-“Тайвнаар жагсан, цуглах эрхээ утга төгөлдөр эдлэхийн төлөө хамтран ажиллая” –
Залуус Засгийн газар, эрх баригчдыг үүрэгт ажлаа хийсэн шиг хийхийг шаардаж, орон даяар тайван жагслаа. Уг жагсаал 10 орчим аймаг, гадаадын зарим улсад болсон юм. Өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн эл жагсаалд оролцогчид Төв талбайг төвөггүйхэн дүүргэж, төлбөртэй жагсагчдаас эрс ялгарч, итгэл нэмэв. Тэд үнэтэй цаас, хулдаасан дээр хэвлэсэн өнгөт лоозон барилгүй, өөрт олдсон цаасан дээр өөр өөрийнхөө үзгээр хүслээ бичжээ. Залуус эх орон нь яст мэлхийн хурдаар “хөгжиж”, ялзрахыг хүлээж тэвчихгүйгээ, гэр бүл, элгэн садан, эх нутгаа орхиж явахыг хүсээгүйгээ, зүгээр л Монголдоо жаргалтай амьдрахыг зорьж байгаагаа өөр өөрийнхөөрөө илэрхийлсэн юм. “Бид хэмнэж байна, өөрсдөө хэмнэ”, “Хүүхдэд ээлгүй Монгол”, “Ичих нүүр үнэгүй тарааж байна”, “Ажлаа хий”, “Хулгайч нарыг зайлуул”, “Үнийн өсөлт биднийг туйлдуулж байна”, “Монголдоо аюулгүй амьдармаар байна”, “Ард иргэдээ татварын дарамтаас чөлөөл”, “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруул”, “Архины градус бус, амьдралын өртгийг бууруул”, “Цалин чинь хүрч байна уу, цагдаа ах аа”, “Онц сурах хэрэг алга”, “Шударга ёс хаана байна вэ”, “Ажил хийдэг тулдаа л өртэй амьдарч байна”, “Ийм нийгэмд хүүхэдтэй болохоос айж байна” гэх мэт хэдэн зуун хүслээ тэд эрх баригчдад хүргэхийг хүсжээ. Үүнтэй холбоотойгоор тэднийг шаардлагаа нэгтгэсэнгүй, ямар ч зохион байгуулалтгүй зэргээр шүүмжлэх нь ч байв. Гэвч тэд жагсаал болгон дээр ирж хашхирдаг, үймүүлдэг хүмүүсээс зай барьж, өөрсдийнх нь үйл ажиллагааг үймүүлэхээс сэргийлж чадсан юм.
ЦАГДАА НАР ХҮЧ ХЭРЭГЛЭВ
Пүрэв гаргаас баасанд шилжих шөнө жагсагчдад цагдаагийн байгууллагынхан хүч хэрэглэсэн нь зураг, бичлэгээр ил болов. Тэд 03.40 цагт албадлагын арга хэмжээ ашиглаж, жагсаалыг тарааснаа мэдээлсэн юм. Энэ үеэр 20 хүнийг түр саатуулж, 18 хүнийг эрүүлжүүлжээ. Түүнчлэн тайлбар авахаар 60 гаруй хүнийг цагдаагийн алба руу авч явсан байна. ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.Баатархүү “Жагсаал, цуглаанд оролцогчдын бүтэц 18.00-19.00 цагийн үед (өнгөрсөн пүрэв гараг) өөрчлөгдсөн. Улмаар бусдыг турхирсан үйлдэл удаа дараа гаргасан. Сүүлдээ төрийн тусгай объектод халдах оролдлого хийж, энгийн иргэд болон цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтээсэн тохиолдол ч бий. Иргэд гал, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, нийтийн хэв журмыг зөрчсөн. Тиймээс бид зөрчлийг таслан зогсоохоос өөр арга байгаагүй. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй учраас иргэдийн биед халдсан. Жагсаал, цуглааны үед хэрэглэдэг шүршигч машиныг 2012 онд худалдан авсан” хэмээх тайлбар өгсөн юм. Цагдаагийн алба хаагчийн балмад, бүдүүлэг үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, дараа өдөр нь жагсагчид үүний эсрэг дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэв.
ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭ УНАГАСАН, ЭСЭХ ТАЛААР ТАЙЛБАР АВЧЭЭ
Хүний эрхийн үндэсний комиссоос жагсаалд оролцогчид болон тэднийг дэмжиж буй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль сахиулах явц дахь саатуулах, баривчлах үйл ажиллагаа, болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудалд хяналт тавин ажиллаж байгаагаа мэдэгдэв. Тус комиссын гишүүн Д.Сүнжид, Б.Энхболд нар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах байранд ажиллаж, холбогдох албан тушаалтнаас нөхцөл байдлын талаар тайлбар, мэдээлэл авчээ. Мөн саатуулагдсан иргэдтэй уулзан хяналт тавьж, ажилласан байна.
Түүнчлэн комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдтой уулзаж, жагсаал, цуглааны үеэр интернэтийн сүлжээ унагасан, цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн жагсаалыг тараасан, оролцогчдыг албадан саатуулсан үндэслэлийн талаар тодруулга, тайлбар авчээ. Улмаар тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, иргэдийг үндэслэлгүйгээр саатуулахгүй байх, баривчлах, саатуулах тохиолдолд иргэдтэй хүнлэг харилцах, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, ойр дотнын хүнд нь мэдэгдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж ажиллахыг зөвлөж анхааруулав. Түүнчлэн иргэдийг өмгөөлөгчгүйгээр байцаасан гэх мэдээллийн дагуу комиссын гишүүн Х.Мөнхзул Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж, зөвлөмж өгсөн байна. Мөн тэд “Эмнести интернэшнл Монгол” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, жагсаал, цуглааны үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд хамтран мониторинг хийж, хяналт тавьж ажиллах талаар санал солилцлоо. ХЭҮК жагсаал, цуглааны явцын талаар баримт мэдээлэл цуглуулах, мониторинг, хяналтын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд дүгнэлтээ удахгүй танилцуулах аж.
ЕРӨНХИЙ САЙД ЖАГСАГЧИДТАЙ УУЛЗЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баасан гарагт зарим сайдын хамт залуусын шаардлагад хариу өгөхөөр уулзсан бөгөөд тэрбээр “Өчигдөр (өнгөрсөн пүрэв гараг) гарч ирэхийг хүссэн. Амаргүй дүрэм, журмыг давж, одоо та бүхний өмнө зогсож байгаа юм шүү. Хамтдаа шийдэл хайх ёстой, залуус аа. Та бүхний бухимдаж байгаа олон асуудлыг өөрчлөхийг хичээж байна. Жагсагчдад огт хүч хэрэглэж болохгүйг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хэлж байсан. Зарим нэг болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байсныг тайлбарлаж байна. Залуучуудыг сулласан. Өөр ямар нэгэн асуудал байгаа бол хариуцлага тооцоход бэлэн. Тайвнаар жагсан, цуглах эрхээ утга төгөлдөр эдлэхийн төлөө хамтран ажиллая. Засгийн газарт чадах, чадахгүй зүйл их байна. Шатахууны үнэд бид нөлөөлж чадахгүй. Монгол төдийгүй дэлхий даяар бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Иймд Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Үүгээр шатахууны үнийг барих зохицуулалт хийх ч амаргүй. Засгийн газар мах, гурил, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Та бүхний тавьж буй шаардлагыг бүгдийг нь хүлээн авсан. Гэхдээ энэ бүхнийг нэг өдрийн дотор шийдэхэд хэцүү. Хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Та бүхний дундаас ажлын хэсэгт нэгдэж ажиллаж болно. Авлига, хээл хахуулийн хэрэгт шийтгэх ялын бодлогыг чангатгана. Хөгжлийн банкны хэргийг шударга шийдвэрлэх ёстой гэдэгт Засгийн газар та бүхэнтэй адил байр суурьтай байна. Хөгжлийн банктай хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах ёстой. Сонгуулийн саналын хуудсыг тоолдог “хар машин”-д эргэлзэж байгаа бол гараар тоолоход асуудалгүй. Авлигын эсрэг тууштай тэмцэхэд амь насаа зориулахад ч бэлэн байна. Харин та бүхэн миний хүч мөхөстөх үед надтай хамт байгаарай” гээд ийм нөхцөл үүсгэсэндээ уучлал гуйв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөн уучлал хүсээд, хоригдсон хүн байхгүйг дуулгав. Түүнчлэн цагдаа нарын авсан арга хэмжээтэй холбоотойгоор хийж буй албаны шалгалтын талаар танилцуулна гэлээ.
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАВ
Улмаар Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулав. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд 19.45 цагт Төв талбайд уншиж, танилцуулсан юм. Жагсагчдаас тавьсан 15 заалт бүхий шаардлагын 11-ийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэснийг тэрбээр онцолсон. Үүнд:
1. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг энэ сарын 15-нд багтаан батлуулна. Ингэснээр олон улсын зах зээлд огцом өсөж буй шатахуун, мах, гурилын үнийн өсөлт, хомсдолоос сэргийлж, мөнгөний болон сангийн бодлогыг уялдуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
2. Засгийн газрын хуралдаанд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд оролцож, жагсаал, цуглаанаас шалтгаалж саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан талаар мэдээлэл өгсөн болно.
3. Авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтов. Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүд энэ төсөлд багтах болно. Хөгжлийн банктай холбоотой хэргийг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх чиглэлд Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.
4. Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлж, суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл хотод ашиглахгүй байх, хөдөө, орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашин хэрэглэнэ.
5. Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авна.
6. Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн “хар машин”, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул энэ долоо хоногт УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороонд санал хүргүүлж, хариу өгнө хэмээн дурджээ.
АЖЛЫН ХЭСГҮҮД БАЙГУУЛЛАА
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилж, бүрэлдэхүүнд нь гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг багтаажээ. Тус ажлын хэсгийнхэн анхны хуралдаанаа хийгээд, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Жагсаал, цуглаан хийж байгаа залуучуудыг бид бүгдээрээ ажигласан. Залуучууд биднийг ажлаа сайн хий, төсвийг өөрсдөөсөө эхэлж хэмнэхийг шаардаж байгаа нь бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэртэй нийцэж байна. Иймд төсвийн тодотгол хийж, алдагдлаа буулгаж, тэвчиж болох зардлуудаа танаж, төсвөө тэнцвэржүүлэх шаардлагатай” гэв. Ажлын хэсгийнхэн өчигдөр УИХ-ын даргатай хамт хуралдсан бөгөөд парламентын үйл ажиллагааны зардлыг танаж, харьяа байгууллагуудынх нь удирдлага өнөөдрөөс нийслэлд том оврын автомашин унахгүй байхыг үүрэгдэв. УИХ-ын дарга Г.Занданшатар жагсаалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ “Цар тахал, хилийн гацаа, Орос, Украины асуудлын улмаас үнийн өсөлт нийгэмд дарамт учруулах болсон. Иргэдийн бухимдал өндөр байгаа учраас жагсаал, цуглаан хийж байгаад нь хүндэтгэлтэй хандана. Ирэх зургаан сард амаргүй байх төлөвтэй. Тиймээс дор бүрнээ хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхлүүлье гэж шийдсэн. Үүний хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоолоо” хэмээсэн юм. Тодруулбал, төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах 1.3 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерийг цуцалжээ. Тодруулбал, Дээд шүүх 400, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” 77, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” 137.7, “Тавантолгой дулааны цахилгаан станц” 65.8, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” 61.9, “Диспетчерийн үндэсний төв” 114.8, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар 45, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 200, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар 20.1 сая төгрөгөөр тус тус оффисын тавилга худалдан авахаар тендер зарласныг хүчингүй болгосон байна.
Мөн өнөөдрөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дарга нар албаны автомашин унахгүй байхаар шийдвэрлэжээ. Тодруулбал, тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны болон харьяа байгууллагуудын дарга нарыг хөдөө, орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглолоо. Сайдынх нь тушаалд дурдсанаар тус яамны удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ерөнхий сайд ахалж, жагсагчдаас төлөөлөл багтаах аж. Тодруулбал, тэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, ялын бодлогыг нь чангатгах болон Хөгжлийн банкны хэргийг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэн, хэмнэлтийн горимд шилжих зэрэгтэй холбоотойгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах гэнэ.
Г.АМАРТҮВШИН: УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЖ, ШАЛГУУЛНА
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн гишүүдтэй уулзаж, залуусын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх, нэн яаралтай ажил хэрэг болгоход УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг санууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэхээ мэдэгдэв. Тэрбээр “Залуучуудынхаа тэмцлээр бахархаж, бас дэмжиж байна. Бид шаварт суусан 30 жилийг ардаа орхиод, урагшлах ёстой. Тиймээс миний бие “УИХ-ын гишүүний бүрэн эрх” нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг, залуучуудынхаа шаардлагыг дэмжиж, дараах шийдвэрийг гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалъя” гэжээ.