Нийслэлчүүд “зүүд”-нээсээ сэрэв. Хотын утаа 50 хувиар буурсан гэсэн албаныхны үлгэрт итгэж, сайхан “зүүд”-нд удаан умбасан тэд хөрсөн дээр бууж, агаарын бохирдлын асуудалд бодитой, шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Утаатай Улаанбаатарын үнэн төрхийг илчилсэн зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна. Албаныхан сандралдаж, ичсэндээ хүн ална гэгч болов.
БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг байгууллага хамтран өчигдөр мэдээлэл хийхдээ “Нийслэлийн төр, захиргааны байгууллагын мэргэжилтнүүд гэр хорооллын айлуудын түлшний хэрэглээг цаашид хатуу хянаж, шалгана. Өнгөрсөн сарын 20-ноос хойш түүхий нүүрс хулгайгаар түлсэн гурван зөрчил илрүүлэн, арга хэмжээ авсан. Агаарын чанар сайжруулах бүс дэх айлууд, түүхий нүүрс хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс их зүйл шалтгаалж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хариуцлагагүй байдлаас улбаатайгаар хотын утаа стандарт давах хэмжээнд хүртлээ ихэссэн гэдэг “тайлан”-г тэд олон нийтэд тавив. Үүнээс хоёр хоногийн өмнө буюу баасан гарагт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхан “Түлшний хэрэглээтэй холбоотой хяналт шалгалтыг эрчимжүүлсний үр дүнд энэ төрлийн зөрчил буурсан. Холбогдох байгууллагуудтай хамтран эр гүүл хийх явцад ямар нэг зөрчил илрээгүй” гэж мэдээлсэн. Агаарын бохирдлын асуудал хариуцсан эдгээр байгууллагын зөрчилтэй, эсрэг байр суурь бүхий мэдээллээс үзэхэд гурван айл түүхий нүүрс хулгайгаар түлснээс л нийслэлийн агаарын чанар ойрын өдрүүдэд эрс муудсан болж таарах нь. Олон нийтийн сүлжээнд “их мэдэгч”-ийн байр сууриас мэдээлэл түгээж буй зарим хүнийхээр бол орон нутгаас шилжин ирэгсэд Улаанбаатарт “уурын зуух” ажиллуулж буй юм байх. Тэр нь мэдээж түүхий нүүрсээр галладаг гэнэ.
Түүнчлэн нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сайжруулсан түлшний үнэ хямд байгаа учраас иргэд өмнөхөөс их хэмжээгээр түлж байна. Үүнээс болж утаа ихэссэн” гэсэн “мэргэн” тайлбар хэлсэн нь нийслэлчүүдийг ихэд бухимдуулав.
Агаарын бохирдолтой “тэмцэгчид” бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, яг ийм байдлаар мэлзэж, үнэнээс зугтаж, муу л бол хойд талын хар овоохой гэгчээр гэр хорооллынхныг буруутгасаар энэ өвлийг үдэх шинжтэй. Одоогийн байдлаар тэд юу ч хийсэнгүй, цаашид ямар ажил хийх нь ч тодорхойгүй байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл