Сүүлийн 20 жилийн хугацаанд мөсөн гол, уулсын хайлах хурд нэмэгдсэнийг олон улсын судлаачид анх удаа дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын эрэг орчмын мөсөн уулс, далайн эрэг орчмыг ажиглах явцдаа тогтоов. 2000-2010 онд энэ үзүүлэлт жилд 44.4 тэрбум тонн байсан бол дараагийн арван жилд 51.9 тэрбум тонн болж нэмэгдсэнийг “Nature communications” сэтгүүлд бичсэн байна. Эдгээр үйл явц ялангуяа ОХУ-ын Новая земля, Северная земля болон Умард мөсөн далайн бусад бүс нутагт онцгой хүчтэй ажиглагдаж, мөсөн голын хайлах хурд 50-55 хувиар ихэсжээ. Дэлхийн бусад бүс нутагт ч ийм үзэгдэл хурдацтай явагдаж байгаа баримтыг цаг уурын урьдчилсан мэдээнд харгалзан үзэх ёстой гэж эрдэмтэд дүгнэжээ.
Мөнх цас, мөс хайлах үйл явц сүүлийн 20 жилийн хугацаанд далайн түвшнийг 2.2 мм-ээр нэмэгдүүлснийг судлаачид тогтоосон байна. Тэдний тооцоолсноор мөн хугацаанд жил бүр 223 тэрбум гаруй тонн мөс хайлсан гэнэ. Дэлхийн туйлын бүс нутаг, уулын мөсөн голууд аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтийн анхны “хохирогч” болжээ. Умард болон өмнөд туйл орчмын нутаг дэвсгэрт агаарын температур өнгөрсөн зууныхаас 4-9 градусаар нэмэгдсэн нь мөсөн бүрхүүлийн хэмжээ хэтдээ огцом буурахад хүргэж байна. Судлаачид уур амьсгалын өөрчлөлт дэлхийн туйлын тэнгис, далайн ус, түүнчлэн Евразийн хойд эрэг, Хойд Америк, туйлын бүсийн хамгийн том арлуудыг хамарсан эрэг орчмын мөсөнд хэрхэн нөлөөлснийг сонирхон, 2000-2020 онд цаг уурын янз бүрийн зонд, нисэх онгоцноос авсан зургуудыг цуглуулсан аж. Ингэхэд Умард мөсөн далай, түүний тэнгисийн захад оршдог 1.5 мянган мөсөн голын байдал өөрчлөгдсөн нь тогтоогджээ. Гренландынхыг оруулахгүйгээр эдгээр мөсөн гол нь туйлын бүсийн нийт газар нутгийн гуравны нэг орчим хувийг эзэлдэг.