“Түгээмэл хөгжил” төвийн гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал энэ удаа манай сурвалжлагчаар ажиллалаа. Тус төв нь 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэл, санаачилгаар байгуулагдсанаас хойш бэрхшээлийн хэлбэрээс үл хамааран бие даасан, эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлж, хүртээмжтэй нийгмийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн билээ.
Уншигч-сурвалжлагч Н.Мөнхжаргал IRIM судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааны захирал Г.Жаргалмаатай ярилцсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд 2020 онд тус хүрээлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл” чанарын судалгааг гүйцэтгэжээ. Г.Жаргалмаа нь тус судалгааны багийн зохицуулагчаар ажилласан бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан түүнийг зочноор урилаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар хийсэн судалгааны тухайд мэдээлэл өгөхгүй юү?
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илрүүлж, тэдний амьдралын түүхийг нь яриулж, дүн шинжилгээ хийх байдлаар уг чанарын судалгааг гүйцэтгэсэн. Хөгжлийн бэрхшээлийн зургаан төрөлд хамаарах 150 хүнийг Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, Налайх, Сонгинохайрхан дүүргээс сонгосон. Мөн асран хамгаалагч, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нартай ажилладаг, урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаа явуулдаг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багийн төлөөлөл, төрийн албан хаагч нартай ч ярилцсан. Ингээд тооцвол нийт 220 гаруй хүн судалгаанд оролцсон гэж хэлж болно. Түүнчлэн Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангаас 2017 онд хийсэн, жендерт суурилсан хүчирхийллийн судалгаатай манайх арга зүй, тодорхойлолтын хувьд ижил учраас үр дүнг нь үндэсний хэмжээнд, хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсийнхтэй харьцуулж харах боломжтой.
-Хүчирхийллийн ямар хэлбэр түлхүү үйлдэгдэж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийг ерөнхийдөө бие махбодын, эдийн засгийн, сэтгэл санааны болон бэлгийн гэж дөрөв ангилж байгаа. Сүүлийн үед энэ төрлийн судалгаануудад controlling behavior буюу хянах зан үйлийн хүчирхийлэл гэсэн хэлбэрийг тусад нь авч үзэх болсон. Судалгааны үр дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хянах зан үйлийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд нийтлэг өртөж байгаа нь ажиглагдсан.
-Хянах зан үйлийн хүчирхийллийн тухайд тодруулахгүй юу?
-Хянах зан үйл нь ерөнхийдөө энэ чиглэлд шинэ ойлголт, нэр томьёо болж байна. Гэр бүлийн хүнийхээ үйлдлийг хянадаг, өөрийнхөөрөө байлгах гэдэг, эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг үүсгэх тохиолдол их байдаг ч хүчирхийлэл гэдэг талаас нь авч үзэж, тусад нь ялгаж судалдаггүй байсан. Ерөнхийдөө хувь хүний орон зай, шийдвэр гаргах байдалд нь нөлөөлөх, зан үйлийг нь хянах гэсэн үйлдлүүд үүнд багтаж байгаа юм. Тухайлбал, найз нөхөд, үе тэнгийнхэн, гэр бүл, хамаатан садантайгаа уулзахыг нь хориглох, эсвэл өөрөөс нь зөвшөөрөл авахыг шаарддаг. Энэ нь ихэнх тохиолдолд хардалтаар илэрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд гэр бүлийн гишүүд нь энэ маань ийм, тийм учраас өөрт нь л санаа зовж ийм үйлдэл гаргадаг гэх маягаар тайлбарладаг. Гэтэл эдгээр үйлдэл нь тухайн хүний хувийн орон зай, эрх мэдэл, шийдвэр гаргах байдал зэрэг бие даасан байдалд нь бүх талаар нөлөөлж, эрхэм чанарыг нь хүртэл үгүйсгэж байдаг.
Судалгааны явцад гарсан нэг жишээг дурдъя. Эхнэр нь зам, тээврийн ослын улмаас хөлөө тайруулж, хиймэл хөлтэй болсон байсан. Гэтэл нөхөр нь ажилдаа явахдаа хиймэл хөлийг нь аваад явчихдаг. Эхнэрээ гэрээс гаргахгүй гээд тэр шүү дээ. Эхнэр нь гэртээ хүүхдүүдээ харж өнжихдөө ариун цэврийн өрөө рүүгээ мөлхөж очдогоо хэлж байсан л даа. Ялангуяа орон нутагт хянах зан үйлийн хүчирхийлэл илүүтэй ажиглагдсан.
-Тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй хүмүүс заавал хэн нэгнээс тусламж хүсдэг. Сурч, боловсрох хэрэгцээ, шаардлага байсан ч гэр бүлийнхнийхээ зав, боломжийг хардаг. “Завгүй байхад хэн чамайг сургах гээд явж байдаг юм бэ” гэх мэтээр хандах нь энүүхэнд. Энэ нь хянах зан үйлийн хүчирхийлэл мөн үү?
-Хүчирхийлэл мөн үү гэвэл мөн. Илэрч байгаа хэлбэрийн хувьд үл хайхрах байдал юм. Гэхдээ үүнийг ярихын тулд хүчирхийлэл үйлдэгдэхэд юу нөлөөлөөд байна вэ гэсэн асуултад хариулах шаардлагатай. Гэр бүлийнхнийг нь шууд буруутгахад хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртөөд байгаа юм бол энэ эрсдэлийг чухам юу илүү нэмэгдүүлээд байгаа юм бэ гэдэг талаас нь нөлөөлж байгаа хүчин зүйлсийн шинжилгээг бид хийсэн.
Ингэхдээ хувь хүн буюу хүчирхийлэлд өртөөд байгаа хүнээс өөрөөс нь, гэр бүлээс нь, амьдарч буй орон нутгаас нь болон тогтолцооны талаас гэсэн дөрвөн түвшинд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан юм. Жишээ нь, таны асуугаад байгаа зүйл олон нийтийн түвшний хүчин зүйлтэй холбоотой. Тодруулбал, амьдарч байгаа орон нутагт нь нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж муу, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд заавал хэн нэгний дэмжлэг авахад хүрч байна шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан амьдрах дэд бүтэц, тогтолцоо бүрдээгүй, олон нийтийн хандлага төлөвшөөгүй зэрэг нь шууд бусаар нөлөөлж, гэр бүлийн гишүүдээсээ хамааралтай байхаас өөр аргагүй байдлыг үүсгэж байгаа юм. Ингэснээр хувь хүний сонирхол, эрхэм чанар нь орхигдож, сурч боловсрохын тулд гэрийнхнийхээ завтай, боломжтой цагийг харгалзахаас аргагүйд хүрч байна. Энэ мэтээр тогтолцоо, олон нийтийн түвшний олон хүчин зүйл хувь хүн, өрхийн нөхцөл байдалд нөлөөлж буй тохиолдлыг ярьж болно.
Бодлого боловсруулагчдад судалгааны үр дүнг танилцуулахаар “Яг аль хүчин зүйл рүү нь анхаарах шаардлагатай вэ” гэж асуудаг. Гэтэл шууд 1-2 хүчин зүйлд анхаараад бид асуудлыг шийдэхгүй. Бие биеэсээ урган гарсан, хоорондоо холбоотой байгаа юм.
-Гэр бүлээс хамаарах хүчин зүйлсийн тухайд тодруулахгүй юу?
-Хамгийн түрүүнд гэр бүлийн санхүүгийн чадавхаас ихээхэн хамаарч буй. Өрхийн орлогын хүрэлцээ, нийт орлогод халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь, хэмжээ өндөр, цалин, бусад орлогын эх үүсвэр бага, шуудхан хэлбэл, амьжиргааны түвшин доогуур байх тусмаа тэр гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэх магадлал өндөр байгаа нь нийтлэг байна. Мөн гэр бүлийн гишүүдийн уур амьсгал, харилцаа, шийдвэр гаргах байдал нь томоохон хүчин зүйл болж байна. Гэр бүл дэх эрх мэдлийн харьцаа тэнцвэргүй байх тусам тэр хэрээр хүчирхийлэл үйлдэгдэх магадлал өндөр болно. Гэр бүлийн гишүүдийнхээ санал, бодлыг асуудаггүй, зонхилох шийдвэрийг гэр бүлийн нэг гишүүн (гэрийн эзэн, нөхөр...) нь гаргах байдал нийтлэг хэвээрээ, ялангуяа орон нутагт түлхүү ажиглагдсан.
Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн эрсдэлт зан үйл гэдэгт архидалт, хардалт зэргийг нэрлэж болно. Ер нь архинаас л болоод хүчирхийлэл гараад байгаа юм шиг ярих нь түгээмэл байдаг. Гэтэл нөлөөлж байгаа хүчин зүйлсийг ангилаад харахаар архидалт нь ердөө л тухайн хүчирхийлэгчийн зан байдлыг өдөөгч нэг хүчин зүйл болж байгаа юм. Тухайн хүнд угаас суусан, хүчирхийллийн шинжтэй ийм үйлдэл гаргаж болно, хүнтэй ингэж харилцахад яадаг юм бэ гэдэг хандлага, хүмүүжил, түрэмгий зан авир зэргийг өдөөгч нэг л хүчин зүйл нь архи юм. Архи уухаараа тэдгээр зан авир нь илүү илэрч буй хэрэг.
-Тэгвэл ямар хэлбэрийн хүчирхийлэлд аль төрлийн бэрхшээлтэй хүмүүс илүү өртөж байгааг судалгаанаас харах боломжтой юу?
-Тухайлбал, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүх хэлбэрийн хүчирхийлэлд өртөж буй байдал нь өндөр хувьтай байна. Тэд аюултай байдалд орлоо гэхэд өөрийгөө хамгаалах, зугтаах боломжгүй учраас хохирогч болох эрсдэл өндөр байдаг юм байна. Гэхдээ хүчирхийллийн хэлбэрүүдийг тус тусад нь ярих аргагүй, нийтлэг тохиолдолд хавсарсан шинжтэй байдаг. Тухайлбал, бие махбодын хүчирхийллийн ард сэтгэл санааны болон хянах зан үйлийн хүчирхийлэл заавал байдаг.
Судалгааны хүрээнд бид хүчирхийлэл хэр аюултай түвшинд үйлдэгдэж байгааг нь мөн тодруулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/83 дугаар тушаалаар шинэчлэн баталсан, Аюулын зэргийн үнэлгээ хийх журам гэж бий. Уг журмын хавсралтаар батлагдсан асуулгад тулгуурлан үнэлгээ хийхэд харааны бэрхшээлтэй хүмүүс илүү аюултай нөхцөлд хүчирхийлэлд өртөж байсан гэсэн үр дүн гарсан.
-Манай нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэр бүлд нь л даатгаад орхиж байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй, бүх хүний хувьд гэр бүл нь хамгийн аюулгүй орчин байх учиртай. Гэтэл судалгааны үр дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэр бүл нь бараг хамгийн аюултай орчин болчихсон ч юм шиг.
-Гэр бүл хамгийн аюулгүй орчин гэж ойлгоод байдаг атал тэнд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг гэр бүлийн гишүүд нь ч, хүчирхийлэлд өртөөд байгаа хүн ч мэдэхгүй байгаа нь уг асуудал илрэхгүй, мэдэгдэхгүй байгаагийн гол шалтгаан. Хүчирхийллийг таньж, мэдэхгүй бол нөхцөл байдал даамжирна уу гэхээс багасахгүй.
Нэг талаас бид судалгаа авахаас гадна нөлөөллийн ажил хийсэн гэхэд болно. Тухайлбал, ярилцлага дууссаны дараа “Танд дахиад ийм зүйл тохиолдвол цагдаагийн байгууллагад хандаарай, тусламж аваарай” гэхэд зарим нь хүлээж авахгүй, бараг л “Та нар айл гэрийн асуудалд оролцлоо” гэх маягаар хандаж байсан. Эсвэл маш хүлцэнгүй, нөхцөл байдалтайгаа эвлэрсэн, угаасаа л эмэгтэй хүний амьдрал ийм л байдаг гэж хариулж байгаа юм. Иймэрхүү хандлага ялангуяа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд илүү ажиглагдсан.
Нөгөө талаас цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага өгч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн хэр олон байгааг тодруулахад жилд ирж байгаа нийт дуудлагын нэг хүрэхгүй хувийг эзэлж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчирхийлэлд маш их өртөж байгаа, гэхдээ тэр нь илрэхгүй, далд буйг эндээс харах боломжтой.
-Хэдэн хувь нь хүчирхийлэлд өртөж буйгаа мэдэхгүй байна вэ?
-Судалгааны төгсгөлд бид хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нь хэмжсэн. Оролцогчдын 12 хувь нь бидний асуусан үйлдлүүдийг бүгдийг нь хүчирхийлэл мөн гэж таньсан. Харин 43 хувь нь огт ойлголтгүй буюу дурдсан нэг ч үйлдлийг мэдэхгүй, бүр өөрийг нь зодож байсан ч хүчирхийлэл биш гэж үзсэн. Гэр бүл дотор ийм зүйл байх нь гайхах зүйл биш, зүгээр л гэр бүлийн зөрчил, маргаан, хэрүүл гэх мэтээр тэд тайлбарлаж байсан л даа. Харин үлдсэн хэсэг нь буюу 45 хувь нь зарим үйлдлийг нь хүчирхийлэл гэж хүлээн зөвшөөрч, заримыг нь үгүйсгэж байсан. Жишээ нь, хянах зан үйлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй хүн маш олон байсан. Хоёрдугаарт, бэлгийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлголт тун бага байна. Тэр тусмаа гэр бүл доторх бэлгийн хүчирхийллийг 40-өөс дээш насны гэр бүлтэй эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөхгүй хандлага давамгайлсан. Тэд энэ байдлаа эхнэр, нөхрийн хооронд байдаг л зүйл гэж ярих жишээтэй. Гэтэл болсон явдлыг нь сонсохоор, жишээ нь, хагалгаанд орсон, эрүүл мэндийн хувьд хүнд заалттай байхад нөхөр нь хүсвэл бэлгийн харилцаанд орох ёстой, үгүй бол зодуулна гэх мэтээр ханддагаа ярьсан. Гэтэл тэр хүнд үлдэж байгаа мэдрэмж, үр дагавар нь эрүүл мэндийн талаасаа ч хохиролтой байгаа шүү дээ. Нөхөр нь янз бүрийн бичлэг үзээд, хүсэхгүй байхад нь тэрийгээ дуурайж хийхийг шаарддаг, дургүйцвэл элдэв үгээр доромжлох, гар хүрдэг атал хүчирхийлэл гэж үзэхгүй байгаа юм.
-Ингэхэд оролцогчдын хүйсийн харьцаа ямар байсан бэ?
-Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь эмэгтэй, 36 хувь нь эрэгтэй байсан. Тэдний 74 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байгаа юм. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хүйсээр нь ангилбал 72 хувь нь эмэгтэй, бусад нь эрэгтэй байсан. Эрэгтэй хүмүүс ч хүчирхийлэлд өртдөг нь эндээс харагдах болов уу. Тэд ихэвчлэн сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг нь ажиглагдсан.
Гэхдээ хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү өртөмтгий байгаа нь манай нийгмийн уламжлалт соёл, жендерийн хэвшмэл хандлагатай холбоотой. Бэрхшээлийн онцлогоос бас хамаарах талтай ч хүйсээс хамаарсан, тэр дундаа эмэгтэй байх тусмаа хүчирхийлэлд өртөмтгий, эмзэг байгаа дүр зураг тод харагдаж байна. Жишээ нь, хоёр сонсголын бэрхшээлтэй хүн гэр бүл болсон тохиолдол олон бий. Тийм гэр бүлд эрэгтэй нь илүү хүчирхийлдэг байх тохиолдол түлхүү ажиглагдсан.
-Та бүхэн анх ямар таамаглал дэвшүүлж байв?
-Нөлөөлж байгаа хүчин зүйлсийг шинжлээд өөр дүгнэлтэд хүрсэн л дээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод хүчирхийлэлд өртөж байгаа дүр зураг харагдаагүй. Хөгжлийн бэрхшээлгүй байсан ч тэр гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэхээр л байгаа юм.
Тэгвэл яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүчирхийлэлд өртөмтгий, эмзэг бүлэг болж харагдаад байна вэ. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл ч биш, өөр бусад гэмт хэрэг, дарамт ирэхэд түүнээс өөрийгөө хамгаалах хүчин зүйл тухайн хүнд хэр төлөвшсөн бэ гэдгээс л хамаарч байгаа юм. Боловсрол, мэдлэг, хөдөлмөр эрхэлдэг, эсэх, санхүүгийн бие даасан байдал, нийгмийн харилцаа, холбоо зэрэг нь хамгаалалтын хүчин зүйлд тооцогддог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй байх нь ялангуяа манай улсын нөхцөлд эдгээр хамгаалах хүчин зүйлийг сулруулж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод боловсрол эзэмшиж, ажил хийж, нийгмийн амьдралд оролцож чадахгүй байна шүү дээ.
Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэлтгүй ямар ч хүн ийм нөхцөлд ороход авах туслалцаа, хамгаалалт, үйлчлэх тогтолцоо хүртээмжтэй байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд туслалцаа хүсэж хандсан ч манай хамтарсан баг, түр хамгаалах байр, мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны хүрэлцээ бага, мэргэжилтнүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, тусгай хэрэгцээний талаар ойлголт мэдлэг бага, хүний нөөц, санхүүгийн хувьд ч хүн бүрт хүрч ажиллах боломжгүй байна.
Олон улсын хэмжээнд хөгжиж байгаа орнуудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд бэрхшээлгүй эмэгтэйчүүдээс хүчирхийлэлд өртөх магадлал 2-4 дахин өндөр байдаг гэсэн судалгааны үр дүнгүүд гарсан байдаг. Бидний хийсэн судалгаанд энэ үзүүлэлт ойролцоогоор хоёр дахин өндөр гарсан. Судалгааны багт нөхцөл байдал, салбараа мэддэг хүмүүс багтсан учраас иймэрхүү үр дүн гарах болов уу гэж таамаглаж байсан.
-Судалгааны явцад гарсан анхаарал татсан тохиолдлуудаас хуваалцаж болох уу?
-Багаараа ярилцаад ч ямар төрлийн хүчирхийлэл болохыг нь тодорхойлоход төвөгтэй байсан нэг тохиолдол бий. Тухайн гэр бүл хоёр өсвөр насны охинтой. Аав нь архины хамааралтай, олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй. Нэг шөнө согтуу ирээд эхнэр, хоёр охиноо унтаж байхад үсийг нь хайчлаад хаячихсан байгаа юм. Биднийг судалгаа хийх явцад тэд үсээ хусуулчихсан байсан л даа. Ямар ч шалтгаангүйгээр, унтаж байхад нь эмэгтэй хүнийг үсээ хусуулах хэмжээнд хүртэл нь хайчилж, хяргана гэдэг ялангуяа охидын хувьд маш гэнэтийн явдал байсан. Ангийн хүүхдүүдээсээ ичих, элдвээр хэлүүлэх, элдэв нэр, хоч зүүх зэргээр охид нь сэтгэл санааны хувьд уналтад орсноо ярьж байсан.
-Тэгээд та бүхэн ямар хэлбэрийн хүчирхийлэл гэж үзсэн бэ?
-Шууд ангилахад төвөгтэй байсан. Үнэхээр судалгааны зорилгоор аль нэг хэлбэр лүү нь оруулах шаардлагатай байсэн учраас уг тохиолдлоос гадна тухайн гэр бүлд тохиолддог хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг харгалзаад бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд хамааруулж авч үзсэн.
-Манайд хууль нь бий ч хэрэгжүүлэхдээ хангалтгүй байдаг. Судалгаа хийсэн хүний хувьд ямар арга хэмжээ авбал хүчирхийлэл буурна гэж бодож байна вэ?
-Дээр дурдсан нөлөөлж байгаа хүчин зүйлс рүү чиглэсэн, урт хугацааны үйл ажиллагааг явуулж байж л эдгээр асуудлыг сууриар нь бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Судалгааны багаас өгч буй гол мессеж бол тогтолцооны болон олон нийтийн түвшинд тодорхойлогдсон хүчин зүйлс рүү, урт хугацааны бодлогод суурилсан системтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх явдал. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэхээр энэ талаарх мэдлэг, ойлголт өгөх, урьдчилан сэргийлэх гэх мэт кампанит ажлууд түлхүү хийэг. Мэдээж хувь хүн, гэр бүлийн түвшинд ойлголт өгөх ажлууд хийх нь зөв. Гэхдээ том зургаар нь харвал хуулиа бүрэн хэрэгжүүлэхгүй, хүчирхийлэлд өртөж, хохирсон хүн цагдаад хандаад ч тусламж авч чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод нийгмийн амьдралд оролцох боломжгүй байвал хэчнээн кампанит ажил явуулаад энэ асуудлын суурь шалтгаан арилахгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бие даан амьдрах тогтолцоог нь бүрдүүлэх нь уг асуудлыг бууруулж болох тогтолцооны шинжтэй чухал шийдэл байгааг онцлон хэлмээр байна. Энэ талаар сүүлийн үед идэвхтэй яригдаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тэдний бие даан амьдрах эрхийг хуульчилсан. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч нийгмийн амьдралд бие даан оролцоход хувийн туслахын үйлчилгээгээр дамжуулан дэмжлэг үзүүлэх явдал олон улс оронд байдаг. Үүнийг хэрэгжүүлж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн амьдралд оролцоод зогсохгүй, хүчирхийлэл, гэмт хэрэг, аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах зэрэг олон талаар ач холбогдолтой. Нөгөө талаас гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь заавал хөгжлийн бэрхшээлтэй хүнээ асрахын тулд ажил, хөдөлмөр хийхгүй үлдэж байгааг багасгахад уг үйлчилгээ чухал нөлөөтэй.
-Тийм ээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан амьдрах үйлчилгээг хэрэгжүүлэх журмыг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөнө. Бидэн шиг хүмүүс хувийн туслахын үйлчилгээ аваад, хүссэн үедээ нийгмийн амьдралд оролцох боломж нь нээгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа хүн ч ажил, хөдөлмөр хийвэл өрхийн орлого ч нэмэгдэнэ шүү дээ. Хэн хэнийх нь сэтгэл санаа өөдрөг болно. Гэр бүлийн уур амьсгал ч эергээр өөрчлөгдөнө. Энэ хуулийг хэрэгжүүлбэл олон хүнд хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах гэдгийг тэд өөрөө бүх зүйлийг хийгээд, хэнээс ч дэмжлэг авахгүй болчих юм шиг ойлгох хүн олон байдаг. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө бүхнийг хийж чадахгүй шүү дээ. Харин олон улсад үүнийг шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, сонголт хийх гэсэн гурван үйлээр тодорхойлж, ойлгодог. Бэрхшээлийн төрлөөс үл хамааран өөрсдөө шийдвэр гаргадаг, сонголтоо хийдэг, эргээд хариуцлага хүлээж чаддаг байхыг л хэлээд байгаа юм.
Сонирхолтой судалгааны талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Олон улсын гэр бүлийн өдрөөр ийм чухал сэдэв хөндөн ярилцаж, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө бага ч болов хувь нэмрээ оруулсан байгаасай хэмээн хүсэж байна.
Тэмдэглэсэн Б.НОМИН