Спортоор хичээллэсний дараа цусанд сүүн хүчлийн нэгдлүүд болон фенилаланины аминхүчлүүд хуримтлагддаг. Эдгээр нь хоолны дуршлыг дарж, өөхний эдэд нөлөөлдөг болохыг Америк, Европын биологичид тогтоожээ. Тэдний судалгааг “Nature” сэтгүүлд нийтэлснийг Бэйлорын анагаах ухааны коллежийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Энэ судалгаандаа тулгуурлан эрдэмтэд илүүдэл жинтэй хулгануудад уг бодисыг тогтмол тарьж, хооллох дуршил нь өөрчлөгдөх, эсэхийг судалжээ. Фенилаланины лактатыг амьтдын цусанд хийхэд тэдгээрийн өдөр тутмын хоолны хэмжээ 50 орчим хувиар буурсан гэнэ. Гэхдээ уг арга мэрэгчдийн хөдөлгөөн, биеийн энерги зарцуулалтад нөлөөлөөгүй аж. Үүний үр дүнд тарган хулганууд 10 хоногийн эмчилгээний хугацаанд 1-1.5 грамм туржээ. Энэ нь тарган хүний жинг нэлээд хэдэн килограммаар бууруулсантай тэнцэх гэнэ. Фенилаланины лактат авах нь илүүдэл жинтэй, эсвэл бодисын солилцооны асуудалтай хүмүүст жингээ хасах хамгийн үр дүнтэй, аюулгүй аргуудын нэг байж болохыг эрдэмтэд онцолжээ.