Дулааны цахилгаан станцад сантехникч, засварчнаар цөөнгүй жил ажилласан Болд (нэрийг нь өөрчлөв) 2019 оноос Мэргэжлийн өвчин судлалын газрын чих, хамар, хоолойн эмчийн хяналтад оржээ. Эмч түүнийг “Шуугианаас үүдэлтэй сонсгол алдагдалтай” гэж оношлох хүртэл тэрбээр хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуй, чимээ шуугианаас үүдэлтэй эрсдэлийн талаар төдийлөн ойлголтгүй байж. Тиймээс техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн чанга дуу чимээг ажралгүй, “цаг наргүй” хөдөлмөрлөдөг байсан гэнэ. рэнд
Харин “Энэ байдал үргэлжилбэл 10 жилийн дараа гэхэд таны сонсгол бүрэн алдагдана. Тэтгэвэрт гарахаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдаж болзошгүй. Одооноос анхаарах шаардлагатай” гэх эмчийн үг түүнийг ихэд цочроож, эрүүл мэнддээ анхаарахаас аргагүйд хүргэжээ. Өдгөө тэрбээр сонсгол хамгаалах хэрэгсэл ашиглаж хэвшсэний зэрэгцээ илүү цагаар ажиллахаа больж, чанга дуу чимээтэй орчинд байхаас зайлсхийдэг болсон гэнэ. Мөн хагас жил тутамд эмчид үзүүлдэг хариуцлагатай нэгэн болжээ.
Сонсгол алдагдсан нь танд хэрхэн мэдрэгдсэн бэ, анзаарагдсан уу гэж түүнээс асуухад “Манай байгууллага эрүүл мэндийн аян өрнүүлж, бүх ажилтнаа үзлэг, оношилгоонд хамруулсан юм. Тэгэхэд л мэдсэн. Үе үе чих шуугихаар нь ядарснаас боллоо гээд тоодоггүй байлаа. Эхэн үедээ анзаарагддаггүй. Хүмүүс тоохгүй байсаар хүндрүүлчихдэг бололтой. Тогтмол биш юм гэхэд жилдээ ганц удаа мэргэжлийн эмчид сонсголоо шалгуулж хэвших хэрэгтэй” гэв.
Ажлын байрны орчин нөхцөл, тавигдах шаардлага, чимээ шуугианы хор хөнөөлийн талаар мэдээлэлгүйгээсээ болоод Болдын нэгэн адил эрүүл мэндээрээ хохирсон хүн цөөнгүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Сонсгол нь буурсныг мэдэлгүй, ойшоолгүй явсаар дүлийрсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд ч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч, судлаач Ц. Саранцэцэг, Д.Эрдэнэбаяр нар “Мэргэжлээс шалтгаалсан сонсгол алдагдах эмгэгийн эрсдэлт хүчин зүйлүүдийн хамаарал” судалгаа хийжээ. Тэд урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хамрагдахаар чих, хамар, хоолойн эмчийг зорьж ирсэн, чимээ шуугиан ихтэй газарт ажилладаг 102 хүнийг судалгаанд хамруулсан аж. Ингэхэд 79.4 хувь нь өмнө нь сонсголоо шалгуулж үзээгүй, 55.4 хувь нь чимээ шуугианаас хамгаалах хэрэгсэл ашиглаж байгаагүй, мэдэхгүй хэмээн хариулсан байна. Нийт хүмүүсийн 65 хувь нь сонсгол бууралттай гэсэн онош сонсжээ. Ийм оноштой хүмүүсийн дунд 25-35 насныхан зонхилж байгаа нь олон цагаар, илүү идэвхтэй ажилладагтай холбоотой гэж тайлбарлав. Харин үүнээс дээш насныхны хувьд ажилласан жил, сонсгол алдагдалтын хувь хэмжээ шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, хэр удаан ажилласнаас хамаараад сонсголын түвшин нь харилцан адилгүй гэсэн үг. Уг нөлөөнд эрэгтэйчүүд, наймаас дээш жил ажилласан хүмүүс, 25-35 насныхан илүү өртдөг” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Олон улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн стандарт, зөвлөмжид ажлын байран дахь дуу шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээг 85 децибел гэж тогтоосон байдаг аж. Үүнээс хэтэрсэн тохиолдолд ажил олгогч сонсгол алдагдахаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг жишиг дэлхий дахинд бий гэнэ. Харин манай улс Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтад шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэгийг багтаасан ч урьдчилан сэргийлэх чиглэлд дорвитой анхаардаггүйг судлаачид хөнджээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнтэй холбогдох стандарт, журамд тусгаснаар бол шуугиан ихтэй буюу орчны бохирдолд өртөмтгий газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага тодорхой давтамжтайгаар хөдөлмөрийн нөхцөлөө үнэлүүлж, шуугианы хэмжилт хийлгэх ёстой юм байна. Үүнээс үндэслээд урьдчилан сэргийлэх чиглэлээр тохиромжтой арга хэмжээ авах учиртай гэх. Харамсалтай нь, эдгээрийг яг таг мөрддөг, ажилчдынхаа эрүүл мэнд, ирээдүйд санаа тавьдаг ажил олгогч туйлын ховор учраас стандарт, журмууд нь бэлгэдэл төдий зүйл болж хувирчээ.
Монгол Улсад томоохонд тооцогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ДЦС-3”, “ДЦС-4”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг судалгаанд хамруулахад 85 децибелээс дээш хүчтэй шуугиан үүсгэдэг 42 төхөөрөмж ажиллуулж байсан бөгөөд тав болон түүнээс дээш жил ажилласан хүмүүсийн сонсголын босго ямар нэг хэмжээгээр буурсан байж. Мөн “Оюу толгой” зэрэг томоохон уурхайн ажилтнууд чихний бөглөөсийг зөв хэрэглэдэггүй, шуугианы нөлөөллөөс өөрийгөө бүрэн хамгаалж чаддаггүйг тогтоожээ. “Мэргэжлээс шалтгаалсан сонсгол алдагдах эмгэгийн эрсдэлт хүчин зүйлүүдийн хамаарал” судалгаанд хамруулсан 102 иргэний олонх нь “Говь”, “ДЦС-4” зэрэг чимээ шуугиан ихтэй, томоохон үйлдвэрт ажилладаг хэдий ч энэ төрлийн эрсдэлийн талаар наад захын ойлголт, мэдээлэлгүй байж. Тэдний 80 орчим хувь нь сонсголоо өмнө нь шалгуулж байгаагүй гэж хариулснаас их зүйл “уншигдаж” буй юм. Ажил олгогчид ч энэ асуудалд анхаардаггүй, иргэд ч эрүүл мэнддээ эзэн болдоггүй аж.
Яг одоогоор Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад мэргэжлээс шалтгаалсан өвчинтэй 2810 хүн байгаагаас 101 нь сонсгол буурах эмгэгтэй. Үүний 16 нь ажлын байрны шуугианаас үүдэлтэй гэсэн оноштой. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 2961 иргэн буйгаас зургаа нь мөн ийм эмгэгтэй байна. Энэ статистик танд сүрдмээр үзүүлэлт биш юм шиг санагдаж магадгүй. Харин судлаачид үүнийг мөсөн уулын орой төдий тоо гэж тодотгов. Учир нь, сонсгол нь буурсныг мэдээгүй, шуугианы нөлөөнд өртөж буйгаа анзаараагүй, үзлэг, оношилгоонд хамрагддаггүй “өвчтөн” үүнээс хэдэн арав дахин олон бий гэнэ. Сонсгол буурах эмгэг удаан хугацаанд үргэлжилж, алгуурхнаар “цаашилдаг” учраас хүмүүс тэр бүр анзаардаггүй байна. Уул уурхайн салбарт 10 болон түүнээс дээш ажилласан хүмүүсийн хувьд гэхэд дийлэнх тохиолдолд 50 орчим наснаас сонсголоо алдаж эхэлдэг аж. Та өнөөдөр хэн нэгний яриа, орчны дуу чимээг ямар ч саадгүй хүлээж авч буй мэт боловч сонсгол тань хэвийн бус байж болох нь. Хэдхэн жилийн дараа одоогийнхоосоо дордож болзошгүй нь. Тэгэхээр хөдөлмөрийн насныхан, ялангуяа шуугианд өртөх эрсдэл өндөртэйд тооцогддог мэргэжилтэй хүмүүс сонсголоо тогтмол шалгуулж хэвшихийг Мэргэжлийн өвчин судлалын газрын эмч нар зөвлөж байна.
Ажлын байрны шуугиан гэдэг бол сонсгол буурах, алдагдах олон шалтгааны зөвхөн нэг нь. Чихэвчний зохисгүй хэрэглээ, осол гэмтэл, чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчин, эм, тарианы буруу хэрэглээ зэрэг нь энэ төрлийн эмгэгийн шалтгаан болдог. Тэрчлэн төвлөрөл, хотжилтоос үүдэлтэйгээр жилээс жилд нэмэгдэж буй гадаад орчны шуугиан хүн амын эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлэх болсон. Хотын шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээ 07.00-23.00 цагийн хооронд буюу 16 цагийн дунджаар 60, 23.00-07.00 цагт 45 децибелээс хэтрэхгүй байх ёстой. Улаанбаатар хотын шуугианы дундаж түвшин 2016 онд өдрийн цагаар 67.3 децибел (стандартаас 7.3 нэгжээр илүү) байсан нь өдгөө чухам хэд болж өссөн нь тодорхойгүй. Учир нь, сүүлийн үед энэ чиглэлээр судалгаа хийгээгүйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга хэлэв. Орчны бохирдол буюу чимээ шуугианы асуудалд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хянах үүрэг бүхий байгууллага хэр зэрэг анхаардаг нь эндээс илэрхий харагдаж байна.
Харин үүний нэгээхэн хэсэг болох ажлын байрны шуугианаас үүдэлтэй эмгэгийн судалгааг хийсэн Ц.Саранцэцэг, Д.Эрдэнэбаяр нар холбогдох стандарт, журмын хэрэгжилтийг сайжруулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлснээр мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралттай тэмцэх боломжтой гэсэн санал дэвшүүлжээ.