АНУ-ын Ардчилсан нам Конгрессын сонгуулийн өмнө байр сууриа саяхныг хүртэл аажмаар бэхжүүлж байсан. Харин одоо хүнд байдалд оржээ. Үзэл суртлын хувьд ардчиллынханд илүү ойр байдаг, аль ч намын харьяалалгүй сонгогчид эдийн засгийн асуудлаа шийдэхийн зэрэгцээ гэмт хэрэг, хууль бус цагаачлалтай тэмцэх чадварт нь сэтгэл дундуур байна. Гэхдээ намд харьяалагддаггүй америкчууд бол тус улсын аль ч сонгуулийн өрсөлдөөнд гол үүрэг гүйцэтгэдэг. Ардчилсан намын давуу тал илэрхий бүдгэрч байгаа бөгөөд энэ нь зөвхөн Төлөөлөгчдийн танхим төдийгүй Сенатад ч олонхын байр сууриа алдах аюулд хүргэж болзошгүй юм.
БҮГД НАЙРАМДАХ НАМЫН ҮЗҮҮЛЭЛТ ДЭЭШИЛЖЭЭ
Сонгууль хаяанд ирсэн атал Ардчилсан нам бүхэлдээ, тус намын удирдагч, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден давуу байдлаа алдсаныг сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгын дүнгээс харж болохоор аж. Есдүгээр сард “New York times”, “Siena” коллежийн явуулсан санал асуулгыг энэ даваа гарагт гаргасан мэдээлэлтэй харьцуулбал Бүгд найрамдах намын үзүүлэлт дөрвөн хувиар нэмэгдэж, 49-д хүрчээ. Энэ нь АНУ-ын Конгресст Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөд бэлэн сонгогчдын хувь юм. Энэ санал асуулга мөн Ардчилсан нам эмэгтэй сонгогчдын дунд байр сууриа алдсаныг харуулжээ. Өнгөрсөн сард уг ангилалд Ардчилсан намынхан 14 хувиар давуу байсан бол энэ сард бүгд найрамдахчууд илүүрхсэн аж.
“Rasmussen reports” компанийн судалгаанаас үзвэл нам бусчуудын 46 хувь нь Бүгд найрамдах, 30 хувь нь Ардчилсан намыг дэмжихээ илэрхийлжээ. Долоо хоногийн өмнө CNN/SSRS-ийн санал асуулгад сонгогчид Ардчилсан намынхныг (50:47 хувь) дэмжиж байв.
ЖОЗЕФ БАЙДЕНЫГ ДЭМЖИГЧДИЙН ТОО БУУРАВ
Бүгд найрамдахчууд Ардчилсан намаас давуу болсон, нөлөө бүхий муж улсуудад “Rasmussen reports” өөр нэг асуудал анзаарсан нь Жозеф Байденыг дэмжигчдийн тоо буурсан явдал аж. Тодруулбал, Аризона, Жоржиа, Пенсильвани муж улсад сонгогчдын 41, Мичиганд 46, Охайо, Висконсин 43 хувь нь Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагааг сайшаасан байна. Улсын хэмжээнд Цагаан ордны тэргүүнийг сонгогчдын 42.5 хувь нь дэмжжээ. Харин Ж.Байдены үйл ажиллагаанд сэтгэл дундуур хүмүүсийн хувь нэмэгдэж, 53.2 болсон байна.
“New York times”, “Siena”-гийн санал асуулгын дүнгээс харвал, хэрэв өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ж.Байден Бүгд найрамдах намаас сонгогдсон Төрийн тэргүүн асан Дональд Трамптай өрсөлдсөн бол 45:44 хувийн саналаар хожигдох байв. Өнгөрсөн сард “Yahoo”, “YouGov”-ын судалгаагаар Америкийн одоогийн Ерөнхийлөгч зургаан хувиар (48:42) тэргүүлсэн аж.
ОЛОНХЫН СУУДЛАА ХАДГАЛАХБОЛОМЖ БАГАСЛАА
АНУ-ын санал асуулгын дүн шинжилгээ, улс төр, эдийн засаг, спортын блог хөтлөхөд голлон анхаардаг “FiveThirtyEight” цахим хуудас нь Ардчилсан намыг (63 хувь) Сенатад хяналтаа хэвээр үлдээнэ гэж таамагласан хэвээр байгаа ч нэг сарын өмнөхтэй харьцуулахад бүгд найрамдахчууд байр сууриа бэхжүүлснийг тэмдэглэжээ. Энэ нь үндэслэлтэйг ялангуяа сүүлийн үеийн санал асуулгаар Сенатын төлөөх хоёр ч өрсөлдөөнд Ардчилсан намынхан тэргүүлж чадаагүйгээс харж болох юм. Тухайлбал, Висконсинд Бүгд найрамдах намын сенатч Рон Жонсон дэд захирагч Мандела Барнсаас 2.5 хувиар илүү санал авсан. Мөн Невада муж улсаас Бүгд найрамдах намын гишүүн, ерөнхий прокурор Адам Лаксалт сенатч Кэтрин Кортез Мастог саналаар илүүрхжээ. “FiveThirtyEight” мөн Ардчилсан намыг Конгрессын доод танхимд ялах найдвар бага буюу 27 хувийн санал авах боломж бий гэсэн байна. Ардчилсан намынханд хоёр танхимыг хяналтдаа үлдээх боломж ердөө 26 хувьтай гарчээ. Харин бүгд найрамдахчууд Конгресст олонхын суудал эзлэх магадлал өндөр буюу 37 хувьтай байна.
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ НЬ СОНГОГЧДЫГ ТҮГШЭЭЖЭЭ
“Forbes” сэтгүүлийн үзэж байгаагаар Ардчилсан намын нэр хүнд унасан нь эдийн засгийн байдлаас шалтгаалан америк сонгогчдын айдас нэмэгдэж буйтай холбоотой. Энэ нь америкчуудыг тус намын Ерөнхийлөгчөөс ч холдуулсаар байгаа аж. Үүнийг “Schoen Cooperman research” компанийн хийсэн судалгаагаар баталж байна. Ардчилсан намынхан бие даасан сонгогчдын чухалчилдаггүй асуудалд хэт автсанаас юуны түрүүнд бүгд найрамдахчуудад ялагдаж байгааг уг судалгаа харуулав. Энэ ангиллын америкчууд үнийн өсөлт, гэмт хэрэг, хууль бус цагаачлалын талаарх Бүгд найрамдах намын эсрэг Ардчилсан намын маргааныг бусад сонгогчоос илүү хүлээж авдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Эцэст нь, хоёр намынхан хөтөлбөрөө танилцуулж, мэтгэлцээний болон сонгуулийн өмнөх сурталчилгааны үеэр санал бодлоо солилцсоны дараа Ардчилсан намын таван оноо өрсөлдөгчийнх нь найман онооны давуу тал болж хувирав. Үүний сацуу үзэл суртлын хувьд намын харьяалалгүй сонгогчдын дийлэнх нь Ардчилсан намын философид ойр байдаг. Энэ ангиллын төлөөлөгчдийн 71 хувь нь улс төрийн эл хүчний бага зэргийн хязгаарлалттайгаар үр хөндөх эрхийг, 57 хувь нь зэвсэг эзэмших эрхийг хязгаарлахыг дэмжиж буй бол 61 хувь нь Дональд Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд түүний дэмжигчдийн хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэсэн ч эдгээр сонгогчийн 59 хувь нь энд, одоо гэсэн тэргүүлэх чиглэл нь эдийн засаг юм. Үүссэн нөхцөл байдлын талаар “Hill” сэтгүүлд “Ардчилсан намынхан Америкт тулгараад байгаа гол сорилтуудыг даван туулж чадахгүй, бүр улс орныхоо өмнө тулгамдсан хамгийн ноцтой асуудлуудыг мэдэхгүй. Энэ нь тэднийг сөрөг талаас нь хардаг Бүгд найрамдах намынхны санал өсөхөд хүргэдэг” хэмээн тэмдэглэжээ.
Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатыг хяналтдаа авахын төлөө Ардчилсан нам, бүгд найрамдахчууд ирэх сарын 8-нд өрсөлдөнө. Энэ сөргөлдөөний үр дүн нь Ерөнхийлөгч Жозеф Байдены эхний бүрэн эрхийн үлдсэн хоёр жил хэрхэн өнгөрөхийг төдийгүй олон талаараа 2024 онд болох Төрийн тэргүүний сонгуулийн хэтийн төлөвийг тодорхойлно. Үүний сацуу арваннэгдүгээр сард америкчууд 36 муж улсын захирагчийг сонгох юм. Одоо Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын олонх буюу 218 суудлыг эзэлж буй бол бүгд найрамдахчууд 212 суудалтай байна.