Нийслэлийн төв хэсэгт 1700 гаруй иргэн, аж ахуйн нэгж газраа тойруулан нийт 12 мянган метр хашаа, хайс барьж, явган хүний зорчих хэсгийг хаасан аж.
Иймээс Газрын зөрчил арилгах тухай нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр барьсан болон явган хүний хөдөлгөөнд саад учруулж байгаа хашаа, хайсыг цэгцлэх, албадан буулгах, газар чөлөөлөх ажил хийж байгаа юм.
Өчигдөр 14.00-17.00 цагт энэхүү фото сурвалжилгыг бэлтгэлээ.
Баянгол дүүрэг, VI хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж-50. Энэ гудамж олон жижиг байшинтай, бүгд хашаалсан учир авто зам нь ганцхан эгнээтэй, машин зөрж болохгүй, гал унтраах машин орох боломж хязгаарлагдмал юм байна.
Хан-Уул дүүрэг, XV хороо, 115 дугаар сургуулийн орчим мөн л олон байртай, түүнийгээ бүгд хашаалсан тул өглөө, оройдоо гойд түгжирдэг. Байрнуудын дундуур явган хүн ч явах боломжгүй.
Чингэлтэй дүүрэг, VI хороо, V сургуулийн зүүн хойд хэсэг дэх байшингуудыг бүгдийг нь хашаалжээ. Үүний улмаас автомашин болон явган зорчигчдод хүндрэл учирсаар байгаа юм.
Сүхбаатар дүүрэг, VIII хороо, “Улаанбаатар” чуулгын зүүн талын барилгууд бүгд хашаатай учир явган хүн зорчих боломжгүй.
Сүхбаатар дүүрэг, X хороо, III сургуулийн зүүн хойд талд олон орон сууц бий. Ихэнх нь хашаалсан, зураг дээр байгаа 42 дугаар байрны хашааг заримдаа цоожилдог нь явган хүмүүсийн эрхийг зөрчдөгт иргэд бухимдалтай байна.
Баянзүрх дүүрэг, хүн амын нягтралаараа алдартай XXVI хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт олон хороолол бий. Хороолол болгон орох, гарах ганц л гарцтай нь төв замын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж түгжрэл үүсгэдэг. Үүнийг багасгах зорилгоор гарцуудын тоог нэмэхээр ажиллаж байгаа гэнэ.