Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар иргэдийн сурч, боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Танхимын сургалтыг зайн болон цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд 5756 теле хичээл, 104 интерактив хичээл, 2775 цахим хичээл, 50 цахим контент, радио болон аудио 30 хичээл бэлтгэжээ. Мөн хичээлүүдийг www. econtent.edu.mn цахим хуудсанд байршуулснаар нөхөж, давтан үзэх боломжоор хангасан гэв. Теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас үүрэн холбооны оператор компаниудтай хамтран www.econtent.edu. mn цахим хуудсанд байршуулсан теле хичээл болон төгсөх ангийн сурагчдад зориулан www. help.eec.mn, www.eyesh.eec.mn цахим хуудас руу үнэ төлбөргүй нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна.
Сайд Л.Энх-Амгалан “Гэхдээ хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайн, цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон шиг байж чадсангүй. Тухайлбал, эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178.5 мянган сурагч теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн. Цахим, зайн сургалтын чанар муу байсныг эцэг эх, асран хамгаалагч нар шүүмжилж байна. Багш нарын мэдээлэл харилцаа, технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө. Яамны зүгээс боловсролын цахим шилжилтийн хүрээнд сургалтын нэгдсэн платформ хөгжүүлэх, багш нарын ийм нөхцөлд ажиллах чадавхыг сайжруулах, цахим агуулга, хэрэглэгдэхүүний стандарт, шаардлагыг боловсруулахаар ажиллаж байна” гэв. Улмаар medle.mn платформыг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хөгжүүлжээ. Үүнд 1-12 дугаар ангийн 419 хичээлийг байршуулсан байна. Цахим контент бэлтгэх, хичээлийн сан бүрдүүлэх, баяжуулах, мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн Боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд бичил студи байгуулах ажлыг эхлүүлснийг хэлэв. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн, хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаагаар сурагчдын 76.8 хувь нь сэтгэл зовнилтой, 6-13 насны хүүхдүүдийн стресс, бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын олонх нь “Ковид-19”, сурлагаар хоцрогдохоос айж байгаа гэсэн үр дүн гарсныг дурдсан. Иймд энэ хичээлийн жилээс 121 сургууль (төрийн өмчийн 99)-д нийт 124 (төрийн өмчийн 102 сургуульд) мэргэшсэн сэтгэл зүйч ажиллуулж байгаа гэв. Танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа урт хугацаагаар хаагдсаны улмаас гуравдугаар ангийн сурагчдад гэхэд л нэг жилийн хичээлтэй тэнцэхүйц хоцрогдол үүсжээ. Тэднийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд 50 хувийн алдагдлыг нөхөх боломжтой хэмээн тооцсоныг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа. Ер нь багштайгаа нүүр тулж харилцдаг арга барилыг зайн, цахим сургалт бүрэн орлож чадахгүйгээс сурагчдын тухайн ангид эзэмших ёстой мэдлэг, чадварт тодорхой хоцрогдол үүссэн болохыг олон улсад хийсэн судалгааны үр дүн харуулсан. Теле, цахим хичээлийн үргэлжлэх хугацаанд тавигдах шаардлагаас болж тухайн хичээлийн агуулгыг танхимд судлах хугацааны 20 орчим хувьд багтаан сурагчдад хүргэсэн нь хоцрогдолд онцгой нөлөөлж байна гэж байлаа. Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Засгийн газөр өнгөрсөн онд “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө” баталсан бөгөөд 3R буюу эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван шатлалтайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Үүнд 373 тэрбум төгрөг шаардлагатай аж. Сайд Л.Энх-Амгалан “Нөхцөл байдалд нийцүүлэн олон талт арга хэмжээ авч байгаа ч халдварын тархалтаас хамааран танхимын сургалтад бүрэн шилжээгүй. Энэ нь хоцрогдол арилгах ажлын ахицад нөлөөлж байгаа. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээ орхигдсон хэвээр байна. Багш нарын ажлын ачаалал ч нэмэгдсэн” гээд 2022-2023 оны хичээлийн жил өмнөхөөс онцлогтой, боловсролын салбарт чанарын өөрчлөлт авчрах жил байна хэмээн онцолсон. Тодруулбал, гүйцэтгэл, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл, чанар, гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний тогтолцоо, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөр, хөдөө, орон нутгийн сургуулийн орчныг сайжруулах (ариун цэврийн орчин үеийн байгууламж) нь 2022-2023 оны хичээлийн жилийн онцлог байх аж.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн зарим гишүүн асуулт тавьж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүн Ш.Адьшаа “Тухайн сургууль, цэцэрлэгийн дарга, хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжүүд “Үдийн хоол”-ыг нь хариуцдаг. Үүнийг өөрчлөх цаг болсон” гэсэн бол гишүүн Д.Ганбат “Кэмбрижийн боловсролыг хэрэгтэй, хэрэггүй гээд нэг хэсэг маргасан. Боловсрол үнэтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна багш нарын цалин бага байна. Тэднээс яаж үр дүн нэхэх юм бэ. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг хассаныг дэмжихгүй байна” хэмээн салбарын хүрээнд хөндөж буй зарим асуудлын талаар саналаа хэллээ. Сайд Л.Энх-Амгалан хариултдаа “Үдийн хоол” болгосонтой холбогдуулан 1-5 дугаар ангийн 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж эхэлсэн. Нэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэг хүндрэл байгаа. Ялангуяа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй хувь нь түрээсийн гал тогоотой байна. Үдийн хоолны нэг хүүхдэд ногдох 1500 төгрөгийн 800-900 нь түрээслэгчдийн халаасанд орж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд ерөнхий боловсролын сургууль түрээсийн гал тогоотой байхыг хориглосон. Нэгхэн жилийн дотор бүх сургуулийг гал тогоотой болгох боломжгүй тул үе шаттай арга хэмжээ авч, гал тогоогүй сургуулиудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад яам анхаарч ажиллаж байгаа” гэв. Мөн тэрбээр “Хүүхэд нийт авах ёстой мэдлэгийнхээ 70 хувийг танхимаар авдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч цар тахлын улмаас танхимын сургалтыг нийт хичээлийн 40 гаруй хувьд л явуулсан тул хоцрогдол үүссэн. Үүнд дэд бүтэц, интернэт, гар утас, компьютерын дутмаг байдал нөлөөлсөн. Олон улсад нэг хүүхдэд хэдэн компьютер ногдож байгаагаар боловсролын салбарын гол үзүүлэлтийг тооцдог. Энэ үзүүлэлтээр Монгол Улс нэлээд хойгуур байгаа. Манай улсад 23 хүүхдэд нэг компьютер ногдож буй. 2021 онд гурван тэрбум төгрөгийн төсөвтөө тааруулан 670 сургуулийн шилэн кабелийг шинэчилж, интернэтийн хурдыг гурав дахин нэмэгдүүлсэн” гэв. Улсын хэмжээнд 180, нийслэлд 40 мянган хүүхэд эрчим хүч, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дутагдалтайн улмаас хичээлийн хоцрогдолд орсон тул өнгөрсөн жилийн намар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинээр нүүж ирсэн айлуудыг эрчим хүчээр хангаж, шийдвэрлэснийг ч хэлэв. Энэ жилийн хувьд сайдын багцад тусгасан 10 тэрбум төгрөгийг интернэтийн сүлжээг сайжруулахад зориулах гэнэ. Сайд Л.Энх-Амгалан “Багш нарыг компьютертой болгохгүйгээр цахим сургалтын талаар ярих боломжгүй. Улсын хэмжээнд 33 мянган багшийг компьютероор хангахад 140-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авна. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн тул багш нарын хичээлийн хэрэгсэл, дата, интернэтийн зардлыг олгож, компьютерын танхимгүй байгаа сургуулиудад хөрөнгө оруулалт хийнэ. Одоогийн байдлаар 100 орчим сумын сургуулийн интернэт, компьютерын хангамжтай холбоотой асуудлыг хувьсах зардлын аргачлалаар нэн яаралтай шийдвэрлэнэ гэв. Түүнчлэн салбарын сайд “2022 оны нэгдүгээр сарын 1-ээс багш нарын суурь цалинг нэмэхээр шийдсэн. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш нэг сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-ээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя гэж байгаа. Энэ нь багш нарын хувьд нэг сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна. Гэхдээ батлагдаагүй байгааг дахин хэлье” хэмээсэн юм.
Бэлтгэсэн У.Наран