Цогц хөгжлийн үндэсний төвөөс “Сонгогчийн зан төлөвийн судалгаа” хийжээ. 2020 оны сонгуульд саналаа өгсөн, 18-аас дээш насны, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 1000 иргэнийг түүвэр байдлаар сонгон анкет асуулгын арга болон фокус бүлгийн ярилцлагын аргаар судалгааг хийж гүйцэтгэсэн аж. Энэхүү судалгаагаар сонгогчдын улс төрийн болон сонгуулийн боловсрол ямар байна вэ, түүндээ үндэслэн хэр зэрэг рациональ сонголт хийх чадамжтай байгааг тодорхойлсон байна.
Цогц хөгжлийн үндэсний төв уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хийсэн байна.
Судлаачид сонгуулийн мөрийн хөтөлбөрийг 60-аас дээш насныхан хамгийн сайн уншдаг бол сонгогчийн нас залуужих тусам мөрийн хөтөлбөрийг унших нь багасдаг, сонгогчдын олонх нь сонгуулийн сурталчилгааны үеэр биечилсэн уулзалт зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж үздэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн боловсролын түвшнээс үл хамааран иргэдийн олонх сонгуулийг холимог системээр явуулах нь зүйтэй, сонгогчдын 38.6 хувь нь сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдлыг харж сонголтоо хийдэг бол 25.9 хувь нь сонгуулийн үеийн улс төрийг дүгнэж сонголт хийдэг. Улмаар 35.6 хувь нь аль алийг нь харж сонголтоо хийдгийг олж тогтоожээ.
Үүнээс гадна сонгогчид УИХ-ын гишүүн иргэдтэй эргэх холбоотой байх болон сонгогчдын хүсэлтийг шийдэж чаддаг байх нь сонгуульд саналаа өгөхөд чухал нөлөөтэй гэж үзэж буйгаа хэлсэн гэнэ. Түүнчлэн Улаанбаатарт хэсгийн ахлагч нар иргэдийн саналд хамгийн их нөлөөтэй бол орон нутагт тухайн орон нутгийн улстөрчид өндөр нөлөөтэй нь судалгаагаар ил болжээ.