Байгаль хамгаалагчийн нийгэм дэх үнэлэмж, цалин, урамшууллыг сайжруулах асуудлыг судлаач, мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд ул суурьтай хөндөх болсон. Олон улсад ийм мэргэжилтэй хүмүүсийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг гэж үзэн цалингийн дээд хэмжээг олгодог жишиг тогтоод удаж буй ч Монголд эсрэг нөхцөл байдалтай байгааг байгаль орчны салбарынхан шүүмжилдэг. Мөн тус мэргэжлийн онцлог, ач холбогдлыг нийгэмд сурталчлан таниулах шаардлагатай гэж үздэг. Үүний дагуу хэсэг залуус шилдэг байгаль хамгаалагч шалгаруулах уралдааныг жил бүр зохион байгуулж, 10 хүртэлх сая төгрөгөөр урамшуулах, ажил үйлсийг нь алдаршуулах санаачилгыг 2020 онд гаргасан ч хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл БОАЖЯ энэ онд нийслэлийн Байгаль орчны газар болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын дунд тус уралдааныг зохион байгуулахаар болж, шалгаруулалтыг явуулах ажлын хэсэг томилжээ.
Шилдгүүдийг шалгаруулахдаа байгаль хамгааллын шинэ менежмент нэвтрүүлсэн, эсэх, нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдтэй хамтран ажиллаж, үр дүн гаргасан байдал, зэрлэг ан амьтан, ургамлын судалгаа, мониторингод оролцсон идэвх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоосон үзүүлэлт, өсвөрийн байгаль хамгаалагч, эко клубийн гишүүдэд хэрхэн үлгэрлэсэн зэргийг харгалзах гэнэ. Эхний гурван байрт орсон эко элч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаас гадна 2023 оны зургадугаар сард Португал улсад болох Дэлхийн байгаль хамгаалагчдын X чуулганд оролцуулах аж.