УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар Цар тахлын хуулийн үйлчлэлийг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах, эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Ийнхүү Цар тахлын хуулийн үйлчлэлийг зургаан сараар сунгалаа.
УИХ-ын гишүүд энэ үеэр ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуув.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
-Хоёр, гурван асуулт байна. С.Энхболд сайдаа Эрүүл мэндийн даатгалын хуулиа хэрэгжүүлээчээ. “Ковид-19” цар тахал гээд төсвийн захирагч нарт бүх мөнгөө өгч байгаа. Өвөрхангайн бүсийн оношилгооны төв, Хархорины өрхийн эмнэлэг нийт 800 сая төгрөгийн өртэй гарах нь. Байдаг мөнгөө эрүүл мэндийн салбар луу шилжүүлсэн ч үр дүн муутай байна. Эрүүл мэндийн даатгалын газар хуулиа зөрчөөд сонгон шалгаруулалтын журмаа батлахгүй байна. Үүний улмаас орон нутгийн эмнэлэг санхүүжилт авч чадахгүй юм. Төрийн байгууллага төрийн байгууллагаа боомиллоо. Орон нутагт хуулийн үйлчлэл хүрэхгүй байна. Хоёрдугаарт, иргэдийн амьжиргаа маш муу байна. А.Ариунзаяа сайдаа ажилгүй хүн 21 хувиар нэмэгдсэн, өрхийн зарлага 124 мянган төгрөгөөр буурчээ. Ковидын хуулиа сунгаж байгаа бол хөдөлмөр эрхлэлтээ хэрхэн дэмжих, орлого багатай хэсэгтээ хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ. Тодорхой ажил хиймээр байна, А.Ариунзаяа сайд аа. Халамжаас хөдөлмөрт гээд л яриад байх юм. Үр дүн харагдсангүй. Иргэд шургаж ойчлоо.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа
-2020 оны дөрөвдүгээр сараас хойш цар тахлын үед ажлын байр хадгалж үлдэх айл өрхийн орлогыг хамгаалахаар 4.3 их наяд төгрөгийг зарцуулсан. Вакцинжуулалт сайн хийсний хүчинд эдийн засаг сэргээх бодлого дэмшүүлж байгаа. 2022 оны төсөвт бүтээн байгуулалт их тусгасан. Төслүүдийн хэмжээ нэмэгдсэн. Үүний үрд дүнд ажлын байр нэмэгдэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг та мэднэ. Эл сангийн төсөвт 104 тэрбум төгрөгийг баталсан. Үүний 70 тэрбум нь өмнө нь мэргэжлийн боловсролын төсөв рүү явдаг байсан. Тус салбарыг нэгдүгээр сараас БШУЯ руу шилжүүлж байгаатай холбогдуулан 104 тэрбум төгрөгийг цэвэр хөдөлмөр эрхлэлтэд бүтнээр зарцуулна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 5 хөтөлбөрөө Халамжаас хөдөлмөрт зорилттойгоо уялдуулж шинэчилж байна. Айл өрхүүдийн зарлага хумигдаж, орлого нэмэгдэж, хадгаламж өсөж байгаа гэсэн статистик гарсан. Урьдчилсан төлөвлөөгүй асуудал гарсан учраас айл өрхүүд, иргэд ч зарлагаа хумиж байгаа гэсэн дүн мэдээ гарсан. Мэдээж хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна.
ЭМ-ийн С.Энхболд
-2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинээр батлагдсан. 2021 оны гуравдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээ санхүүждэг болсон. Үүнтэй холбоотой гүйцэтгэлд хяналт тавьж санхүүжилт олгодог. Орон нутгийн зарим удирдлагад гүйцэтгэлийн санхүүжилтийг ойлголт нэлээд дутмаг. Сургалт тогтмол хийж байна. Харинхорингийн Бүсийн оношилгооны төв гүйцэтгэлээр санхүүжилтээ авах боломжтой. Бид урьдчилгаа 70 хувийн санхүүжилт олгоод явж байна. Одоогоор аль ч байгууллага цалин урамшуулал дээр саад бэрхшээл үүссэн зүйл үгүй. Орон нутаг болон нийслэлийн эмнэлгийн удирдлагатай байнга харилцан санал солилцож, дэмжиж байгаа. Хархорингийн өрхийн эмнэлгийн асуудлыг тодруулаад танд албан бичгээр хариу өгье.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
-А.Ариунзаяа сайд цалин тэтгэврээ хэзээ нэмэх вэ. Ирэх жил яах вэ. Ерөнхий юм яриад суух юм. Ажилгүй иргэд нэмэгдлээ. Өрхийн зарлага буурлаа гээд байхад өөдөөс иргэд зарлагаа хянаж сурч байгаа гээд байж болохгүй. Дорвитой зүйл хиймээр байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа
-Мэдээж цалин тэтгэвэр нэмэхэд төсвийн бодлогод тусгаж, УИХ-аар хэлэлцэж батлуулна. 2022 оны төсөв баталж байхад эдийн засгаа дэмжиж, татварын сууриа нэмэгдүүлж, аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн бодлогоо нэн тэргүүнд хэрэгжүүлье. Дараа нь тэтгэвэр тэтгэмжийн асуудлаа хөндөе. Одоогоор нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулсан гэх зэргээр хэлэлцээд төсөв батлагдсан. Тухайн үед омикроны талаар төсөөлөл байгаагүй. Яг одоо нөхцөл байдал өөр болж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
-Иргэдийг дархлаажуулахад үнэхээр сайн ажиллаж байгааг хэлэх ёстой. Харин хүний эрх зөрчигдсөн, төсөв хөрөнгийг зарцуулалт ил биш байна гэдэг шүүмжлэлтэй санал нэг байна. Тиймээс ч гишүүд энэ хоёр зүйлд анхаарсан тохиолдолд уг хуулийг сунгахыг дэмжинэ гэдэг байр суурь илэрхийлж байгаа. УОК-ын дарга болон Засгийн газрын гишүүдэд хүний эрхийг зөрчихгүй байх, төсөв хөрөнгийг зарцуулалтаа ил болгоход анхаараарай гэж хэлмээр байна. "Ковид-19"-ийн хуулийн нэр дор төрийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байна. Бид хууль баталсан ч дунд шатандаа хэрэгжүүлэхгүй байна. Үүнээс болж ажил цалгардаж, иргэдийг бухимдуулж байна. Дунд шатанд буюу яам, тамгын газар, дүүрэг 30-40 хувьтай ажиллаж байна. Үүнийг яаж өөрчлөх вэ С.Амарсайхан дарга аа.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан
-Шат шатанд уялдаа холбоо муутай, хариуцлагагүй зүйл байгаа юу гэвэл байгаа. Цар тахлын оргил үед төрийн байгууллага бүү хэл хувийн хэвшлийнхэн ч 50 хувиар ажиллаж байсан. Одоо бол тийм асуудал байхгүй. М.Оюунчимэг гишүүн ээ, аливаа асуудал судалгаа, тоо мэдээлэл, статистиктай, ул суурьтай ярих хэрэгтэй шүү. Цар тахлын үед өөртөө оноо авах гэж буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Хүн доромжилдгоо боль. Өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү. Ёс зүйн хорооны гишүүн гэж өөрийгөө дөвийлгөхгүй, ёс суртахуунтай, хэмжээтэй бай. Асуудал ярьж байгаа бол бодлого зарчимаа ярь. Энд жүжиглээд байх шаардлагагүй.