Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар махны асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоогийн байдлаар манай улсад экспортлоход бэлэн болсон 10 мянган тонн мах байна. Дотоодын болон гадаадын компаниудын бэлтгэж, нөөцөлсөн эдгээр бүтээгдэхүүн Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хорио цээрийн хэлэлцээрийн шаардлагад нийцэж байгаа, эсэхэд хатуу хяналт тавьж ажиллана. Дулааны аргаар мах боловсруулах техникийн зохицуулалтыг сая шинэчлэн баталлаа. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүд цаашид энэ зохицуулалтын дагуу бүтээгдэхүүнээ боловсруулна” гэж онцлов.
Эмээлт дэх махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгааг сэтгүүлчид түүнээс тодруулахад “Монголд хүнсний хангамж, аюулгүй байдал орхигдсон. Дотоодоосоо хангах боломжтой бүтээгдэхүүнүүдийг ч гадаадаас авдаг. Импортын хяналт суларснаас, хил, гааль, тээвэр ложистикийн хүндрэлээс үүдээд чанаргүй бүтээгдэхүүн их хэмжээгээр нийлүүлэх, үнэ өсөх, хадгалах хугацаа дуусах зэрэг асуудал тулгарах боллоо. Иймд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэрүүд гаргаж, энэ салбарт шинэчлэл хийхийг зорьж байна. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжих замаар хүнсний хангамжийг сайжруулах, стандартуудаа шинэчлэх, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг дээшлүүлэхэд анхаарна. Эмээлтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас ажлын хэсэг томилсон. Тэд авч хэрэгжүүлж буй ажлуудаа цаг тухайд нь тайлагнаж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан ч үүнийг шалгаж буй. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хуулийн дагуу арга хэмжээ авна гэж найдаж байна” гэв.
Бэлтгэсэн Ж.Сувдмаа