“Давхар дээл” гэж УИХ-ын гишүүд сайдаар хавсарч ажиллах ойлголт. Ихэнхдээ “УИХ-ын гишүүд давхар дээл өмслөө” гэдэг талаас харсан өнцөг. Хэрвээ “Сайд нь давхар дээл өмслөө” гэж Засгийн газар талаас харвал өөр өнцөг, өөр тайлбар гарна. Тэгж хардаг, “Сайд нь парламентын гишүүн байх ёстой” гэж Үндсэн хуульдаа тусгасан улс орнууд ч бий. Гэхдээ энэ тухай бичихгүй. Харин “давхар дээл”-ээр яаж бантан зуурч, Монголын төрийг хэрхэн гацааж, “давхар дээл”-ийн улс төрөөр Засгийн газруудыг огцруулж байсан түүхэн үнэнийг өгүүлье. Баримт бол баримт.
ЭХЛЭЛ
Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиа баталснаас хойш П.Жасрайгаас Л.Оюун-Эрдэнийг хүртэл 17 Ерөнхий сайд томилжээ. Тус бүр хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон нь Ц.Элбэгдорж, С.Баяр, У.Хүрэлсүх нар. Харин П.Жасрай, Н.Энхбаяр нарын танхим бүтэн дөрвөн жил ажилласан түүхтэй. Ер нь бол 12 Засгийн газрыг хугацаанаас нь өмнө огцруулсан. 1992- 2022 гээд тооцвол 30 жилд 17 Засгийн газар гэхээр нэг Засгийн газрын дундаж наслалт 1.7 жил байж. Хэрвээ улс төр тогтвортой, Үндсэн хуулийн дөрвөн жилийн бүрэн эрхээ яг гүйцээдэг, тэгээд гүйцэтгэх засаглал огцрох хэмжээний алдаа гаргадаггүй байсан бол өнгөрсөн 30 жилд монголчууд 7-8 удаагийн Засгийн газар, давхардлаа оруулаад, мөн тооны Ерөнхий сайд томилох математик утга гарна.
Засгийн газрыг хугацаанаас нь өмнө огцруулдаг жишиг, анхны тохиолдол “давхар дээл”-ээр эхэлж, үргэлжилж, өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд мөн л “давхар дээл”-ийн маргаанаас болоод оны эхнээс ажиллаж эхлэх учиртай хоёр шинэ яамныхаа сайдыг томилж болохгүй, улс төрийн гацаанд долоо хонох гэж байна.
НЭГ
Ардчиллын түүхэнд 1998 оны дөрөвдүгээр сар хүртэл Засгийн газрыг хугацаанаас нь өмнө огцруулсан удаагүй. Анхных нь М.Энхсайханы танхим. Түүний өмнө П.Жасрайн танхим дөрвөн жил ажиллаж, сайд нарын гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болох хуулийн дагуу УИХ-ын гишүүн Л.Энэбиш, Ч.Пүрэвдорж, Ц.Гомбосүрэн, Н.Энхбаяр нар сайдаар хавсран ажиллажээ.
1996 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл ялав. Гэтэл П.Жасрайн танхимд зөвшөөрч байсан “давхар дээл” нь сонгуульд ялсан “Ардчилсан холбоо” эвслийн шинээр байгуулах Засгийн газарт хуулиар хориотой болчихов. Учир нь Цэцийн дунд суудлын хуралдаанаас “УИХ-ын гишүүн сайдаар хавсарч ажиллах нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн 03 тоот тогтоолыг 1996 оны долдугаар сарын 17-нд гаргасан байна. Ингээд хоёр хоногийн дараа буюу 1996 оны долдугаар сарын 19-нд Цэцийн дүгнэлтийн дагуу “дан дээл”-тэй М.Энхсайхан Ерөнхий сайдаар томилогдож, улмаар танхимын бүх сайдаа УИХ-ын гаднаас томилуулжээ.
“Давхар дээл”-ийг хориглосон Цэцийн дээрх шийдвэр нь сонгуульд хамгаа зарж, хариуцлагаа үүрэх УИХ-ын олонход мэдээж таалагдсангүй. Тэд хууль санаачлах, батлах УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглав. “УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэж УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчиллөө. Уг хуулиа 1998 оны нэгдүгээр сарын 15-наас мөрдөж эхлэв. Ингэснээр танхимаараа “дан дээл”-тэй М.Энхсайханы Засгийн газар огцрох улс төрийн орчин бүрдсэн юм. Улмаар наанаа УИХ-ын гишүүд хариуцлагаа үүрэхийг шалтагласан, цаанаа бол өөрсдөө “давхар дээл” өмсөх шалтгааны хослол дунд 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газрыг огцрууллаа.
Дурсамжаас нь уншихад, М.Энхсайхан огцрох эцсийн мөч, УИХ-ын гишүүдийг огцруулах кноп дарах хүртэл “давхар дээл”-ийг хориглосон Цэцийн шийдвэрийн дээр хөх тэнгэр л бий гэдэгт найдсаар байсан ч талаар болсон юм билээ.
ХОЁР
М.Энхсайханы дараа, Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдав. Зуун хувь “давхар дээл”-тэй танхим. Харин түүний Засгийн газрыг ажиллаж байх хугацаанд Цэц хуралдаж, “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, сайдаар ажиллаж болохыг зөвшөөрсөн” УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай дээрх хуулийг Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргаж, уг заалтыг хүчингүй болгожээ. Цэцийн дээрх шийдвэр нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад нөлөөлөөгүй ч, харин түүний дараагийн Ерөнхий сайд, сайд нарыг УИХ-ын гаднаас томилоход шууд нөлөөлсөн юм. Нөлөөлсөн учраас яг М.Энхсайханы адилаар Ерөнхий сайд Ж.Наранцацралтын танхим бүгд “дан дээл”-тэй байлаа.
ГУРАВ
“Дан дээл”-тэй танхим бүхий Ж.Наранцацралтын Засгийн газар долоон сар хэртэй ажиллаад улс төрөө даалгүй огцорлоо. Харин огцрохоос нь өмнө амжиж тухайн үеийн олонх ба цөөнхийн зөвшилцлөөр 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байв. Түүхэнд “Дордохын долоо” нэрээр олонтоо бичигддэг уг өөрчлөлтийн нэг нь “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан заалт байлаа. Ингэж “давхар дээл” нэгэнт Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн учир Ж.Наранцацралтын дараагийн Ерөнхий сайдыг УИХ дотроос буюу гишүүн Р.Амаржаргалыг 1999 оны долдугаар сарын 30-нд томилжээ.
ДӨРӨВ
Харамсалтай нь, “давхар дээл” Үндсэн хуулийн заалт болсноор түүнийг тойрсон улс төр дууссангүй, Засгийн газруудыг унагадаг гол гох дэгээ байсаар, үргэлжилсээр буй.
2000 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялав. Мөн оныхоо долдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн Н.Энхбаярыг Ерөнхий сайдаар, наймдугаар сарын 9-нд нь танхимын 13 сайдыг томилсны дотор Ч.Улаан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг УИХ дотроос томилж “давхар дээл” өмсгөжээ.
Үүнээс хойш гурван сарын дараа өмгөөлөгч С.Нарангэрэл нарын гомдлоор Цэц хуралдаж, 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгох шийдвэр гаргав. Тухайн хуралдаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж УИХ-ыг төлөөлөн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар маргасан бол, Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргасан Цэцийн хуралдааныг Н.Жанцан даргалсан байдаг юм.
Ялгаа нь тухайн үеийн МАХН-ынхан “Ардчилсан холбоо” эвслийнхэн шиг Ерөнхий сайдаа огцруулаагүй, сайд нартаа ч сэлгээ хийгээгүй. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж аваагүйн зэрэгцээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг батлахдаа гаргасан гэх процедурын алдааг засан сэргээн батлах улс төр давхар хийсэн юм.
2000 оны энэ үйл явдлаас хойш “давхар дээл”-ийн хэрүүл-Цэцийн шийдвэр бүхий оролцоо нь байсаар ирсэн ч, арай ч Засгийн газруудыг шил дараалан огцруулах хэмжээний улс төр болж чадаагүй. 2012-2016 оны УИХ-ын үед Х.Баттулга “давхар дээл”-тэй байхаас татгалзаж байна гэж сайдаасаа сайн дураар огцорсон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “давхар дээл”-ийг хориглох хязгаарлах хуулийн төсөл санаачилж, ер нь бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах суурийг бэхэлж бүрдүүлсэн байдаг юм.
ТӨГСГӨЛ
Хамгийн сүүлд, 2020 оны УИХ-аас Үндсэн хуулийг өөрчлөхдөө Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрсөн. Үүний дагуу энэ хязгаар дотор У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ нар танхимаа бүрдүүлсэн. 2022 оны өмнөхөн УИХ-ын гишүүн Т.Доржханд, мөн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд өргөдөл гаргав. Тэдний өргөдөл-гомдлоор Цэцэд маргаан үүсгэж, оны өмнө хуралдах товоо зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад байна.
Уг үйл явдалтай зэрэгцэн огцрохгүй гэсэн “дан дээл”-тэй сайд нарын лобби бүлэг байгуулагдлаа, Ерөнхийлөгч гацаалаа гэх шар мэдээ буй ч тэдгээрийн дунд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиа зөрчинө гэсэн ойлголт байдаггүй юм” гэх зарим хүний аргумент нь арай ажил хэрэгч, бас байж болох үгүйсгэл шиг санагдсан. Гэтэл баримт бол баримт. Жишиг, түүхэнд үлдсэн баримтаар бол 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон, Цэцийн дарга Н.Жанцангийн гарын үсэгтэй Цэцийн шийдвэрт “…Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй” гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулиа зөрчиж байна гэж Цэц тухайн үед дунд болон их суудлаараа шийдвэрлэж, эдгээр хуралдааныг даргалсан Цэцийн дарга Н.Жанцан тэргүүтэй гишүүдийн гарын үсгээр баталгаажуулсан байдаг юм. Эндээс Цэц нь 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийг зөрчсөн, эсэхээр маргаан үүсгэн хэлэлцэж болдог, бүр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болдог. Харин 2020 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг болохоор Цэцийн дунд суудлаар хэлэлцэх эрхгүй, бүр маргаан үүсгэж ч болдоггүй болж таарч байна. Энэ нь П.Жасрайн Засгийн газар “давхар дээл”-тэй байж болно, М.Энхсайханых байж болохгүй, Ц.Элбэгдоржийн танхим УИХ-ын гишүүдээс бүрдэж болно, Ж.Наранцацралтынх парламентаас байж болохгүй гэх улс төрийн үйл явдалтай адилхан мэт.
Үйл явдлын цаг хугацаа өөр өөр байж болно, гол нь Үндсэн хуулийн шүүх-Цэц өөрөө хоёр үзүүртэй явж болох уу, мэдэхгүй. Хоёр үнэн гэж байдаггүй, шүүх нэг хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргадаггүй гэдэгтэй адилхан л баймаар санагдана. Агуулгын ганцхан жишээ хэлэхэд, манай улс цаазын ялыг халсан ч, “Ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг бусниулахыг хориглоно” гэж цаазын ялыг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн хэвээр л яваа. Үндсэн хуульд одоо ч байгаа энэ заалт нь мөн Үндсэн хуульд байгаа “Хүн амьд явах эрхтэй” гэдэг заалттайгаа зөрчилдөж байж болох өнцөг гаргаж болмоор.
Хэрвээ Цэц үнэхээр 2020 оны Үндсэн хуулийн өөрчлөлт, зарим, тухайлбал “давхар дээл”-ийг дөрвөөр хязгаарласан заалт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянах эрхгүй л юм бол яах гэж анхнаасаа маргаан үүсгэсэн юм бэ. Мөн хэлэлцэх эрхгүй, замын дунд зогсох байсан юм бол яах гэж дунд суудлын хуралдаанаа товлосон юм бэ гэдэг асуулт гарна. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ хоёр сайдаа томилохгүй яваа нь улс төрийн болон эрх зүйн чадамжгүйдээ биш шүү дээ. Нэгэнт Цэцээс “давхар дээл”-ийг дөрвөөр хязгаарласан заалт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянахаар маргаан үүсгэсэн, дунд суудлын хуралдаанаа зарласан тул улс төрөө харах, хүлээхээс өөр сайн сонголт үгүй.Ер нь бол парламентын гишүүн нь гүйцэтгэх засаглалд “давхар дээл” өмсөж ажиллах нь зөв, сайн, эсвэл буруу, муу гэдгийг нотолсон туйлын үнэн гэж хаана ч байхгүй. Аль хувилбар дээр сайн тал нь давамгайлж байна вэ гэдэг нь л чухал. Гэтэл Монгол Улс, монголчууд бид парламентын засаглалаа бэхжүүлнэ, сонгодог хэлбэрт дөхүүлнэ гэж 30 жил ярьж, явж байгаа хэрнээ УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, сайдаар ажиллаж болох, үгүй маргаанаа ч эцэслэж чадахгүй, орж гарсаар, монгол төрийг хямрааж, бас үе үехэн гацаасаар 30 дахь жилдээ явж буй.