Манай улсад 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хууль хэрэгжүүлж эхэллээ. Тэдгээрийн дотор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Хөдөлмөрийн тухай зэрэг эрх зүйн шинэчлэлд нэлээд жин дарахаар хуулиуд багтаж байна. Тухайлбал, манай сонин өмнө нь Хөдөлмөрийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Эргэн сануулахад, цаг үеийн нөхцөл байдал, нийгэмд гарсан өөрчлөлтүүдтэй уялдуулан шинэчилсэн хэмээн тодотгож болох уг хуульд цахимаар ажиллах зохицуулалтыг тусгаснаараа онцлог байв. Мөн ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох талаар тусгаж, хуулийн гадна орхигдсон туслах малчин, гэрийн үйлчлэгчийн хөдөлмөрийн харилцааг анх удаа зохицуулсан юм. Энэ сарын 1-нээс “амилсан” зарим хуулийн ерөнхий агуулга, онцлог зүйл заалтын талаар товч танилцуулъя.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг энэ оноос хэрэгжүүлж эхэллээ. Зургаан бүлэг 81 зүйлтэй уг хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан. Хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал “Иргэн бүрт шууд үйлчлэл нь мэдрэгдэх, Монгол Улсын оршин тогтнох баталгааг хангах хууль. Хууль батлагдан гарах үндэс суурь нь 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн 59.2-т заасан гурван өгүүлбэр” хэмээн тодорхойлжээ. Үүнд дурдагдсан Үндсэн хуулийн 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг, хороонд Иргэдийн нийтийн хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” хэмээн заажээ.
6.1. Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумуудын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн.
“Нэгж”-ийн хуульд оруулсан гол шинэчлэл нь аймаг, сум, багийн чиг үүргийг нэгбүрчлэн зааж, давхардлыг арилгасан явдал. Ингэснээр ажил үүргийн хийдэл, зөрчил гарахаас сэргийлэх зорилготой гэж хуульчид тодорхойлсон. Жишээ нь, аймаг нь сумуудынхаа үйл ажиллагааг зохицуулахаар хуульчилжээ. Өмнө нь сумын асуудлыг ч Засгийн газар шийддэг байв. Харин өдгөө нийслэлд ч, орон нутагт ч шаталсан тогтолцоотой болж байна.
16.1. Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь бие даасан төсөвтэй байна.
16.4. Сум, дүүргийн төсвийг боловсруулж, батлахдаа харьяалах баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаас гаргасан саналыг авч тусгана. Баг, хорооны үйл ажиллагааны зардлыг харьяалах сум, дүүргийн төсөвт тусгайлан батална.
Засаг захиргааны нэгж нь тухайн орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа төсвийн хувьд бие даасан эрх мэдэлтэй байх нөхцөлийг “нэгж”-ийн хуулиар хангажээ. Үүний хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нь орон нутагт үлдээхээр болсон юм. Өмнө нь уг татварыг 100 хувь улсын төсөвт төвлөрүүлдэг байв.
ТЭРБУМААР НЬ “ЦАЦСАН” ҮРЭЛГЭН ТӨСӨВ
Монгол гэдэг айл энэ онд хэдий хэмжээний орлого олж, хэчнээнийг нь юунд зарцуулахыг тусгасан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг энэ сараас хэрэгжүүлж эхэллээ. “Хөрөнгө оруулалтын зардал хэтэрхий их, зарлага нь орлогоосоо давсан, үрэлгэн төсөв болсон” гэсэн шүүмжлэлийг уг хууль өдгөө ч дагуулсаар байна. Жишээ нь, энэ онд шинээр Эдийн засгийн хөгжлийн, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах нь. Мөн Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, “И-Монголиа” академи” төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг дөрвөн шинэ байгууллага үүдээ нээнэ. Тэдгээрт ажиллах хүний нөөц, цалин хөлс, урсгал зардал, шинэ байр гаргах зэргийг тооцохоор тэрбум тэрбум төгрөг “урсах” юм. Үүнээс гадна Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлэв. Ирээдүйн өв сангийн төсвийг онцолбол, орлого, зарлага нь тэнцүү буюу 1.4 их наяд төгрөг байх аж. Уг нь эл сангийн хөрөнгө ирээдүйд хадгалагдаж байх ёстой ч энэ онд л гэхэд орлогоо бүрэн зарцуулж, хоосрохоор байна.
НИЙСЛЭЛ ХОТ ДҮРЭМТЭЙ БОЛНО
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд шинэчлэн баталлаа. “27 жилийн дараа шинэчилсэн” хэмээх тодотголтой уг хуулийг баталснаар нийслэл дүрэмтэй болж, төсвийн хувьд Засгийн газраас хараат бус болж буйгаараа онцлогтой. Мөн төвлөрлийг сааруулахын тулд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах талаар хуульчилсан аж. “Уг хуулийг хэрэгжүүлснээр нийслэл төсөв, татварын бие даасан эрх зүйн зохицуулалттай болно. Хотын төвлөрлийг сааруулж, замын түгжрэл бууруулах зэрэг олон давуу талтай” гэж холбогдох албаныхан тодорхойлсон эл хууль нь долоон бүлэг 51 зүйлтэй. Өмнө дурдсан “нэгж”-ийн хуулийн дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлд үлдсэнээрээ санхүүгийн хувьд илт сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм.
5.3. Нийслэл хот нь нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт жил бүр тусгана.
Хотын хөгжилд чухал шаардлагатай зам, гүүр, инженерийн байгууламж, сургууль, цэцэрлэг барих газрыг улс, нийслэлийн төсвөөр чөлөөлөхөөр болжээ. Өмнө нь энэ талаар нарийвчлан зохицуулсан хууль, эрх зүйн орчин байгаагүй. Өөрөөр хэлбэл, газар чөлөөлөх төсөвгүйгээс бүтээн байгуулалт удаашрах нь хэвийн үзэгдэл болсон тул хуульд ийнхүү онцгойлон дурдсан байна.
9.1. Хуулиар тусгайлан зохицуулаагүй асуудлыг нийслэл хотын дүрмээр зохицуулж болно.
9.2. Нийслэл хотын дүрмийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал батална.
Нийслэл дүрэмтэй байх зохицуулалтыг анх удаа хуульд тусгалаа. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудад дурдаагүй, ялангуяа хотын соёлыг хэвшүүлэх асуудлыг нийслэлийн дүрмээр шийднэ хэмээн холбогдох албаныхан мэдээлж байгаа. Түүнчлэн хотын дүрмийг боловсруулахдаа иргэдээс санал авахаар төлөвлөжээ.
27 дугаар зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Засгийн газартай харилцах:
27.1.2. хуульд заасан чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй шууд харилцах.
Хотын дарга өмнө нь Засгийн газарт асуудлаа шууд танилцуулах эрхгүй, аль нэг яам, сайдаар дамжуулдаг байв. Тэгвэл шинэ хуулийг хэрэгжүүлснээр нийслэлийн Засаг дарга Засгийн газрын хуралдаанд оролцож, асуудлаа танилцуулан, хэлэлцүүлэх, улмаар шуурхай шийдвэрлүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.
25 ЖИЛИЙН ДАРААХ ШИНЭЧЛЭЛ
Соёлын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд шинэчлэн батлав. Өмнөх хуулийг нь 1996 онд баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Найман бүлэг 40 зүйлтэй хуулийн шинэчилсэн найруулгад соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын хяналтын байцаагч, соёлын боловсрол зэрэг шинэ нэр томьёо, тодорхойлолт цөөнгүй дурдсан байна. Тухайлбал, хуулийн 11 дүгээр зүйлд бүхэлд нь соёлын боловсролын асуудлыг тусгажээ. Өмнөх хуульд ийм тодорхойлолт байгаагүй, харин гоо зүйн боловсрол гэсэн агуулгыг оруулсан байжээ. Соёлын боловсрол гэдгийг “Хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ” хэмээн шинэ хуульд тодорхойлсон аж. Соёлын боловсролыг бүх насныхан эзэмшихээр хуульд тусгасан бөгөөд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт заавал оруулахаар хуульчилсан байна.
18.5. Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь мэргэжлийн холбоод, иргэний төлөөллийг оролцуулсан олон нийтийн зөвлөлтэй байж болно.
Олон нийтийн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Энэхүү зөвлөлд олон нийтийн төлөөллийг оролцуулна. Зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь орон нутгийн өмчит соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аж.
28.1. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэнд эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг таниулахад чиглэсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг гадаад харилцаа, санхүү, төсвийн болон соёл, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлнэ.
Гадаад улсад байгаа монгол иргэдэд эх орныхоо түүх, соёлыг танин мэдүүлэх талаар манай улс анх удаа хуульчиллаа. Хуулийн 28 дугаар зүйлд бүхэлд нь энэ талаар тусгажээ. Мөн олон улсад танигдсан, гадаадад соёлын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн эх орондоо уран бүтээл туурвихад төрийн болон төрийн бус байгууллага дэмжлэг үзүүлэхээр заасан байна.
39.2. Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад соёлын хяналтын улсын байцаагч ажиллана.
Хяналтын байцаагч нь соёлын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хүргэж буй, эсэхэд хяналт тавина.
ТҮҮХЭН ХУУЛЬ БАТАЛСАН Ч ХЭРЭГЖИЛТ НЬ ТОДОРХОЙ БУС
Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуультай боллоо. УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд баталсан уг хууль нь долоон бүлэг 25 зүйлтэй. Ийм хуультай болсон нь сайн хэрэг ч учир дутагдалтай, “хийтэй”, дотоодын бус, гадаадын уран бүтээлчдийг дэмжихэд л анхаарсан гэж шүүмжлэх хүн цөөнгүй байгаа. Харин Соёлын сайд Ч.Номин “Заалт бүр нь хэрэгждэг, “амьтай” хууль батлахад анхаарсан” гэж тодорхойлсон юм. Эл хууль нь Монголын нутаг дэвсгэрт кино бүтээж байгаа, мөн олон улсын наадамд оролцож байгаа монгол иргэн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.
6.1. Засгийн газар кино урлагийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.2. кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, барилга байгууламж барих, техник, технологийг сайжруулахад татвар, санхүү болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх;
Төрөөс кино урлагт зориулсан дэд бүтэц бий болгох, гадаадад байдаг шиг кино хотхонууд байгуулах үндэс суурийг тавьсан нь энэ аж.
12.1. Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сантай байна.
Кино бүтээхэд хөрөнгийг нь зарцуулах сантай байхаар ийнхүү хуульчлав. Сангийн хөрөнгийг зээл олгох болон эргэн төлөгдөхгүй дэмжлэг гэсэн хоёр хэлбэрээр зарцуулахаар төлөвлөжээ. Монголын түүх, ахуй соёлыг харуулсан, хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх, олон улсын наадамд өрсөлдөх кино бүтээхэд эргэн төлөгдөхгүй санхүүжилт авч болох гэнэ. Шинэ хуулийг энэ оноос хэрэгжүүлэх боловч санг хэрхэн байгуулах, яаж үйл ажиллагаа явуулах нь одоогоор тодорхойгүй байна.
21.2. 18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өдрийн цагаар буюу 06.00-22.00 цагт өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр нэвтрүүлэхийг, кинотеатр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглоно.
Бэлтгэсэн М.Оч