Өнөөдөр Монголын мэс засалч нарын холбооны 14 дүгээр чуулган "ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН ОЛОЛТ, ЧИГ ХАНДЛАГА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” нэрийн дор зохион байгуулагдаж байна. Чуулганы нээлтэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, МУ-ын Хүний гавъяат эмч Б.Бейсен, МУ-н хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох болон бусад албаныхан оролцлоо.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 200 гаруй мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи тэр дундаа бага хөнөөлт мэс засал болох дурангийн мэс засал, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдөж байна.
Чуулганыг нээж Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд дурангийн мэс засал манай улсад олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээнд хөгжсөн. Монголд хийгдэж байгаа мэс заслын 40 орчим хувийг дурангийн мэс заслын аргаар хийж байна. Дурангийн мэс заслын хамгийн том давуу тал нь өвчтөнд үүсэх хүндрэл болон техник ажиллагаа багатайгаас гадна эрхтэн системийг бага гэмтээдэг давуу талтай. Өнөөдрийн хурлаар бид дурангийн мэс заслыг нийслэл, орон нутгийн бүх мэс заслын эмч нар эзэмшиж, үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлыг түлхүү тавьж байна.” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр 22 илтгэл тавигдах бөгөөд шилдэг аман илтгэл, шилдэг ханан илтгэл, шилдэг тохиолдлын танилцуулга болон шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч эмч нарыг тодруулах юм.