Итали улсад график дизайнер, зураач мэргэжлээр сурч, төгссөн Лутхүүгийн Мөнхзаяа өөрийн хүслээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумд багшилж буй.
Түүний Хутаг-Өндөрийг сонгох болсон шалтгаан их сонин. Италийг зорьсоноосоо долоон жилийн дараа буюу 2021 оны наймдугаар сарын 26-нд эх орондоо иржээ. Сонирхолтой нь ирсэн өдрөө Хөвсгөл рүү шууд явсан аж. Аяны замд алжааж, машиндаа унтчихаж. Сэрээд хартал нэг их гоё байгальтай газрын хажуугаар өнгөрч, явсан тул дуу алдан “Энэ ямар нэртэй газар вэ” хэмээн асуухад “Хутаг-Өндөр” гэж жолооч хариулжээ. Ингээд л “Би энд амьдарна” хэмээн эрс шулуун хэлсэн гэдэг. Гэхдээ зүгээр нэг сэтгэл хөөрлөөр тэр ам алдсангүй. Улмаар Хутаг-Өндөр сумын арван жилд зургийн багшаар ажилд орох анкет өгч, тэнцээд, 2021 оны аравдугаар сарын 18-наас ажилдаа оржээ.
Сургуулийн талаарх анхны сэтгэгдлээсээ цахим хуудсандаа хуваалцахдаа “Анх сургуулийн босго алхангуутаа шууд таалагдаад, татагдаад л эхэлсэн. Миний бодсоноос хамаагүй том, 800 гаруй сурагчтай, бас их цэвэрхэн цэгцтэй бүтээлч хамт олон байлаа. Хүсэлтийг минь эргэлзэлгүйгээр шууд хүлээж авсан захирал Ариунаа болон шинэ хамт олондоо маш их баярладаг. Бас нэг гоё зүйл мэдэрсэн нь энэ сургуульд Репиний академи төгссөн надтай адил график зураач С.Одхүү гэдэг эмэгтэй багшилж байсан юм билээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Эхэндээ “Орчин үед залуус хот газрыг барааддаг болчихсон цаг шүү дээ. Италид сурсан, ийм өндөр боловсролтой хүн манай буйдхан жижиг сумын сургуулийг сонгосон гэж үү гээд итгэх янзгүй. Нэг их удахгүй уйдахаараа яваад өгнө дөө” гэж шивэр авир хийцгээж байж.
Л.Мөнхзаяа багш харин ч эсрэгээрээ анхны цалингаа аваад сургуулийнхаа нэг хэсгийг номын булан болгосон гэнэ. Мөн зургийн дугуйлан нээжээ. Тэгээд ч зогсохгүй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нь хүүхдүүдийн хичээл сурлагад нөлөөлж, эрс өөрчлөлт хэн бүхний нүдэн дээр гараад эхэлжээ. Товчхондоо Италид төгссөн эмэгтэй буйдхан сумыг сонгосон нь шууд л, бүр гайхамшигтайгаар үр дүнгээ өгч, хөдөөгийн хүүхдүүд зургийн хичээлдээ их дуртай, хайртай болж хичээнгүйлэн суралцах болсон байна. Гайхалтай биш гэж үү.