Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс (БНДАУ, БНЛАУ)-ын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрч, тус хоёр оронтой найрамдал, хамтын ажиллагаа, тусламжийн гэрээ байгууллаа. Холбогдох баримт бичигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурав. Үүний өмнө тэрбээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Донбасст явуулж буй байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Украинаас шаардаж, эс бөгөөс “цус урсахад хүрвэл Киев бүх хариуцлагыг хүлээнэ” гэдгийг онцлон тэмдэглээд, аюулгүй байдлын баталгааны талаарх саналд Өрнөдийн орнууд бодитой хариу өгөхгүй бол Москва хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэйг анхааруулсан байна.
“Украин НАТО-д элсэж, дараа нь тус эвслийн объектуудыг энд байрлуулах нь цаг хугацааны асуудал” гэж үзэх бүх үндэслэл Москвад бий гэж тэрбээр хэлэв. Энэ тохиолдолд тус улс нь Орост цохилт өгөх Өрнөдийн түшиц газар болох аж. НАТО-г дорно тийш, тэр дундаа Украин руу тэлэх, тус улсын нутаг дэвсгэрт цохилтын зэвсэг байрлуулахгүй байхыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын тал Вашингтон, Брюсселиэс шаардахдаа аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцохыг санал болгосон юм. В.Путиний онцлон тэмдэглэснээр эдгээр санал бараг хариултгүй хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд ОХУ аюулгүй байдлаа хангах хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Оросын удирдагчийн хэлснээр өнөөгийн Украиныг коммунист, большевик Орос улс түүхэн газар нутгуудаа багтаан бүтээсэн. Гэтэл Украины цэргийн стратеги нь үндсэндээ ОХУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэхэд чиг лэсэн бөгөөд саяхан Киев цөмийн зэвсэг бүтээхээр заналхийлсэн нь хоосон зүйл биш гэж тэрбээр онцлоод, Москва энэ аюулыг үл тоомсорлож болохгүй хэмээлээ.
Донецк, Луганскийн тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар улсынх нь тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг В.Путинээс хүссэн аж. Үүний дараа Кремльд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болж, тус зөвлөлийн гишүүд уг шийдвэрийг дэмжсэн байна. Тэрчлэн Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Өрнөдийн орнуудад Киевийг гэрээгээ биелүүлэхийг албадах сүүлчийн боломж олгохыг санал болгов. “Хэрэв та (Путинтэй хэлэлцээ хийх санал тавьсан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден) аль болох богино хугацаанд буюу хоёр, гурван хоногт Донбасст цус урсгаж буй ажиллагааг зогсоож чадвал бид тантай яриа хэлэлцээ хийнэ” гэж тэрбээр хэлжээ. Н.Патрушевын “сүүлчийн боломж” гэсэн санааг Ерөнхий сайд Михаил Мишустин, Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин нар дэмжсэн гэнэ. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Оросын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев мөн уриалжээ. Үүний өмнөхөн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон зуучилсны дагуу ойрын хугацаанд В.Путин, Ж.Байден нар уулзаж магадгүй байв. Түүгээр зогсохгүй маргааш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй Швейцарын Женев хотод уулзах болсноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ерөнхийлөгчдөө мэдээлжээ.
АНУ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
БНДАУ, БНЛАУ-ын тусгаар тогтнолыг ОХУ-ын хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурлаа. Үүнд америкчуудыг БНДАУ, БНЛАУ-ыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах, түүнчлэн худалдаа хийхийг хориглосон байна. Европын Холбоо, Британи, Канад, Австрали ч мөн хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ. Гэхдээ Донецк, Луганскийн талаар Оросын гаргасан шийдвэрийг Украинд халдсан хэрэг хэмээн хараахан үзээгүй аж. Донбасст ОХУ цэргээ оруулсан нь шинэ алхам биш гэж Америкийн өндөр албан тушаалтан хэлснийг “France-presse” агентлаг уламжилсан байна.
“УКРАИН ГАЗАР НУТГАА ХЭНД Ч ӨГӨХГҮЙ”
Украин газар нутгаа хэнд ч өгөхгүй, харин дипломат, энхийн замаар асуудлаа шийднэ гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандаж үг хэлэхдээ тэмдэглэв. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан, Нормандын форматын орнуудын (Герман, Орос, Украин, Франц) дээд хэмжээний уулзалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны тусгай уулзалт зохион байгуулах санал дэвшүүлснээ В.Зеленский мэдэгджээ. Тэрбээр АНУ, Герман, Франц, Британи, Европын зөвлөлийн удирдагчидтай холбоо барьсан бөгөөд Туркийн Төрийн тэргүүнтэй ярихаар төлөвлөж буй гэнэ.
А.ГУТЕРРИШ СЭТГЭЛ ТҮГШИЖ
БУЙГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ОХУ-ын шийдвэрт маш их санаа зовж буйг түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик уламжлав. Тэрбээр Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолоор баталсан Минскийн хэлэлцээрийн дагуу энхийн замаар шийдвэрлэхийг уриалж байна.
Харин Никарагуа, Абхаз, Өмнөд Осети болон хуситууд ОХУ-ын гаргасан шийдвэрийг Донецк, Луганскийн ард түмний эсрэг терорризмыг эцэслэх зөв алхам хэмээн үзжээ.
Бэлтгэсэн З.Амгалан