Пакистанд эрх баригчаа солих оролдлогод Вашингтон оролцож буй нь, Оросын эсрэг фронтод лалын шашны энэ томоохон улс нэгдэхийг хүсэхгүй байгаа нь одоогийн нөхцөлд олны анхаарлыг ихээхэн татах болов. Оросын хувьд энд болж буй үйл явдлыг зөв ойлгох нь чухал байна. Харамсалтай нь, Пакистанд оросууд анхаарлаа маш бага хандуулж ирсэн байх юм.
Тийм ч болохоор Ерөнхий сайд Имран Хан нь саяхан Орост айлчилсан нь, энэ зуунд өндөр түвшинд анх удаа эдний зүгээс ийн зочилсон нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Владимир Путин Пакистанд ер очиж байсангүй. Исламын энэ БНУ-ын удирдагчид 1998 оноос Орост ирж, очих болсон байдаг. Пакистаныг бол байдаг л нэг улс гэж үзэж болохгүй, эднийх хүн амынхаа тоогоор (220 сая) дэлхийд тавд ордог, цөмийн зэвсэгтэй есөн улсын нэг. Сулавтар эдийн засагтай (40 дүгээр байранд ордог) ч нөөц боломж ихтэй, газар зүйн хувьд анхаарахгүй байхын аргагүй байршилтай юм. Имран Хан, Путин нарын уулзалт хоёрдугаар сарын 24-нд буюу Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн өдөр тохиосон болоод ч тэр үү, мэдэгдэхүйц дуулиан ер бололгүй өнгөрсөн. “Оросын түрэмгийллийг” Имран Хан шүүмжлээгүйд Өрнөд хэрхэн эгдүүцсэнийг үл хайхран хэдэн өдрийн дараа Оросын үйлдлийн эсрэг НҮБ-д Өрнөдийн Элчин сайд нарыг саналаа өгөхийг ил шулуун уриалахад нь тэрбээр “Биднийг хэлсэн болгоныг чинь хийж байдаг боолоо гэж та бүхэн бодоо юу” хэмээн эрс ширүүн хариулсан юм.
Одоо бол Имран Ханы Засгийн газарт Парламент нь итгэл үзүүлэлгүй огцруулж орхилоо. Ерөнхий сайд байсан, шоронд хоригдох ял аваад Лондонд аж төрж байгаа Наваз Шарифын дүүг оронд нь Ерөнхий сайдаар томилчихоод байна. Парламентдаа болсон санал хураалтыг Имран Хан хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөөгүй. Парламентыг тарааж, шинэ сонгуулийн тов зарлахыг шаардаж, улс орон даяар нь түүнийг дэмжсэн жагсаал цуглаан болж байна. Гэхдээ энд бүхнийг гудамжинд ч, Парламент дээр ч биш, ердөө л арми нь шийднэ.
Дэлхийн бүх улс өөрийн гэсэн армитай, ганцхан Пакистанд л арми нь өөрийн гэсэн улстай гэсэн дээр үеийн явган шог байдаг нь ердөө ч наргиан биш. Арми нь лалын шашинт тус улс оршин тогтнохын баталгаа нь болж байдаг юм. Пакистан нь олон үндэстний маш шашинлаг орон, суннитууд олонх нь, тэгсэн хэрнээ “өнгө алагласан” мужуудыг нь исламын тугийн дор нэгтгэж хүч хүрдэггүй тийм улс. Тус улсын 75 жилийн түүхэнд арми нь хэд хэдэн удаа бүрэн эрх мэдлийг гартаа авч байсан юм. Гэтэл одоо арми чив чимээгүй, улстөрчид нь л хэл амаа ололцохыг хичээж байна. Улс төрийн хямрал нь гүнзгийрвэл арми нь шийдвэр гаргана. Одоогоор үйл явдлыг ажигласан байдалтай байна. Штабын дарга, генерал Камар Бажва үймээн самуунд оролцохгүй байгаа ч чухам түүний үг л эцсийн шийдвэр болно.
Пакистаны одоогийн арми гэж чухам юу вэ. Урьд нь эдний арми Британийн үлэмж их нөлөөн дор, АНУ-аас зэвсэг авдаг байсан бол сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдсөн. Пакистаны генералууд Өрнөдөөс хамааралтай байхыг хүсэхээ байж, өнгөрсөн зууны 60-аад оноос Хятадтай хэлхээ холбоогоо бэхжүүлэн, Афганистанд дайн эхэлснээс хойш, ялангуяа америкчууд Кабулыг орхисны дараа тэдэнд итгэх нь эрс багассан. Энэтхэг зэвсэг нийлүүлэх нь нэмэгдсэнээр Пакистан-Энэтхэгийн зөрчил дээр америкчууд тоглолт хийж чадахаа байж, Пакистаны генералууд хуучин холбоотондоо итгэхээ болив.
1970-аад онд Зүүн Пакистаныг тусгаарлаж Бангладеш улсыг бий болгоход хүрсэн дайнд Энэтхэгийг дэмжсэнээс, 1980-ад онд Афганистанд тодорхой тооны цэргээ оруулж дайн хийхдээ Пакистан дахь бааз дээр түшиглэж байснаас Оросыг цэрэг дайны өрсөлдөгчөө гэж үзэх болсон ч одоо түншийн харилцаатай байх болжээ. Цэргийн хамтарсан сургуулилалт хийж, Оросоос зэвсэг худалдан авч, хий дамжуулах хоолой ч барьж байгуулахаар төлөвлөж байна. Орос, Хятад хоёр Азид аюулгүй байдал хангах гол хүч болгоод байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Пакистан элсээд орчихсон. Засгийн эрхэнд нь талибууд буцаж ирснээс хойш байдлыг тогтворжуулж, Афганы амьдрах чадварыг сэргээх гэсэн нийтлэг зорилт Орос, Пакистан хоёрыг ойртуулж байна. Нэг талаас Кашмир мужаас үүдэлтэй нутаг дэвсгэрийн маргаантай байдлыг Энэтхэг, нөгөө талаас Пакистанд олуул байдаг пуштун үндэстэн хүн амынх нь олонх болсон Афганистан хоёрын дунд тус улс оршдог юм. Энэ хоёр улс Пакистан оршин тогтноход маш чухал үүрэгтэй. Пуштуны омгуудыг тараан байрлуулсан Дюраны шугамыг Афганистаны аль ч Засгийн газар хүлээн зөвшөөрч байсангүй, гэтэл тэр нь эдний хилийн зааг болж байдаг. Тэгэхлээр Пакистаны гадаад улс төрийн байдал ихээхэн төвөгтэй, аюулгүй байдал нь түүний хувьд анхаарахгүй байж боломгүй асуудал юм.
Өрнөдийн орнуудаас тавьж буй өргөн цар хүрээтэй хоригт Энэтхэг улс Хятадын адил төвийг сахисан байр суурьтай байгаа ч цэрэг дайны байдал хурцадсан нөхцөлд цөмийн зэвсэг нь улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах гол, ганц хэрэгсэл болохыг үй олноор хөнөөх зэвсэгтэй Пакистанд Украины үйл явдал ойлгуулсан байна. Оросын эсрэг хоригт нэгдэхээс Энэтхэг татгалзсан учраас Исламбадтай цэргийн салбар дахь хамтын ажиллагаагаа сэргээх хэмжээнд хүртэл үйл явдал өрнөхийг үгүйсгэмгүй ч Делитэй тогтоосон харилцаандаа хохирол учруулан байж Пакистаныг Вашингтон дэмжих нь юу л бол.
Пакистаны дотоодод байдал аятай таатай биш байна. Өнгөрсөн зууны сүүлийн 30 гаруй жил Пакистаны эрх мэдлийг Шариф, Бхуттогийн хоёр омог ээлжилж авч байсан. Тэгэхдээ энэ хугацаанд Засгийн эрх цэргийнхний гарт бас шилжиж байв. Энэ хоёр омог Пенжаб, Синд гэдэг томоохон мужийг, хоёр томоохон ард түмнийг төлөөлдөг. Эдний нам нь олон талаар омгийн хийгээд шашны зарчмаар байгуулагддаг юм. Энэ нь мэдээж улс орныхоо эв нэгдлийг бэхжүүлдэггүй, харин ч авлига, удирдлагын эрх мэдэлгүй, тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байдаг.
Тиймээс Пакистаны хүн амын гуравны нэгийг эзэлдэг пуштун үндэстэн, домогт тамирчин, крикет (бөмбөг цохиж биенийхээ хаалганд оруулдаг хоккейтэй төстэй багийн тоглоом)-ийн дэлхийн аварга асан Имран Хан орж ирсэн нь Пакистаны улс төрд нэн чухал өөрчлөлт болсон юм. Тэрбээр эрх мэдэл дэх отог омгийн тогтолцоог эсэргүүцэхийн зэрэгцээ лалын шашны тууштай зүтгэлтэн, тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө тэмцэгч байлаа. Тэр армийн дэмжлэг хүлээдэг байсан бөгөөд 2018 онд нам нь Парламентын сонгуульд ялав.
Имран Хан дөрвөн жилийн хугацаанд нөхцөл байдлыг хэр өөрчлөв. Мэдээж тэгтэл өөрчилж чадаагүй. Улс орон нь хэтэрхий нүсэр, отог, омгууд байр сууриа алдахыг үл хүснэ. Эдийн засгийн бэрхшээл сэтгэл дундуур байх шалтгаан байсаар, Имран Ханыг авч хаях оролдлого тасрахгүй байв. Эцэст нь, түүний намыг дэмжиж байсан лалын шашинтнуудын намуудын том биш эвсэл байр сууриа өөрчилж, өрсөлдөгчдөдөө урвав. Өрсөлдөгч нь Бхуттогийн омгийнхон. Энэ үйлдэлд гадаадын хүчин нөлөөлсөн гэж Имран Хан үздэг. “Намайг унагахад чиглэсэн санаачилга бол АНУ манай дотоод хэрэгт хөндлөнгөөс гарцаагүй оролцсоны үр дүн. Пакистан 1947 онд тусгаар тогтносон, гэтэл одоогийн дэглэмийг солиход чиглэсэн гадаадын хуйвалдааны эсрэг, эрх чөлөөнийхөө төлөөх тэмцэл дахин эхэлж байна. Тус улсын ард түмэн тусгаар тогтнол, ардчиллаа хамгаалсаар ирсэн” гэж тэр хэлж байлаа. Үүнд Өрнөдийн гар хөл оролцож байгаа нь ойлгомжтой ч тохиолдож буй үйл явдалд яалт ч үгүй дотоодын төвөг бэрхшээл, улс төрийн зөрчил тэмцэл ихээхэн нөлөөтэй. Авлигад идэгдсэн шашны бүлгүүд нийт үндэстний эрх ашгийг бодохгүй, улсынхаа хүчинд итгэхгүй байв. Гэтэл улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлж, бие даасан гадаад бодлого явуулахыг Пакистаны үндэсний эрх ашиг шаардаж байна. Аз болоход үүнийг Пакистаны армийн удирдлага, Бхутто, Шарифын удмынхны цөөн ч гэсэн төлөөлөл ойлгож байна. Тусгаар тогтнолоо бодитой болгоход Хятадтай төдийгүй Оростой харилцаагаа бэхжүүлэх, түүний дотор Энэтхэгээс эмээдгээ багасгахад нь Москватай тогтоосон харилцаа нь Пакистанд тус болж байгаа юм.
Пакистан-Хятадын эвсэл, Пакистан-Оросын хэлхээ холбоо Өрнөдийнхний санаанд нийцэхгүй байгаа нь мэдээж. Гэхдээ чухам ийм нөхцөлд л үндэсний дээд зиндааныхны эр зориг, бие дааж тоглолт хийх, үндэсний эрх ашгаа хамгаалах чадвар нь илрэх ёстой. Цөмийн зэвсэгтэй гүрэн, лалын ертөнцийн ноёлох байр суурьтай орнуудын нэгийнх нь хувьд энэ бол зарчмын асуудал. Пакистан ирээдүйгээ тодорхойлох сонголтыг одоо хийх гэж байна. Колоничлогч хийгээд холбоотон байсан Өрнөдөд найдах нь стратегийн үүднээс ирээдүйгүй, Өрнөд цаашдаа Өмнөд Ази, Ойрхи Дорнод төдийгүй Евроазид бүхэлд нь байр сууриа алдана.