Шударга, эх оронч, ажил хэрэгч, мэдлэг чадвараараа шилэгдэн шалгарч, 1992 онд АИХ-ын II хуралдааныг удирдсан эрдэмтэн Жамбалдоржийн Уртнасанг монгол түмэн мартаагүй байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн энэ хуралдааны дарга онол, улс төрийн мэдлэгээр зогсохгүй Монгол орон, энгийн амьдралыг гайхалтай мэдэрдэг байсан. Тэрбээр нийгмийн амьдралын салбар салбарын төлөөлөл болсон 400 гаруй хүнийг хоёр сар хагасын туршид ухааны цэцээ уралдуулан, улс орныхоо өнөө маргаашийн бус алс хэтийн зорилго зорилтыг дэнслэн ажиллахад удирдан зангидсан, эгэл атлаа агуу зохион байгуулагч байв. Энэ хүний үлгэр дуурайлыг өнөөдөр эргэн дурсахуйд нэн таатай. Тэрбээр аливаа бэрхшээлтэй асуудлыг санаанд оромгүй байдлаар эвтэйхэн шийдвэрлэдэг байсан сан. Тэр өдрүүдэд Үндсэн хуулийг нэгдлийн дарга нарын баталсан хууль гэх мэтээр элдвийн болох, болохгүй өргөдөл сэлт саналууд ирж байсан. Нэгэн тийм сүрхий бичиг ирснийг Ж.Уртнасан дарга уншингуутаа “Намайг шүүмжилж болно. Хөдөлмөрийн баатар Намжиг, Рагчаа, Лодойхүү, Чулуун нарыг юу гэх юм болоо” гээд ураад, цаасны сав руугаа хийчихэж билээ.
Тэрбээр “Пунсалмаагийн Очирбат, Жамбын Гомбожав, Дашийн Бямбасүрэн бид усан морь жилийнх, Бяраагийн Чимэд модон нохой жилийнх, ивээл жилтэй удирдагч нар байсан” гэж сэтгэлийн сайхнаар ярьдаг сан. Доктор Мижигдоржийн бичгээр ирүүлсэн “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн саналыг хуульд тусгуулахад Ж.Уртнасан дарга гол үүрэг гүйцэтгэсэн. Бэлчээрийн мал аж ахуй оршин байгаа нөхцөлд газрыг хувьчилж болохгүй гэдгийг “Энэ ч биш ээ” гээд, газар бэлчээрийг өмчлүүлэх, цагаачлал ба хүн ам зүйн бодлого, түүний дотор үр хөндөхийг хориглодог явдлыг зогсоох зэрэг асуудлаар маш их мэдээлэл авч, дэлхийн улсуудын туршлагыг сонирхож байсан. Ер нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд хөндөгдөөгүй асуудал бараг байхгүй гэхэд болно. Эрэгтэй хүн олон эхнэртэй байх нь хүний эрхийн асуудал учраас тэр тухай Үндсэн хуульд оруулна, оруулахгүй гээд л хэдэн цаг маргана. Аливаа маргаан эрс хурцдахад нам, бүлгүүдийн аль нэг нь завсарлага авч, тусдаа цуглараад, тухайн асуудлыг тал бүрээс нь шүүн ярилцаж, өөрсдийн саналаа нэгтгээд, эргэн чуулгандаа орно.
Д.Бямбасүрэн Засгийн газрын тэргүүнээсээ огцрох санал чуулганд оруулж ирлээ. Коммунист гэж хэлүүлж байгаа одоогийн энэ хүмүүс үзэл бодлоо өөрчилж, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэх чадвартай гэдгийг үзүүлье гэж бодож энэ албанд зүтгэж эхэлсэн. Монгол орны өөрчлөлт шинэчлэлийг идэвхжүүлэх, гүнзгийрүүлэх энэ үед төр, ард түмний маань дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн гол хүчнүүдийн дэмжлэг хэрэгтэй. Улс төрийн хамгийн эгзэгтэй үед Засгийн газрын тэргүүн огцрох ёсгүй гэдэг асуудалд Ж.Уртнасан депутатуудыг удирдаж чадсан. Засгийн газрын тэргүүнээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай эргэж хуралдаанд орсон юм. Тэгэхэд зарим хүн сэтгэл дундуур байсан боловч Д.Бямбасүрэнг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай саналыг олонх нь дэмжсэн билээ.
Депутат бүр саналаа хэлэх гэж хурлын танхимд байрлуулсан чанга яригчийн өмнө өдөржин, шөнөжин дугаарлана. Энэ бүхнээс шантралгүй миний л үүрэг гэсэн шиг огт уурлаж ундууцалгүйгээр депутатуудын асуултад хариулж, тэсвэр тэвчээртэй, ажил хэрэгч, өндөр боловсролтой, удирдагч гэдгээ Ж.Уртнасан дарга харуулж байсан билээ. Тэрбээр сийрэгхэн ухаантай, асар их тэвчээртэй, тулсан, гацсан асуудлыг зохицуулах ур чадвар өндөртэй дарга байсан. Дайрч давшилсан, үзэл бодлоо тулгаж, шахсан, яая даа гэмээр үе олон тохиолдож байсан боловч уурлаж бухимдахгүй, тэвдэж сандрахгүй, маш эвтэйхэн зохицуулчихаж чаддаг байдалд нь депутатууд бахархдаг, хүндэтгэдэг байж билээ. Нэг удаа дарга маань нэлээд бухимдаад, хуралдааныг хоёр цаг орхихоо мэдэгдэж, орлогч дарга Ц.Лоохуузыг хурал даргална гэж хэлчихээд гараад явчихсан. Эмх замбараагүй байдал үүссэн энэ үед дайрч давшлаад байсан хүмүүс, хуралд оролцогчид асуудал шийдэх боломж алдагдаж, депутатууд их зүйлийг богино хугацаанд мэдэрсэн. Дарга маань өрөөндөө сууж байгаад удалгүй гарч яваад, инээсээр хуралдааны танхимд ортол нижигнэсэн алга ташилтаар угтаж байсан. Үүнээс хойш бүх хүн Ж.Уртнасан даргад их хүндэтгэлтэй хандаж буй нь үүдний өрөөний над илүүтэй мэдрэгдэг байлаа. Дуудуулж ирдэг Б.Чимид дарга энэ хооронд өрөөгөөр нь хоёр удаа орсон нь над их сайхан санагдсан. Үндсэн хуулийг баталснаас хойш тун удалгүй АИХ-ын даргын тодорхойлолтоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган, Б.Чимидэд Гавьяат хуульч цол хүртээсэн.
Хорин нэгдүгээр тойргийн депутат генерал, яруу найрагч Пүрэвийн Мөнхдоржийн зүрх зогсож, хурлын танхимд нас барахад царай нь цонхийж хөдөлгөөн нь удаашран өрөөндөө орлогч дарга Н.Батбаяр, Т.Шагай, Ц.Лоохууз, Д.Моондой нартай орж, мөн ч олон хоног хуралдаж байна даа. “Энэ хуулийг батлуулчих юм сан. Сонгогчдоос АИХ-д ирж буй өргөдөл хүсэлт шаардлага улам их боллоо” гээд сэтгэл нь маш их зовнисон шинжтэй хоолой нь зангирч байсан сан. Төрийн сүлдний тухай олон хоног маргалдах үед эрдэмтэн Далай, Сүхбаатар, Бадар-Ууган нартай өдрийн зоогт орохдоо хүртэл зөвлөлдөж, зураач Ойдовыг хожим ажлынхаа өрөөндөө хүлээн авч, санал бодлыг нь сонсож байсан. Үндсэн хуулийн гол гол заалтуудыг хэлэлцэж байсан тэр халуухан өдрүүдэд өдрийн хоолны завсарлага, оройн хуралдааны дараа, ер нь цаг зав л гарвал эрдэмтэд, Монголд суугаа гадаадын дипломатчидтай хийх уулзалт, ярилцлагаар дүүрэн байдаг. Энэ үед Монголд ирсэн зочин төлөөлөгчид хамгийн түрүүнд АИХ-ын даргатай уулздаг байлаа. Түүнчлэн гачигдал ярьсан, чөлөө авахыг хүссэн депутатуудын дараалал, өргөдөл, санал гомдол, түүнийгээ тайлбарлах гэсэн уулзалтын дараалал тасрахгүй түүнийг хүлээнэ. Бүр зарим депутат өрөөнд нь орчихоод, хуралдаан эхэлчихээд байхад хүртэл “Асуудлыг шийдэхгүй бол гарахгүй” гээд суучихна. 2001 оны арваннэг, арванхоёрдугаар сард сум, нэгдлийн дарга нарын 60 хувь нь 7-14 хоног орон нутаг руугаа явах хүсэлт тавьж байсан. Хүсэлтийн гол агуулга “Оны эцэс боллоо, онд багтааж хийх төлбөр тооцооны болон мал тооллогын тулгамдсан асуудал байна” гэх бол зарим нь идэш ууш, бүр өвчин зовлон тоочиж ялархдаг сан. Сэтгэн бодох өндөр чадвартай, аливаад ухаалаг ханддаг, эелдэг зөөлөн, эгэлхэн атлаа зарчимч, хүний мөс дэндүү сайтай, нөхөрсөг тусархуу, ихэрхүү зангүй, ямар ч хүнтэй үг хэлээ ололцож чаддаг, уян хатан гайхалтай эгэл чанарууд нь чухам л түүнийг тэнгэрийн зарлигаар тэр албанд томилсон юм шиг л байлаа. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн батлах тун ч шаггүй ажлын ард гарахад АИХ-ын дарга хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч манай депутатуудын монгол сэтгэхүй ажил, албан тушаалын тал бүрийн мэдлэг, туршлага хомс, олны дотор ажиллах ёс зүй, сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх чадвар сул байсан. Үүний дээр үзэл бодлын зөрүү, тэр үеийн төрийн бүх институт, иргэдийн ардчилалд суралцах үйл явц дутмаг зэргээс шалтгаалан, ардчиллын агуулгыг гүн гүнзгий танин мэдээгүйгээс хуулийг хэлэлцэн батлах ажил хэт олон хоног сунжирч, хүнд замыг туулсан юм. Хэдийгээр иймэрхүү саад бэрхшээл мундахгүй байсан ч ардчилсан шинэ Үндсэн хуулиа амжилттай хэлэлцэн баталж чадсан тэрхүү түүхэн өдрүүдэд түмэн олны төлөөлөл 430 гаруй депутатыг зангидан удирдсан Ж.Уртнасангийн гавьяа зүтгэлийг түүх мартахгүй.
Ж.Уртнасан Ховд хотын 10 жил, ХААДС, БНБАУ-ын Нийгмийн удирдлагын академийг тус тус төгссөн. Хөдөө аж ахуйн ухааны доктор, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд ахлах референт, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан юм. Ардын Их Хурлын II чуулганаар баталсан шинэ Үндсэн хуулийн үндсэн эхийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хууль тогтоогчдын өмнө, Төрийн ордны Их танхимд биечлэн гардуулсан түүхэн хувь заяатай хүн.
Улс төрийн ноён нуруутай, уян хатан чанар, хүний эвийг олох дүй, ухаалаг үйл ажиллагаа, асуудалд хүлээцтэй, тэвчээртэй ханддаг байдал, туйлширдаггүй, шулуун шударга зантай, ажлын онцлог арга барил нь депутатуудын талархлыг хүлээж байсан нь үндсэн хуулийг батлахад ихээхэн нөлөөлсөн гавьяат үйлстэн тэрбээр батлуулсан хуулийнхаа 30 жилийг үзэж чадалгүй бурхны оронд очсон юм.
Дааж ядсан ачаалалтай далан зургаан өдөр Ж.Уртнасан агсантай хамгийн их холбоотой ажилласан орлогч дарга Н.Батбаяр, Т.Шагай, Ц.Лоохууз, Д.Моондой нар юунаас ч хараат бус сууж хуулиа баталсан гавьяатууд билээ.
Ж.Уртнасан дарга баруун Алтай нутаг, тунгалаг Буянт голынхоо хөвүүн болохоор Алтайн улсдаа сүслэн залбирдаг сан.
АИХ-ын даргын туслах асан, доктор, профессор О.ЛХАГВАРЭНЦЭН