Дэлхийн байгаль хамгааллын тэргүүлэгч байгууллага болох Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL) ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Монголын экологийн цагдаа дэлхийн жишгээр ажиллаж, иргэдтэй түншлэх нь” төсөл хэрэгжүүлж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах зорилготой энэхүү төсөл, хамтын ажиллагааны хүрээнд тус нийгэмлэгийн мэргэжилтнүүд манай улсад ажиллаж, байгаль хамгааллын туршлагаасаа хуваалцан, мэргэшүүлэх сургалт зохион байгуулсан юм. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн хууль сахиулах үйл ажиллагааны зөвлөх Грант Миллер, эл байгууллагатай хамтран ажилладаг Зэрлэг амьтныг хамгаалах ахмадын холбооны зөвлөх Майкл Брюер нартай ярилцлаа.
-Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Одоо хэчнээн оронд үйл ажиллагаа явуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Лондоны амьтан судлалын нийгэмлэг бол дэлхийн хамгийн ууган судалгааны амьтны хүрээлэн. Бараг 200 жилийн өмнө байгуулагдсан. Эхэндээ амьтны хүрээлэнгээ олон нийтэд үзүүлдэггүй, зөвхөн судалгааны зорилгоор эрдэмтдийг нэвтрүүлж, амьтдыг судлуулдаг байсан. Яваандаа үүнийгээ өргөжүүлээд, олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон. Манай нийгэмлэгийн харьяанд хоёр амьтны хүрээлэн бий. Нэг нь Режентийн цэцэрлэгт хүрээлэнд байрладаг Лондоны амьтны хүрээлэн. Нөгөөх нь Лондон хотын баруун хойд хэсэгт оршдог “Whipsnade” юм. Эдгээр нь олон нийтэд үйлчилж, байгаль, танин мэдэхүйн мэдлэг, мэдээллээр хангахын зэрэгцээ судалгаа шинжилгээний суурин бааз болсоор ирсэн. Мөн манайх Амьтан судлалын хүрээлэн хэмээх судалгааны байгууллагатай. Энд дэлхийд алдартай эрдэмтэд ажилладаг бөгөөд амьтны холбогдолтой бүх төрлийн судалгаа хийдэг. Ялангуяа хүн болон гэрийн тэжээмэл амьтдаас зэрлэг амьтдад халдварлах өвчний судалгаануудыг түлхүү хийж байна. Дараагийн танилцуулах салбар байгууллага нь Байгаль хамгаалал, бодлогын газар. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг салбар газрууд үүнд харьяалагддаг.
Манай нийгэмлэг өнөөдрийн байдлаар 50 орчим улсад үйл ажиллагаа явуулж байна. Африк тивд гэхэд Камерун, Нигери, Бенин, Мазомбек, Кенид салбартай. Азиас Монгол, Тайланд, Филиппинд бий. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь байгаль хамгаалал болон зэрлэг амьтан судлал. Мөн нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль хамгааллын түншлэлд нэгтгэх чиглэлд анхаарч ажилладаг. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой бизнес эрхэлдэг компаниуд (уул уурхай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэх мэт)-ын үйл ажиллагааг тогтвортой, ил тод, аюулгүй байлгах чиглэлээр тэдэнтэй хамтран ажиллаж байгаа. Харин Монголд зэрлэг амьтны хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлээр түлхүү ажилладаг. Үүний хүрээнд Экологийн цагдаагийн албаны хүний нөөц болон техник хэрэгслийг чадавхжуулахад туслалцаа үзүүлж байна. Байгаль хамгааллын чиглэлээр гэвэл Говийн их дархан цаазат газарт хавтгай хамгаалах ажил хийж байгаа.
-Монголд зэрлэг амьтны хууль бус ан, худалдааг таслан зогсоох чиглэлд төвлөрч ажилладаг гэлээ. Лондоны амьтан судлалын нийгэмлэг хамгийн сүүлд 2016 онд энэ талаар судалгаа, тайлан гаргасан санагдаж байна. Одоогийн нөхцөл байдал ямар байгааг хэлж өгөөч?
-Нөхцөл байдал 2016 оны үеийнхээс дээрдээгүй, зэрлэг амьтны худалдаа тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхий дахинд хүн амын амьжиргааны чадамж сайжирсантай холбоотойгоор зэрлэг амьтдын эд, эрхтнээс гаргаж авсан, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авах эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Энэ нь гэмт хэрэг, зөрчил гаарах шалтгаан болсоор буй.
Өөр нэг тулгамдсан асуудал нь суурьшлын бүсийн тэлэлт, газар нутгийн давхцал. Зэрлэг амьтдыг өсгөж үржүүлээд, амьдрах орчныг нь тэлье, сайжруулъя гэхээр хүмүүс тийм орон зай олгохгүй байна. Үүнээс улбаалаад хүн, зэрлэг амьтны хооронд зөрчил үүсэх нь олширлоо. Нэгэн рүүгээ халдах, амийг нь хөнөөх явдал ихэссэн. Ийм сорилт зөвхөн Монголд бус, дэлхий нийтэд тулгарах болсон. Тиймээс улс болгоны Засгийн газар энэ асуудалд дор бүрнээ анхаарч ажиллах шаардлагатай.
Монгол орон ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй учраас хууль бус ан, худалдаа хийдэг хүмүүсийн анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Тиймээс гадаад орчноос ирж буй эрэлтэд маш болгоомжтой хандах ёстой. Судалгаа, баримтаас харахад, Монголд хүдэр, ирвэс, баавгай зэрэг амьтан хулгайн анд хамгийн их өртөж байна. Ховор амьтдаас гэвэл хавтгай, мазаалайг нэрлэж болно. Эдгээр амьтны тоо толгой, популяцын өөрчлөлтийг тогтмол хянаж, мониторинг хийх шаардлагатай. Ингэж байж эрсдэлээс сэргийлнэ, дараа дараагийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч чадна.
-Зарим нь ашиг хонжоо олохын тулд амьтны аминд хүрч байхад нөгөө хэсэг нь зугаа цэнгэлийн зорилгоор ийм үйлдэл хийх нь бий. Хоол хүнсээ залгуулах зорилгоор амьтан агнах тохиолдол ч элбэг. Манай орны хувьд амьтны эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар дур мэдэн ашиглах явдал түгээмэл байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаарах шалтгаануудын нэг болдог. Шинжлэх ухаанаар нотлоогүй ийм мэдээлэлд итгэж, амьтнаар “хооллодог” хүн дэлхий дахинд хэр олон бол?
-Ийм үзэл, итгэл үнэмшил дэлхийн олон оронд бий. Хамгийн ойрын жишээ гэхэд Хятад байна. Мөн Нигери, Бенин, Камерун зэрэг Африкийн орнуудад ийм явдал элбэг.
Хүн төрөлхтний одоогийн энэ амьдралын хэв маяг, үл ханах хэрэглээг хэвээр нь байлгасаар байвал тодорхой хугацааны дараа бүх амьтан устаж үгүй болох эрсдэлтэй. Үүнийг таслан зогсоох гурван арга зам бий. Нэгдүгээрт, зэрлэг амьтан, ургамлаас үүдэлтэй хэрэглээг бууруулах. Хоёрдугаарт, хууль сахиулах байгууллага дахь шударга бус явдал, авлигыг үндсээр нь устгаж, алба хаагчдыг чадавхжуулах. Эцэст нь орон нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг олшруулах, дэмжих замаар байгалийн нөөцөөс хараат бус болгох шаардлагатай юм.
-Цар тахлын үед танай нийгэмлэг ямар зохион байгуулалтаар ажилласан бэ. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг учраас ихээхэн хүндрэл бэрхшээл учирсан байх?
-Манайх гадаад үйл ажиллагааныхаа санхүүжилтийг амьтны хүрээлэнгээсээ төвлөрүүлдэг. Цар тахлын үед хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарласнаас амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа доголдон, орлогогүй болсон. Үүнээс болоод нэлээд хүнд нөхцөл байдалд орлоо. Мөн судалгаа шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулах боломж хумигдсанаас гадаад томилолтуудын дийлэнх нь цуцлагдсан. Миний хувьд очих боломжтой ямар газар байна, тэнд ажиллахыг зорьсон. Африкийн оронд ажиллаж байхдаа коронавирусээр өвчилсөн. Тусгаарлагдах, хөл хорионд орох гээд гээд маш их цаг хугацааг алджээ. Бүх хүнд ийм асуудал тулгарсан байх.
Зэрлэг амьтны хууль бус худалдааны тухайд гэвэл янз бүрийн байдал ажиглагдсан. Нийгэм, эдийн засгийн хямралын улмаас ажил, орлогогүй болсон хүмүүсийн зарим нь зэрлэг амьтны махаар голдуу хүнсээ залгуулсан тохиолдол байна. Хөл хөдөлгөөн саарсантай холбоотойгоор зарим бүсэд хулгайн анчдыг илрүүлэх, хянах үйл явц сайжирсан гэнэ. Цар тахлын цаг үед сайн, саар олон үйл явдал зэрэгцэн өрнөсөн. Үүнийг илүү өргөн хүрээнд судлах хэрэгтэй болов уу.
-Лондоны амьтан судлалын нийгэмлэг манай улсад үйл ажиллагаа явуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч буй. Та эл нийгэмлэгтэй хамтран ажилладаг хүний хувьд Монгол орны талаар ямар мэдээлэл, төсөөлөлтэй байсан бэ?
-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулъя. Би Британийн цагдаагийн албанд 30 гаруй жил ажиллаад, 2015 онд тэтгэвэрт гарсан. Үүний дараа Фолкландын аралд хэсэг хугацаанд ажиллаж байгаад, 2019 оноос Лондоны амьтан судлалын нийгэмлэг болон Зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн. Цагдаагийн албанд олон жил ажилласан туршлагадаа үндэслээд экологийн цагдаа, байгаль хамгаалагч нарт сургалт явуулдаг. Энэ удаа Экологийн цагдаагийн албанд үнэлгээ хийх зорилгоор Монгол оронд анх удаа ирлээ. Сэтгэгдэл өндөр байна.
Миний ойлгосноор дэлхийд ховор, нэн ховорт тооцогддог олон төрлийн амьтан Монголд байдаг. Мөн дэлхийн өөр хаана ч байхгүй (эндемик зүйл) амьтад нутагладаг. Эдгээр нь бүгд тодорхой хэмжээгээр аюул заналхийлэлд өртөж, устах эрсдэлд хүрээд буй. Тиймээс холбогдох байгууллагынхан олон улс, бүс нутаг, дэлхийн хэмжээнд ховордсон амьтад, ялангуяа өөр газарт байдаггүй унаган зүйлүүдийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж байгаа, үүнд бидний дэмжлэг туслалцаа чухал гэсэн ойлголттой ирсэн.
-Монголд ирсэн гол зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж чадав уу. Манай алба хаагчдыг ямар сургалтад хамруулж, зөвлөгөө, мэдээлэл өгсөн бэ?
-Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргасан гэж дуулсан. Энэ нь дэлхий даяар экологийн хямрал нүүрлэсэн өнөө үед үнэхээр алсыг харсан, цагаа олсон шийдвэр гэж дүгнэж байгаа. Тиймээс шинэ тутам байгуулагдсан энэ байгууллагын үйл ажиллагаанд Британийн туршлагаас нэвтрүүлэх боломжтой нь юу байна, хэрэгцээ шаардлага бий юү, одоо ямар түвшинд ажиллаж буй, цаашид яах вэ гэдгийг тодорхой түвшинд үнэлж, боломжоороо зөвлөгөө, мэдээлэл өгье гэж зорьсон.
Экологийн цагдаагийн албаны удирдлага, хамт олонтой уулзлаа. Маш чадварлаг удирдлагуудтай юм байна. Эхний ээлжид бүрдүүлбэл зохих бүтэц, суурь тавигдсан гэж дүгнэлээ. Цаашид үүнд үндэслээд мэргэжлийн, шилдэг, манлайлагч байгууллагыг хэрхэн бий болгох талаар хэд хэдэн хувилбар дэвшүүлж, боломжийнхоо хэрээр зөвлөмж, чиглэл өгсөн. Мөн ЦЕГ-ын Нэгдсэн сургалтын төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхийдөө маш нээлттэй, дэлгэрэнгүй мэдээлэл авч, амжилттай хамтран ажиллалаа.
-Манай улс Экологийн цагдаагийн албыг нэлээд хожуу байгуулсан. Одоогийн байдлаар 70 орчим сумд ийм алба үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Монгол орны газар нутгийн хэмжээ, гэмт хэрэг, зөрчлийн үзүүлэлттэй харьцуулахад хэр хангалттай тоо вэ, нэмэгдүүлэх шаардлагатай юу?
-Дэлхийн ямар ч орон, аль ч бүсэд байгаль хамгаалагч болон экологийн цагдаа хомсдолтой байдаг. Үүнийг хангалттай хэмжээнд бүрдүүлнэ гэдэг хүндрэлтэй. Алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, эсэх нь тухайн улсын Засгийн газрын мэдлийн хүрээний асуудал учраас энэ талаар ямар нэг зүйл хэлмээргүй байна.
Хүний нөөцийг оновчтой хуваарилах, зохион байгуулах тухайд Британи нэгэн үр дүнтэй систем хэрэгжүүлдэг. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дүн шинжилгээний мэдээлэлд үндэслэж, алба хаагчдаа оновчтой газруудад хуваарилан ажиллуулдаг. Нэгэнт хүн хүчний нөөц хязгаарлагдмал бол тэднийг хаана ажиллуулбал гэмт хэргийг хамгийн үр дүнтэйгээр бууруулж, таслан зогсоох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Экологийн цагдаагийн албаныхан үүнийг тооцоолсны үндсэн дээр тодорхой бүсүүдэд салбар нэгжээ байгуулсан болов уу.
-Энэ албыг хангалттай хэмжээнд чадавхжуулж, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангасан тохиолдолд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад хэр чухал үүрэг гүйцэтгэх чадамжтай вэ?
-Зөвхөн нэг байгууллага үүнтэй тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тал талын дэмжлэг, оролцоо чухал. Тиймээс манай нийгэмлэг Экологийн цагдаагийн албыг дэмжин ажиллаж байна. Цаашид ч дэмжинэ. Бусад байгууллагын туршлагаас хуваалцах, суралцах, үр дүнтэйг нь нэвтрүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдийг урьж авчрах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, АНУ-ын Загас ба зэрлэг амьтан хамгаалах алба гэхэд манайд байхгүй туршлагатай байгууллага. Эдний туршлагаас хуваалцахыг зорьж байна. Ер нь улс орнууд харилцан туршлага солилцож, нэгнээсээ суралцах нь маш үр дүнтэй байдаг.
Бид үнэлгээнийхээ төгсгөлд тайлан гаргана. Тэр тайландаа аль, аль орны туршлага, ур чадвараас суралцаж болох талаар тодорхой санал, зөвлөмжүүдийг тусгахаар төлөвлөсөн. Монголд надтай хамт ирсэн Грант Миллер зөвлөхийн хувьд Интерполд зэрлэг амьтны гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийг удирдаж байсан, дэлхийн олон оронд өөрийн сүлжээг бий болгосон туршлагатай хүн учраас энэ нь том давуу тал болж, өөр улсын үнэтэй туршлагаас хуваалцах боломжийг Монголын экологийн цагдаа нарт олгоно гэж олзуурхаж байгаа.