Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Соронзонболд эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй талаар баттай эх сурвалжуудаас мэдээлэл авч өнгөрсөн хоёрдугаар сард уншигчдадаа хүргэж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гаргаж өгсөн юм. БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг хил нэвтрүүлэхийн тулд PCR шинжилгээ авдаг болсонтой холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллагынхан Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг лабораториудын шинжилгээ хийх болон хариу гаргаж буй явцыг судалсан. Энэ үеэр “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ авчран шинжлүүлдэг болохыг тогтоосон. Ингээд лавшруулан судлахад ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн хариуг нь гэрэгэ системд өөрийн байгууллагын албан баланк дээр гаргаж буйг ил болгосон билээ. Үүнийг нарийвчлан шалгаад Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболдыг албан тушаалаа урвуулж байж болзошгүй гэж үзсэн байдаг. Тиймээс түүнийг Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албаны, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.