УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр Ховд аймгаас олдсон нэг сая орчим жилийн өмнөх тэмээн хяруулын байж болзошгүй өндгийг Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнд хүлээлгэж өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "”Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл хэрэгжиж аймгийн төвийн айлуудыг цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг хийж байгаа юм. Одоогоор 1900 айл цэвэр бохир усны шугамд холбогдох бүрэн боломжтой болсон. Энэ ажлыг гүйцэтгэж буй компани эксковатораар газар ухах үеэр энэ өндөг гарч ирсэн. Уг өндгийг өнөөдөр Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнд хүлээлгэн өгнө. Судлаад юуны өндөг, хэдэн жилийн настайг нь тогтоох байх. Судалж дууссаны дараа Ховд аймгийн музейд хадгалуулах хүсэлтэй байна. Өмнө нь манай аймгаас 1700 жилийн өмнө хэрэглэж байсан эмээл олдож байсан. Тэр эмээл Улаанбаатарт ирээд л сураггүй болсон. Аймаг орон нутгийнхаа музейд тавьбал сайн. Мөн 1400 жилийн настай Алтайн ятга Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэр Жаргалант хайрхан уулын бэлээс, Мөнххайрхан сумын нутгаас 700-800 жилийн түүхтэй “Адидас” гэх гутал олдсон. Гэсэн ч одоогоор хаана хэрхэн хадгалагдаж байгаа мэдээлэл тодорхой бус байна.Ховд аймагт эртний эд өлгийн зүйлс хадгалах музей стандартын шаардлага хангахгүй байгаа. Тэгэхээр ойрын хугацаанд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн музейг барина. Үүний дараа олдворуудаа Ховдын музейд байрлуулж, орон нутгийн иргэдэд үзүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж үзэж байна" гэх мэдээллийг өглөө.