Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Японы бүх ахлах сургуулийн сурагч охид хэд хэдэн хатуу шаардлагаас мултарчээ. Сурагчдын дагаж мөрдөх дүрмийн дагуу охид цайвар өнгөтэй дотуур хувцас өмсөж, үсээ буржийлгах, шаргал, улаанаар будах зэрэг хориотой байсныг болиулсан аж. Олон жилийн хугацаанд мөрдөж, уламжлагдсан заавал биелүүлэх шаардлагын дагуу охид мөн хүзүү, дагзны хэсгээ ил гаргаж үсээ засуулах эрхгүй байжээ. Тийм засалт нь хөвгүүдийг өдөөж, “урин дуудах” нигууртай хэмээн үздэг. Энэ мэт зарим хачирхалтай, хүний эрхийг хэт боогдуулсан заалтыг сурагчдын дүрмээс хассан байна. Ингэснээр сурагчид зөвхөн цагаан биш, дуртай өнгийнхөө дотуур хувцас өмсөж, Японд хамгийн загварлагт тооцогддог two-block hair¬cut буюу нэг талынхаа шанааны үсийг хуссан засалтыг ч сонгох боломжтой болов. Өмнө нь охид төрөлхийн цайвар, шаргал үстэй бол, эсвэл маш хурдан ургадаг онцлогтой тохиолдолд эцэг, эх нь сургуулийн захиргаанд очиж, нотолдог байсан аж. Үүнийг ч халжээ. Токио хотын Боловсролын зөвлөлийн гишүүн Юто Китамүра “Майничи” сонинд өгсөн ярилцлагадаа “Сургуульд мөрддөг байсан бүдүүлэг дүрмүүдийг халах шийдвэр нь маш чухал алхам болсон” гэжээ.
Гэхдээ зарим шаардлагыг цуцлах, үгүйг тухайн сургуулийн захиргаа шийдэх эрхтэй юм байна. Үүний дагуу бараг бүх сургуульд охидыг нүүрээ энгэсэгдэж, үсний элдэв бүтээгдэхүүн хэрэглэх, дагзны хэсэгт сүлжсэн “сүүл” унжуулах, өмд өмсөж, хөхний даруулга зүүхийг хориглосон хэвээр байх нь. 2017 он хүртэл сурагчдын дүрмийг өөрчлөх талаар нийгэмд ямар нэгэн санал санаачилга гаралгүй иржээ. Тухайн жилд Осакагийн нэг сурагч сургуулийн удирдлагаа шүүхэд өгч “Үсээ хараар будуулахыг албадсан” хэмээн заргалдсан аж. Үүний дараа сургуульд мөрддөг дүрмийг халах тухай иргэд янз бүрийн санал гаргаж, 2019 онд нөгөөх охин 25 мянган хүний гарын үсэг цуглуулжээ. Эл “тэмцэлд” нь үс арчилгааны томоохон брэндүүд нэгдэж, кампанит ажил эхлүүлсэн байна. Энэ мэтээр явсаар бодит үр дүнг өнгөрсөн сараас үзэж байгаа аж.
Сургуулийн сурагчдыг нэгэн стандарттай байлгах дүрмийг Мэйжигийн эрин үеэс (1868-1912) эхлэлтэй гэж үздэг. 1970-1980-аад оны үед багш нар сурагчдын гадаад төрх байдалд тавих шаардлагыг чангатгаж, бүгд ижил үсний засалттай болгосон аж. Тухайн үед дүрмийн дагуу цайвар өнгөтэй дотуур хувцастай, эсэхийг нь тогтмол шалгадаг байсан бөгөөд энэ бүхэн нь сургуулиудад хүчирхийлэл, дээрэлхэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж үздэг байв. Зарим сургуульд мөрддөг өөрийн гэсэн дүрэм ч байжээ. Жишээ нь, Канагава мужийн бага сургуулиудад биеийн тамирын хичээлд зориулалтын хувцас өмсөхдөө дотоож зэргээ тайлахыг шаарддаг нь хөлс нэвчсэн дотуур хувцас эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж үздэг байсантай холбоотой гэнэ. Осака хотод бага ангийн сурагчид хичээлээс гадуур ч гэсэн биеийн тамирын хослолтой явдаг байв. Үүнээс өөр хувцастай гадуур зорчихыг хориглодог байсан гэсэн үг. Хөхний даруулга хэрэглэхийг хатуу хориглодог байхад том хөхтэй сурагч охидыг эрэгтэй багш нар “шалгах” нэрийдлээр бэлгийн дарамтад оруулдаг гэсэн шуугиан нийгэмд тасардаггүй байсан гэнэ. Эцэг, эхчүүд ч дотуур хувцсаа шалгуулахдаа охид нь хүчирхийлэлд өртөх вий гэж санаа зовдог байсан учраас эл дүрмийг халахыг дэмжих том шалтгаан болжээ. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас эцэг, эх, сурагчдын эсэргүүцэл улам нэмэгдэж байгаатай холбогдуулан сургуулийн дүрэмд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан аж.
Өөр нэг хачирхалтай баримт гэвэл, ХХ зууны эхэн үеэс Японд сурагч охидын дүр төрхийг дур булаам тачаангуйн бэлгэдэл болгон хэрэглэж эхэлсэн бөгөөд дайны дараах жилүүдэд үүнийг улам дэвэргэн хөгжим, кино урлагт хөгжүүлжээ. 1970-аад оны эхээр Японы хамгийн алдартай кино компани “Никкатсү” сурагч охидыг бэлгийн хүчирхийлэлд өртөж буй анхны бүтээлээ олон нийтэд хүргэжээ. 1990-ээд оноос хойш сурагч охидын дүр төрхийг аниме, порно кинонд ашиглах болсон. Японд 13 настайдаа бэлгийн харьцаанд орохыг хуулиар “зөвшөөрдөг” бөгөөд энэ нь тийм киног хориглохгүй байх үндэс юм. Өдгөө ч эл хууль хүчинтэй бөгөөд сүүлийн жилүүдэд 16 нас хүртэл өсгөх тухай асуудлыг нийгэмд хүчтэй хөндөх болсон байна. 13 настай охидыг бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрдгийн үр дагаварт энжо-косай буюу насанд хүрсэн эрчүүд сурагч охидтой төлбөртэй болзох нь энгийн зүйл шахам болж, тархсан явдал юм. Ердөө хэдхэн жилийн өмнө 2017 онд л Токиод 18 нас хүрээгүй охидыг тийм уулзалт, болзоонд оролцохыг хориглосон байна. Ийм арга хэмжээ зохион байгуулдаг агентлагууд болон үйлчлүүлэгчдийг нь нэг сая иен буюу 8.6 мянган ам.доллароор торгодог юм байна.
Гадаадын иргэдийн хувьд япончуудын энэ мэт зарим уламжлал хэт харгис, хатуу, үл ойлгогдом байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхэн тэдний амьдрал, соёл, өв уламжлал гэдгийг ойлгож, хүндэтгэх ёстой гэж түүхчид тэмдэглэжээ.