УИХ-ын үе үеийн дарга нараас бүрдсэн “Хуралдай” клубийн гишүүд өчигдөр уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар баталсан онцлох хууль тогтоомж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, гишүүд харилцан туршлага, санал, зөвлөмж солилцов.
Уулзалтад Р.Гончигдорж (1990-1992, 1996- 2000 он), Н.Багабанди (1992-1996 он), С.Төмөр-Очир (2001-2004 он), Н.Энхбаяр ( 2004-2005 он), Д.Лүндээжанцан (2007-2008 он), Д.Дэмбэрэл (2008-2012 он), З.Энхболд (2012-2016 он), М.Энхболд (2016-2019 он) нар оролцсон байна.
2020 онд байгуулсан тус клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, туршлага сургамжаа харилцан солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлээр ажиллах сайн дурын механизм аж.
Үүрэг, чиглэлийн биелэлтийн талаар мэдээлэл авах хүсэлт хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар биелэлт гаргуулах тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. Тус албан бичигт “УИХ-ын 2021 оны гуравдугаар сарын 26-ны 30 дугаар тогтоолоор Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай түр хороог байгуулан ажиллах хугацаанд хуралдааны тэмдэглэлээр дөрөв, түр хорооны тогтоолоор хоёр удаа Засгийн газарт чиглэл өгсөн билээ. Тухайлбал, Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад шаардагдах 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх, далд уурхайн нэмэлт санхүүжилтийг “Оюутолгой” компанид өр үүсгэхгүйгээр шийдвэрлэх, Лондоны арбитрын шүүхэд “Оюутолгой” ХХК-ийн татварын асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах, төслийн санхүүжилт, зардлын хэтрэлтэд санхүүгийн хөндлөнгийн аудит хийлгэхэд гадаадын зөвлөх үйлчилгээ авах, Дубайн гэрээг цуцалж хүчингүй болгох зэргийг Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд шийдвэрлүүлэхийг хүссэн юм. Мөн Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103 тоот тогтоолыг УИХ-аас гаргаад буй. Иймд эдгээр тогтоол, тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн биелэлт болон далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ирүүлэхийг хүссэн байдаг.
Бэлтгэсэн Б.Номин