак Обама хоёр удаа ялсан ч 2016 онд сонгогчид Хиллари Клинтоныг биш Д.Трампыг дэмжсэн. 2020 онд тэд Ардчилсан намынхныг дахин дэмжиж, Ж.Байденд саналаа өгчээ. Үүнээс гадна Жоржиа, Нью Хэмпшир, Висконсин муж улсын санал хураалт сонгуулийн дүнд нөлөөлдөг.
Энэ сонгуулийн дүн Ж.Байдены үлдсэн хоёр жилийн ажил, бодлого, тэр дундаа Украин дахь ОХУ-ын түрэмгийллийн эсрэг тэмцэлд хүчтэй нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Конгрессын аль нэг танхимаа алдахад л ирэх хоёр жилийн хугацаанд түүний байдал хүндэрнэ. Бүгд найрамдахчууд Украинд тусламж үзүүлэх, үр хөндөлтийг хориглох гэх зэрэг хуулийг батлахад хориг тавихыг хичээж, өөрсдийн санаачилснаа батлахыг оролдох юм.