Ирэх 12 сарын хугацаанд АНУ-ын эдийн засаг уналтад орж, ажилгүйдэл нэмэгдэх хандлагатай байгаа тухай “Wall street journal” сонин мэдээлэв. Тус сониноос явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчдын үзэж буйгаар эдийн засгийн уналт 63 хувьд хүрэх магадлалтай байна. 2020 оны долдугаар сараас хойш энэ үзүүлэлт 50 хувиас хэтрээгүй байжээ. 2023 оны таамаглал улам бүрхэг болж байгааг тус сонин тэмдэглэжээ. Өнгөрсөн долдугаар сард Америкийн эдийн засагчид ДНБ нь 2023 оны эхэнд жилийн 0.8, хоёрдугаар улиралд нэг хувиар өснө гэж мэдэгдэж байсан бол одоо эхлээд 0.2, дараа нь 0.1 хувиар буурна гэж үзэж байна. Эдийн засгийн уналт хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлөх нь. Тодруулбал, ирэх оны хоёрдугаар улиралд хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байр сард дунджаар 34, гуравдугаар улиралд сар бүр 38 мянгаар буурах төлөвтэй байна. Эдийн засгийн таамаглал нь АНУ-ын Холбооны нөөцийн банкны үйл ажиллагааны дүн шинжилгээнд үндэслэсэн гэж “Wall street journal” тайлбарлав. Холбооны нөөцийн банк нь ажилгүйдэл, эдийн засгийн уналтыг өдөөхгүйгээр инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөнө гэдэгт шинжээчид эргэлзэж байна. АНУ-ын эдийн засаг 6-9 сарын дараа уналтад орж магадгүй гэж тус улсын томоохон банкуудын нэг болох “JPMor¬gan chase”-ийн гүйцэтгэх захирал Жеймс Даймон аравдугаар сарын эхээр мэдэгдсэн билээ.