Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэв. Парк шинэчлэлийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, 2024 он гэхэд хуучирсан автобуснуудаа бүрэн халах чиглэлийг Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад өгсөн байна. Сүүлийн 14 жилд буюу 2009 оноос хойш хотын нийтийн тээвэрт “салхи оруулаагүй” гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тухайн онд 400 автобус оруулж ирснээс хойш дорвитой шинэчлэл хийгээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд өнгөрсөн хугацаанд жилд ганц, хоёрхон автобус авсныг эс тооцвол улаанбаатарчууд шинэ унаагаар зорчоогүй удаж байна. Хаалга, цонх нь бүрэн хаагдахаа больчихсон, дүн өвлийн хүйтэнд салхи татуулан давхидаг, зуны халуунд агааржуулах систем нь ажилладаггүй автобуснуудаар л иргэд үйлчлүүлж байгаа.
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага буюу MNS 5012:2011 стандартын 7.4-т “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэж заажээ. Тэгэхээр өдгөө нийтийн тээвэрт ашиглаж байгаа автобуснууд уг стандартын дагуу бүгд жагсаалаас гарч, нийслэлчүүд хөл дүүжлэх унаагүй болоход хүрсэн. Арга ядвал хугацаа нь дууссан автобуснуудаа жаахан тордож, дахиад нэг жил ашиглаж болох юм гэж холбогдох мэргэжилтнүүд зөвлөж байгаа гэнэ. Улаанбаатарын иргэдийн 40 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн тооцооллыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас гаргасан байдаг. Тэгэхээр нийтийн тээвэрт аргацаасан байдлаар хандаж, насжилт нь дууссан автобусны хугацааг сунгах талаар ярих нь арай ч дээ гэмээр зүйл. Тиймээс л парк шинэчлэлийг нэн даруй хийх шаардлага тулгараад удав.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ирэх наймдугаар сарын 20 гэхэд 591 шинэ автобус авна гэж өчигдөр мэдэгдлээ. Үүний 110 нь цахилгаан, 410 нь дизель хөдөлгүүртэй автобус, 40 нь троллейбус байх гэнэ. Мөн дунд оврын автобус 30-ийг оруулж ирэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1240 автобус бүртгэлтэй ч үйлчилгээнд тогтмол гаргадаг нь 985. Бусад нь насжилт хэтэрсэн, эд ангийн доголдолтой, эвдэрсэн гэхэд болно. Тэгвэл хотын даргын хэлснээр бол өдгөө зорчигчдыг тээвэрлэж байгаа автобусны 60 хувийг нь удахгүй шинэчилнэ гэсэн үг. Ер нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1432 шинэ автобус зайлшгүй шаардлагатай аж. Үүний 50 хувийг энэ жил, үлдсэнийг нь 2023-2024 онд шинээр авч, нийтийн тээврийн асуудлаа нэгмөсөн цэгцлэх шийдэлд хүрсэн гэнэ. Гэхдээ үүнийг яаж хэрэг жүүлэх, хэрхэн ажил хэрэг болгох нь анхаарал татаж байна.
Яагаад гэвэл өнгөрсөн 14 жил хотын удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ хэмээн байнга ярьж ирсэн. Харамсалтай нь, дорвитой арга хэмжээ авч чадалгүй өдий хүрсэн юм. Уг нь өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгөөр 60 автобус авахаар болсон ч нэг жил өнгөрсөн атал өдий хүртэл сураг алга. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Автобуснуудыг удахгүй оруулж ирнэ” гэж ярьснаас хойш бараг хагас жил өнгөрөөд байна. Өчигдөр тэрбээр “Цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр ложистикийн гацаанаас шалтгаалан автобуснуудыг одоо л хил дээр авчраад байгаа. Тэдгээрийг богино хугацаанд буюу нэг сарын дотор татан авахаар ажиллаж байна” гэв. 60 автобус авах гэж л ийм их ажил, асуудал үүсгэж, хугацаа зарж байгаа хотын удирдлага 591-ийг хэрхэн, хэзээ оруулж ирэх юм бол.
Гэтэл нийтийн тээврийн салбар өдгөө шинэ автобусны үнэ төлөх байтугай урсгал зардлаа ч бүрэн хариуцах хэмжээний орлого олж чаддаггүй. Түүгээр зогсохгүй орлого өсөх бус, харин жилээс жилд буурсаар байгаа гэнэ. Тухайлбал, 2017 онд тус салбарын орлого 50 тэрбум төгрөг байжээ. Түүнээс хойш 2018 онд 43, дараа жил нь 36 тэрбум болж буурсан байна. Энэ маягаар багассаар өнгөрсөн жилийн орлого нь 2017 оныхоос 50 хувиар буурч, 25 тэрбум төгрөгт хүрчээ. Учир нь мөнгөө төлдөггүй, эсвэл үнэгүй зорчдог хүн олон байдаг гэнэ. Жишээ нь, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч П.Наранбаяр твиттерт “2021 онд автобусанд мөнгөө төлөөд зорчсон тоо 68 сая байсан бол үнэгүй зорчилт нь 32 сая байжээ. Бараг тал нь үнэгүй зорчиж байхад жил бүр нийслэлийн төсвөөс 180 тэрбумын татаас авахаас өөр аргагүй. Үнэгүй юм болгон эдийн засгийн зөв эргэлтийг гацааж байдаг” хэмээн “жиргэжээ”.
Үнэхээр ч хотын төсвөөс нийтийн тээврийн салбарт өгсөн татаас нь жилээс жилд нэмэгдсээр ирсэн байх юм. Тодруулбал, 2017 онд автобусны компаниудад нийслэлийн төсвөөс 50 тэрбум төгрөг олгожээ. Тухайн үед орлого болон татаасынх нь хэмжээ адилхан байсан гэсэн үг. Харин өнгөрсөн онд төсвөөс олгосон татаасын хэмжээ 105 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Татаасын хэмжээ нь орлогоосоо 4.2 дахин ихэссэн гэсэн үг. Түүнчлэн энэ оны төсөвт л гэхэд татаасыг 171 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Гэтэл нийтийн тээврийн парк болон төлбөрийн системийн шинэчлэлд 77 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлд зарцуулах мөнгө нь татаасаасаа хоёр дахин бага байна.
Нийслэлийн хэмжээнд одоогоор төрийн өмчит болон хувийн хэвшлийн 19 компани 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явуулж байгаа аж. Гэсэн хэдий ч автобус хүртээмжгүй, удаж удаж арайхийн ирдэг гэх мэтийн гомдол, санал нийслэлийн Нийтийн тээврийн газарт байнга ирдэг гэнэ. Хүртээмжийг сайжруулахын тулд чиглэлийн тоог 23, автобусыг 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Гэсэн ч энэ хэмжээний нөөц тус газарт байхгүй.
Хотын даргын хэлснээр бол нийтийн тээврийн парк шинэчлэлийг шуурхай хийхийн тулд шинэ автобуснуудыг тендер зарлалгүйгээр үйлдвэрлэгчээс шууд худалдан авах гэнэ. Үүний санхүүжилтийг нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, олон улсын санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлэх 40 сая орчим ам.долларын зээлээр авах гэнэ. Уг зээлээ хоёр жил орчмын хугацаанд, тухайн автобусныхаа ашиглалтын орлогоор төлөх шийдэл гаргажээ. Энэ тохиолдолд шинэ автобусны мөнгийг иргэд, зорчигчид төлнө гэсэн үг.
2015 онд нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг систем нэвтрүүлж, картаар үйлчилдэг болсон. Түүнээс хойш өнгөрсөн оныг дуусталх хугацаанд нийт 360 тэрбум төгрөгийг нийтийн тээвэрт татаас хэлбэрээр олгожээ. Үүнд холбогдох албаныхан хяналт тавиагүй, хөгжүүлээгүйтэй холбоотой. Тодруулбал, картгүй иргэд жолоочид мөнгөө өгдөг нь бараг уламжлал болчихсон. Нийтийн тээврийн орлогын 22-25 хувь нь жолоочийн халаасанд ордог гэх тоог холбогдох албаныхан хэлдэг юм билээ. “Уг асуудлаа шийдээч” гэхээр “Автобуснуудад камер байдаг ч цахим системд холбоогүй учир жолооч үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцаж байгааг хянах боломжгүй” гэсэн хариулт хэлдэг. Үүнийг шийдэхийн тулд хянагч ажиллуулдаг ч тийм ч үр дүнтэй биш аж. Картын систем нэвтрүүлснээс хойш долоон жил өнгөрсөн атал ганц энэ асуудлыг ч шийдэж чадахгүй байгаа нь хачирхалтай. Хэрэв шинэ автобуснуудынхаа төлбөрийг орлогоороо төлнө үүнийг зайлшгүй цэгцлэх шаардлага тулгарч буй юм.
Нөгөө талаар нийтийн тээврийн салбарын орлогын хэмжээ ийм бага байхад 40 сая ам.долларыг хоёр жилийн хугацаанд хэрхэн төлөх нь тодорхойгүй бөгөөд иргэдийн нуруун дээрх ачааг ихэсгэж, үйлчилгээний үнийг нэмэх юм биш биз гэсэн хардлага ч байна. Юутай ч нийтийн тээврийн парк шинэчлэлийг Засгийн газрын ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаар дахин хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэрийг хэрхэн гаргахыг харах л үлдлээ.