УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.
С.Чинзориг (УИХ-ын гишүүн): -Зарчмын хувьд дэмжмээр байна. Гэхдээ бид Замын-Үүдийн болон Алтанбулагийн чөлөөт бүс байгуулах талаар хангалттай ярьж ирлээ. Харамсалтай нь, эдгээр нь “амьгүй”, одоо болтол үйл ажиллагаа явуулж, бэхэжсэнгүй. Чөлөөт бүс байгуулна гэсэн шийдвэрүүд нь яагаад бодитой ажил хэрэг болохгүй байна вэ. Засгийн газар үүнд ямар дүгнэлт хийж байгаа юм бэ. Ер нь Хөшигийн хөндийд чөлөөт бүсийг эдийн засгийн агуулгаар нь байгуулж чадна гэсэн итгэл үнэмшил хэр байгаа юм бэ. Чөлөөт бүс байгуулахад хөрөнгө мөнгө шаардлагатай атал энэ төсөлд тэр талаар тусгасан юм алга. Ямар эх үүсвэрээр, хэдий хугацаанд байгуулахаар тооцсон бэ?
Б.Жавхлан (Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч): -Сүүлийн үед эдийн засгийн чөлөөт бүсийн талаарх төрийн бодлого алдагдсан. Тиймээс ч Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахаар шийдвэрлэж, эдийн засгийн чөлөөт бүсийн талаарх асуудлыг яамны хэмжээнд авч үзэх бодлогын шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь байгуулсан чөлөөт бүсүүдээс олон улсын харилцааны ойлголт руу дөхөж очиж байгаа нь Замын-Үүдийнх. Хятадын чөлөөт бүсийн бодлоготой нийцэж байгаа учраас арай ахицтай байгаа. Алтанбулагийн хувьд татваргүй барааны дэлгүүр ажиллаж, архи, согтууруулах ундаа худалддаг цэгийг л эдийн засгийн чөлөөт бүс болгочихсон байгаа юм. Нэгэнт байгуулчихсан чөлөөт бүсийг цаашид эргэлтэд оруулах чиглэлд Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд онцгой анхаарна. Хөшигийн хөндийн чөлөөт бүс нь “Чингис хаан” нисэх онгоцны буудал буюу агаарын боомтыг тойрсон газар нутгийг түшиглэж, Улаанбаатар хотын дагуул хот байгуулах шийдвэртэй нийцүүлсэн бодлого юм. Тухайн бүсийг татварын болон салбар салбарын бодлогоор дэмжих дунд хугацааны төлөвлөлт бий. Агаарын боомтыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад хамгийн тулгамдсан асуудал нь газар байдаг юм билээ. Ер нь бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын сэргэлтийн томоохон бүтээн байгуулалтын ажилд төсвөөс хөрөнгө оруулах нь маш бага. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, эрх зүйн бусад боломжийн хүрээнд концессоор шийдэхээр байгаа. Энэ тогтоолыг батлах үед 2023 оны төсөвт багтааж болох, стратегийн ач холбогдолтой газар доорх дэд бүтэц, бусад хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлнэ. Харин газар дээрх буюу ил бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд төр аль болох оролцохгүй. Бизнесийн зарчим үйлчилнэ.
Д.Оюунхорол (Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч): -Хөшигийн хөндийн чөлөөт бүс нь нисэх онгоцны буудлыг дагасан худалдаа, үйлчилгээ, шинжлэх ухаан, технологид суурилсан, санхүүгийн төв байхаар төлөвлөж байна. Тэнд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан. Өнөөдөр зөвхөн 1000 га-д нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал оруулж ирж байгаа юм. Гол нь аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн, төлбөрт бооцоот тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчлахаар тусгасан. Жуулчдыг татсан бизнес бий болгохын тулд тулд Казино байгуулах хуулийн төсөл өргөн барина. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн, залуус ажиллаж, амьдрах боломж бүрдүүлнэ. Алдаагаа давтахгүйн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх хууль, эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг маш тодорхой болгож, тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллах ёстой юм билээ. 1000 га газрыг санхүүгийн чадавхтай, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай аж ахуйн нэгжүүдэд дуудлага худалдаагаар олгоно. Энэ бүх үйл явц шилэн байх бололцоог бүрдүүлнэ. Мөн тэнд мэдээллийн технологийн төв байгуулахаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй энэ чиглэлийн компаниудын төлөөлөлтэй уулзахад бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. Санхүүгийн төв байгуулах тухайд Засгийн газар, УИХ-тай зөвшилцөж, тодорхой шийдвэр гаргах шаардлага бий.
Б.Энхбаяр (УИХ-ын гишүүн): -Майдар хот байгуулах төрийн, албан ёсны шийдвэр ер нь байна уу. Энэ төслийн үзэл баримтлалд Майдар хотын талаар дурдсан учраас асуугаад байгаа юм. Аливаа хотыг УИХ-ын шийдвэрээр байгуулах ёстой. Энэ хот хаана байгаа вэ. Үүнийг төр, эсвэл хувь хүн, цаашлаад төрийн бус байгууллага бий болгох гээд байгаа юм уу. Төрийн шийдвэргүйгээр, төрийн бус байгууллагынхан хүмүүст цаас үзүүлээд мөнгө татаад байгаа нь мөнгө угаалт биш юм уу. Энд яриад байгаа 1000 га газарт Майдар хот гэдэг нь багтсан юм уу. Хөшигийн хөндийн гол асуудал бол газар. Тэнд Дамбын Хишгээ гэж нөхөр том газар авсан. Чөлөөт бүс болонгуут улсад өөрийнхөө газрыг шахах гэж байна гэж би ойлгож байна. Ийм зүйл байгаа юу. Улсын төсвөөс Дамбын Хишгээд мөнгө өгөх үү. Энэ нөхөр хэдэн га газар авчихаад улсад зарна гэж мөнгө угаах гээд байгаа юм бэ?
Х.Батжаргал (Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга): -2012 онд Майдар хоттой холбоотой Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Үүнд үндэслэн холбогдох шийдвэр, зохион байгуулалт, төлөвлөлтийг хийж ирсэн.
Ж.Ганбаатар (Эдийн засгийн байнгын хорооны дарга): -Улаанбаатарынхаа дэд бүтцийн тулгамдсан олон асуудлыг шийдэж чадахгүй байж энэ мэт олон төлөвлөлтийг яаж хийх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Бүр том яриад байвал бүр холдоод л байдаг юм. Хэсэгчлээд, цомхон хийх талаар би зөвлөсөн юм сан. Хариулт үнэхээр хангалтгүй байна.
Д.Оюунхорол: -Майдар, Шинэ Зуунмод гэсэн орон нутгийн чанартай хот байгуулах шийдвэрийг УИХ 2020 онд гаргасан. Майдар хотод зориулан 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тодорхой бүтээн байгуулалт, ажлууд хийгээд явж байгаа юм билээ. Хөшигийн хөндийн чөлөөт бүстэй холбоотойгоор тусгай хэрэгцээнд авсан газарт Майдар болон Шинэ Зуунмод хотын аль алиных нь хамаарахгүй. Харин Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд хамаарах газарт Дамбын Хишгээгийн гэсэн хаягтай газар байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ хүний компанийн нэр дээр, 41 хэсэгт буюу нийт 500 га газарт үйл ажиллагаа явуулахад асуудалгүй, маргаангүй гэж тогтоосон. Бидэнтэй ч уулзаж ярилцсан. Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж үйл ажиллагаа явуулна гэсэн. Эхний ээлжийн буюу бүхэлдээ төрийн мэдэлд байх 1000 га газарт маргаантай асуудал үгүй.
Б.Энхбаяр: -Энэ нөхөр Төв аймгийн, эсвэл Сэргэлэн сумын Засаг даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу. Улс нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гээд байхад орон нутгийн дарга нараас газар авчихаад буцаагаад төрд зарах гээд байна шүү дээ. Тэгээд ямар нэгэн байдлаар өөрийнхөө талд шүүхээр шийдвэр гаргуулдаг. Энэ газраа хэдэн төгрөгөөр зарна гэсэн юм бэ.
Д.Оюунхорол: -Засгийн газар бодлогоо хэрэгжүүлнэ гэвэл газрыг нь бүтнээр авч болно гэх саналыг Хишгээгийн зүгээс тавьдаг юм билээ. Гэхдээ үнийн саналыг надад лав тавиагүй.
Ж.Бат-Эрдэнэ (УИХ-ын гишүүн): -Чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байна. 1000 га газар ямар ч маргаангүй гээд байх шиг байна. Шинэ нисэх буудлыг байгуулахаас эхлээд ерөнхий төслийг нь би удирдаж байсан. Газрын асуудлыг нь урьдчилан харсан ухаантай юм. 20 орчим га талбайг улсын хэрэгцээнд авсан. Үүний дараа Засгийн газар шийдвэр гаргасан. Араар нь цаадуул чинь гүйж очоод аймаг, сумын удирдлагаас нь газар авч, маргаан үүсгээд, шүүхийн шатанд очсон юм. Юун тэр Засгийн газрын тусгай хэрэгцээ манатай. Ингээд хувийн “юм” руу ороод замбараагүй болчихсон юм. 1000 га газрыг яаж маргаангүй болгосон юм бэ. Дээрх шиг юм болохгүй гэх баталгаа байна уу. Тааварт бооцоот тоглоомын газар гээд байгаа нь казино мөн үү. Гадаадын хөрөнгө оруулалт татаж байж л аялал жуулчлал хөгжинө. Зүгээр л бусдыг дуурайгаад ийм ч төв, тийм ч бүс гээд байгуулснаар жуулчдыг татахгүй. Хөрөнгө оруулалтаа яаж шийдэх вэ. Одоо бид концесс хийхгүй гэсэн хатуу бодлого бариад байгаа ч хөрөнгө оруулалтаа хэрхэх юм бэ?
Д.Оюунхорол: -Тэнд ямар нэгэн аж ахуйн нэгж хашаа татчихсан зүйл алга. Яг одоо хоосон тал л байна. УИХ-аас шийдвэр гарч байж давхцалтай газар байвал тухайн байгууллагад нь нөхөн төлбөр олгох боломжтой. Газрын давхцалтай холбоотой асуудлаар Б.Мөнхбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Тооцоо, судалгааг нь та бүхэнд илгээх байх. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан чөлөөт бүс байгуулснаар 3000 орчим хүн ажиллаж, үйл ажиллагаа явуулах боломжтой. Чөлөөт бүсээ байгуулчихвал тэнд төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллана. 1000 га газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг хийснээр энэ төслийг “амь” оруулах юм. Одоогийн нисэх буудлын дэд станц, дэд бүтцийг ашиглах боломж эхний ээлжид бий. Нисэх буудлын 600 ажилтны орон сууцын барилгын ажлыг эхлүүлэх гэж байгаа юм билээ. Х.Булгантуяа (УИХ-ын гишүүн): -Чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа. Юу бидэнд хөгжил авчирна, тэр болгоныг судлах ёстой. Алдаа гаргасан гээд дараа дараагийн боломжийг хааж болохгүй. Харин энэ олон парк, чөлөөт бүсээ яаж уялдуулах юм бэ. Нөгөө талаас Улаанбаатар хотоос зах, худалдааны төвийг гаргана гээд байгаа. Хаашаа гаргах юм бэ? С.Наранцогт (Эдийн засаг, хөгжлийн дэд сайд): -Чөлөөт бүсийн ажил дөнгөж эхэлж байна. Ний нуугүй хэлэхэд, манай яам чөлөөт бүстэй холбоотой асуудлыг саяхан шилжүүлж авсан. Одоо хүн хүчээ бэлтгэж байна. Чөлөөт бүсүүдэд газрыг замбараагүй олгочихсон юм билээ. Ерөнхий төлөвлөлтөө нарийвчилж гаргаагүй хэрнээ санамсаргүй байдлаар дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийдэг. Нарийвчилсан үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө хийгээгүй атлаа аж ахуйн нэгжүүдэд газар олгоод эхэлчихсэн. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсэд нэг компанид 100 га газар олгосон гэх мэт жишээ байна. Манай яаманд чиг үүргийг шилжүүлсний дараа ерөнхий төлөвлөгөө гартал бүх боомтод газар олголтыг зогсоох үүрэг өгсөн. Одоо ерөнхий төлөвлөгөөгөө хийж байна.
Бэлтгэсэн Б.Уран