АНУ-ын Юта муж улсын Солт-Лэйк хотод болсон “Fierce fighting championship” холбооны тэмцээнд Монголын тулаанчдаас Дэлхийн цом болон “MGL-1 fighting championship”-ийн аварга, шидокан каратэгийн II дан, хар бүстэй Ц.Амарсанаа 70 кг-ын жинд Бразилын тамирчин, “Ширэнгийн хүү” хочит, жиү жицүгийн дэлхийн шилдгүүдийн нэг, III дан, хар бүстэй, “Naga open” тэмцээний гурван удаагийн аварга Фабио Серраотой аваргын бүсний төлөө тулалдсан юм. Түүний өрсөлдөгч 17 тулаанд 11 ялсан амжилттай. Манай тулаанч түүнтэй таван минутаар таван үе тулалдаж илүүрхэн, аваргын бүстэй эх орондоо ирлээ. Мөн холимог тулааны “FCF MMA world cup championship” ДАШТ-д оролцсон манайхнаас М.Төр-Эрдэнэ 93 кг-д мөнгөн медаль хүртэв. 77 кг-д Н.Эрхэсболд, 66 кг-д Ц.Эрдэнэбаяр, 57 кг-д Р.Эрхэмбаяр хүрэл медаль зүүсэн байна. Энэ удаа Өмнөговь аймгийн “Юлтимакс” клубийн тулаанчид (хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль) багаараа II байрт жагсаж, мөнгөн цом гарджээ.
Бэлтгэсэн Г.Батцэцэг