Беларусийн хилийн Гомель мужид Орос, Украины төлөөлөгчид хэлэлцээ хийснийг БЕЛТА агентлаг дамжуулав. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын дэд сайд Андрей Руденко, Гадаад хэргийн дэд сайд Александр Фомин, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий нар багтжээ.
Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк, эрх баригч “Ардын зарц” намын бүлгийн дарга Давид Арахамия, Донбассын асуудлыг зохицуулах холбоо барих бүлэг дэх Украины төлөөлөгчдийн тэргүүн дэд дарга Андрей Костин, парламентын гишүүн Рустем Умеров, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий нар хэлэлцээнд оролцов.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн сарын 27-нд Беларусийн Төрийн тэргүүн Александр Лукашенкотой ярилцсаны үр дүнд Украины төлөөлөгчид Припять голын ойролцоо хил дээр Оросын талынхантай урьдчилсан болзолгүйгээр уулзахаар тохиролцсон юм. Украиныг Оростой хэлэлцээ хийхийг зөвшөөрч байгаа нь чухал гэж үзэж буйгаа Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Euronews” телевизэд ярилцлага өгөхдөө илэрхийлжээ. Оросын эсрэг авч буй арга хэмжээнийхээ төлөө Европ тодорхой хэмжээний төлбөр төлөхөд хүрэхийг тэрбээр хүлээн зөвшөөрөв. “Европын Холбоо дүрвэгсэд хүлээн авч, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, цэргийн техник нийлүүлэх зэргээр Украинтай гүнзгий эв санаа нэгтэйгээ харуулж байна. Украин ч Европын Холбооны үнэт зүйлс, зарчмуудыг хүндэтгэдэг” гэж Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
БАЙЛДААНЫ ТУСГАЙ ГОРИМД ШИЛЖСЭНИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
Өрнөдийн орнуудын түрэмгий мэдэгдлийн хариуд ОХУ-ын армийг тогтоон барихаас байлдааны тусгай горимд шилжүүлэх тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд мэдэгдсэнийг “Reuters” агентлаг дамжууллаа. Гэхдээ АНУ Украинд “хөл тавихгүй”, цэргийнхэндээ аюул учруулахгүй гэж Ерөнхийлөгч Жозеф Байден нь мэдэгдсэнийг тэрбээр уламжлаад, энэ нь Украинд агаараас ажиллагаа явуулахгүй гэсэн үг болохыг тэрбээр CNN телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо тайлбарлав.
НҮБ-ын Ерөнхий ассамблей маргааш ОХУ-ын талаарх тогтоолын төслөөр санал хураахыг тэрбээр мэдээлжээ. Украинд Оросоос явуулж буй ажиллагааг шүүмжилсэн, Өрнөдийн орнуудын бэлтгэсэн тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэхэд ОХУ хориг тавьсан билээ. Гомелийн хэлэлцээг анхааралтай ажиглана гэж Линда Томас-Гринфилд мэдэгдсэн байна. ОХУ-ын эсрэг хоригийн талаар тэрбээр хэлэхдээ Киевт Москвагаас үзүүлсэн дарамт шахалтыг давсан арга хэмжээг АНУ авахыг уламжлав. Оросыг байлдааны тусгай горимд шилжүүлсэн нь байдлыг улам тогтворгүй болгож байна гэж Японы Ерөнхий сайд Фүмио Кишида парламентын дээд танхимын төсвийн хороонд үг хэлэхдээ мөн мэдэгджээ.
“ЦЭРГИЙН ДЭД БҮТЦИЙН 1067 ОБЪЕКТЫГ УСТГАЛАА”
Тусгай ажиллагаанд оролцож буй Оросын цэргийн алба хаагчдын дунд амиа алдаж, шархадсан хүмүүс бий гэж ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков мэдэгдэв. Уг ажиллагаа эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчин Украин дахь цэргийн дэд бүтцийн 1067 объектод цохилт өгсөн гэнэ. Тодруулбал, Украины Зэвсэгт хүчний 27 командлалын цэг, холбооны төв, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн 38 систем, тэр дундаа “С-300”, “Бук М-1”, “Оса”, түүнчлэн радарын 56 станцыг устгажээ. Мөн 254 танк болон бусад хуягт техник, газарт байсан 31 нисэх онгоц, дохионы галын тийрэлтэт 46 систем, 103 их буу, миномёт, цэргийн тусгай 164 машин сөнөөсөн байна.
Түүний хэлснээр Дайнд олзлогдогсодтой харьцах тухай конвенцыг зөрчиж, Оросын цэргийн албан хаагчдад хүч хэрэглэхийг уриалж байгаа бүх хүн, дуу хоолой, утас, тэдгээрийн координат, IP хаяг, түүнчлэн оросын цэргүүдийг хүчирхийлсэн Украины бүх нацистын захидал харилцааг бүртгэж, тогтоосон. Энэ нь Киевийн удирдагчид болон тэдний үүрэг гүйцэтгэгчдэд шууд хамаатай. Тэднийг бүгдийг илрүүлж, заавал хариуц-лага хүлээлгэнэ гэж тэрбээр мэдэгдлээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам, арми Украины хотуудад цохилт өгөөгүй, зөвхөн цэргийн дэд бүтцийг ашиглалтаас гаргаж байгаа тул энгийн иргэдэд юу ч заналхийлээгүй гэнэ.
Энгийн бүх иргэнийг Киев-Васильковын хурдны замын дагуу Украины нийслэлээс аюулгүй, чөлөөтэй гарч болохыг Игорь Конашенков хэлжээ.
ДОНЕЦК, ЛУГАНСКААС 127 МЯНГА ГАРУЙ ХҮНИЙГ НҮҮЛГЭЖЭЭ
ОХУ руу өнгөрсөн сарын 18-наас хойш Донецк, Луганскийн 127 мянга гаруй оршин суугчийг нүүлгэжээ. Тэдний 80 мянга нь Украины, 47 мянга гаруй нь ОХУ-ын иргэншилтэй гэнэ. Нүүлгэн шилжүүлэхэд 16 мянга гаруй хүний суудалтай 38 галт тэрэг оролцсон байна. Үүний сацуу Европоос иргэдээ татах ажиллагааг ОХУ-ын Агаарын тээврийн болон Аялал жуулчлалын агентлаг, ГХЯ-наас зохион байгуулж, агаарын хилээ Оросын нисэх онгоцнуудад бүрэн хаасан Европын Холбооны эрх баригчидтай хэлэлцээ хийж байна.
Тэрчлэн эмэгтэйчүүд, хүүхдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоох саналыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тавихаа Италийн Гадаад хэргийн сайд Луижи Ди Майо мэдээлжээ. Киев дэх Италийн ЭСЯ-нд байгаа 100 орчим иргэнээ нүүлгэн шилжүүлэх боломжгүй байгаа аж. Үүний өмнө Италийн Ерөнхий сайд Марио Драги Украины ард түмэн, Ерөнхийлөгчтэй эв санаа нэг, дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Киевт тусламж болгож Италиас 110 сая евро шилжүүлжээ. Туркийн ГХЯ Украин дахь иргэдээ Румын, Болгараар дамжуулан газраар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Харин Казахстан улс Украинаас Польшид очсон иргэдээ татан авах эхний нислэгийг үйлдэхээр зэхсэн гэнэ. “Эйр Астана” компанийн 179 хүний суудалтай “А321” онгоц Нур-Султаны цагаар даваа гаргийн 09.53 цагт Атырау хотоос Польшийн Катовице руу ниссэн байна.
Украинаас Польшид эхний 80 иргэн нь ирсэн аж. Үүнээс гадна Украин, Польшийн хил дээр 260 иргэн нь дипломат ажилтнуудын хамт байгаа гэнэ. Казахстаны 631 иргэн өнгөрсөн сарын 27-ны байдлаар эх орондоо буцах хүсэлт гаргажээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын хэлснээс үзвэл Оросын цэргийн ажиллагааны улмаас 500 мянга орчим хүн Украиныг орхин гарсан байна. Тэдний олонх нь хил залгаа Польш, Унгар, Румын, Молдав руу хуурай газраар дүрвэжээ. Европын Холбооноос мэдээлснээр Украины нутаг дэвсгэрээс 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Украины иргэд тус холбооны орнуудад 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй.
102 ИРГЭН АМЬ ҮРЭГДСЭН ГЭВ
Өнгөрсөн сарын 24-нөөс хойш Украинд 406 хүн амь үрэгдсэний 102 нь жирийн иргэн аж. Амь үрэгдэгсдийн дунд долоон хүүхэд байжээ. Мөн 304 хүн шархадсан тухай НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет мэдэгдэв. Тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулганы үеэр үг хэлсэн байна. “Бодит тоо илүү их байж болзошгүй” гэж дээд комиссар хэлэв. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский цахимаар үг хэлэхдээ Оросын 4500 цэрэг амь үрэгдсэнийг мэдэгджээ. Тэрчлэн Украинд болж буй байлдааны ажиллагааны үеэр 16 хүүхдийн амь эрсэдсэн гэнэ. Үүний өмнө тус улсын БХЯ мэдээлснээс үзвэл Оросын амь үрэгдсэн болон шархадсан цэргийн тоо 5300 дөхсөн аж. ОХУ-ын БХЯ амь үрэгдсэн, эсвэл шархадсан цэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ
Хакерын халдлагын улмаас Оросын хэвлэл мэдээллийн ТАСС, “Коммерсант”, “Форбс”, “Такие дела”, “Известия”, “Знак”, РБК, “Е1” зэрэг хэрэгслийн цахим хуудас хаагдав. Мөн Беларусийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл халдлагад өртжээ.
Украинд халдсан ОХУ-д кибер дайн зарласнаа Хакерын “Anonymus” бүлэг урьд нь мэдэгдсэн байна.