Эргэн тойрон нөхцөл байдал, жил сараар бус, цаг минутаар өөрчлөгдөж байна. Олон улсын ч, Монголын нь ч хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг “Ковид-19”-ийг тойрсон сэдэв “өнгөлсөөр” хоёр ч оныг үдэв. Харин бид дөжирч, вирус “давшсаар” байгаа ч хэвлэлийн тэргүүн нүүрийг “ковид”-ын дараах тодотголтой эдийн засаг, эрүүл мэнд, аялал жуулчлалын сэдэв эзэлж эхэллээ. “Ковид-19” цар тахлын үед Монголын сэтгүүл зүй үүргээ гүйцэтгэж чадсан уу гэдэг асуулт хэвээр л.
Өнөөгийн Монголын сэтгүүл зүй, нийгмийн харилцаанд “маргаанд зөвдөж үлдэх, хуурамч ялалтад хүрэх, худал хуурмаг шалтаг үндэслэлийг зориуд санаатайгаар ашиглах аргаар ялах (софистика-Аристотель “Уран илтгэхүйн ухаан”) арга зонхилох болоод байгааг цар тахлын үеийн сэтгүүл зүйн мэдээллээс төвөггүйхэн олж харж болно. Дээрх хуурамч дүгнэлтээ их сэтгэгч “логикийн алдаа” хэмээн шүүмжилсэн байдаг. Тэгвэл бидний мэдээллийн хэмээн тодотгодог өнөөдрийн нийгэмд улс төр, эдийн засаг, нийгэм, үйл явдлын мөн чанар бодит байдлыг бус, харин худал хуурмаг зүйлийг зөв мэтээр итгүүлэн дамжуулдаг харилцааны орчин үүсээд байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эхэн үе буюу 2020 оны 2-11 дүгээр сар хүртэлх мэдээлэл нь иргэдийг айдас хүйдэст автуулсан, төрийг дээдлэх үзэл, эрх баригч засгийн бүхнийг хязгаарлах санаархлыг олон нийтийн санаа бодолд төлөвшүүлж байлаа.
Монголд өвчлөлийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байхад хилээ хааж, эдийн засаг, боловсролын асуудлаа үл тоон өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, мэдээллийг зөвхөн албаны (УОК) эх сурвалжаас авахыг шаардаж, халамжийг хавтгайруулан олгож, өвчний тархац өндөртэй байгаа хөрш орнуудын мэдээллийг олон удаа давтаж, сэжигтэй тохиолдлыг хянан магадлалгүй олон нийтэд хүргэж байсан зэрэг нь эрист харилцааны орчныг бүрдүүлж өгсөн юм. Ийнхүү нийгмийн сэтгэл зүйн айдсыг бий болгоход эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудын 11.00 цагт хийдэг мэдэгдэл, ярилцлага, тодруулгууд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Энэ үеэс эхлэн УОК-оос өдөр бүрийн 11.00 цагаас “ковид”-ын мэдээлэл өгч эхлэв. Нэг ёсондоо Монголын хэвлэл УОК гэсэн ганц эх сурвалжтай болж, тэднийг мэдээллээ хийсний дараа сэтгүүлчид ач холбогдол багатай, нэг нь нөгөөхөө давтсан улиг болсон асуулт асууж, хариулсан болдог уйтгарт өдрүүд үргэлжлэв. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн аль тивийн ямар улсад “ковид”-оор хэдэн хүн өвдөж, хэд нь нас барсан мэдээллийг сонсож, Монгол дэлхий дээрх “ковид”-гүй цөөн улсын нэгээр өөрсдийгөө “өргөмжилж”, энэ дүр зургаа хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр зарлан тунхаглаж, “ковид”-ыг тогтоон барьж байгаа “гайхалтай” Засгийн газар, УОК-той гэсэн эрчээрээ сонгуульд ч ялалт байгуулав. “…демократ байгууламж хэтэрхий суларснаас, эсхүл чангалснаас эцэстээ олигархи байгууламжид шилждэг…” (Аристотель “Уран илтгэхүйн ухаан”)-ийн тод илрэлийг харуулав. Зурагтын дэлгэц, сонин, сайтын нүүрээс эхлээд сошиал хуудас, ер нь мэдээлэл авч болох бүх сувгаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр гэсэн хэдхэн “дүр”-тэй болж, хэвлэлийнхний “буян”-аар тэднийг таньдаггүй хүнгүй болов. Айдаст 11.00 цагийн мэдээг хүүхдээс эхлээд хөгшид, идэр дунд насныхан, залуус бүгд үздэг, хүлээдэг болсон. Нэг ёсондоо 11.00 цагийн мэдээ ард түмнийг сэтгэл зүй хувьд, оюун санааны хувьд “дарамтлагч” болж, “Олон нийтийн харилцааны хэрэгслүүдийг суртал нэвтрүүлэг болон ухуулгын онцгой чухал хэрэгсэл болгон ашигладаг” (Фред С Сиберт, Улбур Шрамм, Теодор Питерсон “Хэвлэл мэдээллийн дөрвөн онол”, орчуулагч М.Зулькафиль)-ийг харлаа.
Масктай улстөрчид, телевизийн нэвтрүүлэгчид, зарим нэг нөлөөллийн реклам, хэдэн хүн өвдсөн, ямар эмчилгээ хийж байгаа, нэг өвчтөнд хэдэн төгрөгийн зардал гаргадаг, хаанаас хэн гэдэг улстөрч, бөх, дуучин хэдэн төгрөгийн хандив УОК-т өгсөн зэргээр “ковид”-ын эхний гурван сарын мэдээллийн агуулга хязгаарлагдсан ч иргэд харьцангуй тайвширч эхлэв. Хятадад ажилладаг чөлөөт сэтгүүлч Майкл Стэндерт “Энэ нөхцөлд ойлгохгүй зүйл маш олон бөгөөд сэтгүүлчид яг юу болоод байгааг тодруулах нь чухал” (www.newspaper.com) гэж хэлж байлаа.
2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр франц иргэн өвчилснөөр “ковид” албан ёсоор бүртгэгдэж, үүний араас тусгай үүргийн гэх тодотголтой онгоцоор гадаадаас ирсэн иргэд өвчилж тоо нэмэгдэв. Дахиад л 11.00 цагийн мэдээний өмнө айдаст автан сууцгаав. Хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслийн сэдэв нь франц иргэний явсан маршрут, хаана хэнтэй уулзсан, юу хийсэн гэх зэргээр хувь хүнийг хэт мөшгөх, эрхэд нь халдсан мэдээлэл цацагдав. Сонин, сайт, телевиз радио аль ч мэдээллийн хэрэгсэл гадаад, дотоодын “ковид”-ын мэдээг л дамжуулж айдаст хүргэсээр л байлаа.
“Шинэ вирус дэг журам тогтоож байна” (“Өнөөдөр” сонин, 2020.03.17), азичуудыг үзэн ядах болсон Европынхныг сэртхийлгэн, хятад аавтай, итали ээжтэй БНХАУ-ын Залуучуудын нийгэмлэгийн тэргүүн залуу, Италийн гудамжинд “Би бол вирус биш хүн” бичиг барьж зогссон талаар “Би бол вирус биш хүн” (“Өнөөдөр” сонин, 2020.03.19) өгүүлэл, Налайх дүүргийн худгийн ус түгээгч эмэгтэй ус авахаар ирсэн хүүхдүүдэд оёсон маскнаасаа тарааж өгч буй сурвалжилга (ikon.mn, 2020.03.22), Францаас ирээд “ковид”-оо эмчлүүлж байхдаа франц иргэнтэй тааралдсан эмэгтэйн “Эмчлүүлж байхдаа Анх-Отгонтой таараад англиар мэндлэхэд нь зөрүүлээд францаар мэндэлтэл нүдэнднь нулимс цийлгэнээд…” ярилцлага (ikon.mn, 2020.04.29), анагаах ухааны доктор Ж.Амарсанаа “Коронавирусийн ямар төрлийн хувилбар орж ирснийг тогтоох шаардлагатай” (“Өдрийн сонин”, 2020.03.21) зэрэг мэдээллийн эх сурвалжаа олсон, сонирхолтой, мэдээлэл өгсөн, ач холбогдолтой цөөн хэдэн нийтлэл гарав. Цаашид Монголын хонины мах идэж, агаараар амьсгалж байхад “ковид” тусахгүй гэх хандлага иргэдэд бий болж, 11.00 цагийн “айдаст” мэдээг эс тооцвол уужирч эхлэв.
Амьдрал үргэлжилсээр. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд дотоодын халдвар бүртгэгдэв. Ачааны машины жолооч иргэн Д-г хараан зүхсэн мэдээлэл сошилд цацагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч мөн л дагаад “намирав”. 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс аливаа мэдээлэлд бодитой, хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг зөвлөж зөвлөмж, Монголын сайтуудын холбооноос мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллахыг сэтгүүлчдэд уриалав. Тухайн үед хэн ч ярихгүй байсан коронавирусийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Ж.Амарсанаа “Коронавирусийн эрүүл мэндэд учруулах хүндрэлээс эдийн засагт үзүүлэх хор хөнөөл илүү аюултай байх магадлалтай” (“Өдрийн сонин”, 2020.11.17), хэт задгай, тайвширсан байдлын талаар “Коронавирусийг мартсаны уршиг” сурвалжилга (“Өнөөдөр” сонин, 2020.11.12), “Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр сонголт байхгүй” өгүүлэл (“Өдрийн сонин”, 2020.11.13) зэргийг эс тооцвол телевиз, сонин, сайт аль нь ч даацтай дорвитой нийтлэл, контент бэлтгэсэнгүй. МҮОНРТ-ээс эхлээд архивын дуу, дүрс муутай “Боролдойн цаг”, “Монгол бичгийн хичээл” алтан фондын концертууд явуулж эфирийн цаг өнгөрөөв. Энэ үед Засгийн газрын коронаг давах төлөвлөгөө гэж ард иргэдэд танилцуулж байсныг нь оношлуур, вакцины мөнгө, хандивын хөрөнгө, шинжилгээ хийж байгаа ч үр дүн гарах уу, онцгой нөхцөл байдлын үед төр, засгийн өндөр албан тушаалтнууд дүрэм журмаа хэрхэн биелүүлэв, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, байнга өөрчлөгдөн хувирч буй уг вирусийн судалгаа, шинжилгээний ажил, ялангуяа манай улсад судалгаа явуулах боломж нөхцөл гээд маш олон хөндөгдөөгүй сэдэв үлдэж, хэвлэлүүд албаны эх сурвалжийн 11.00 цагийн мэдээг тойрсоор өнгөрөөж байлаа.
Амьдрал үргэлжилсээр. Ардчилсан нийгэмд мэдээлэл бол хүчилтөрөгч. 2020 оны дөрөвдүгээр сар. “Мэдээллийг зөвхөн нэг сувгаар” гэсэн сонин содон зүйл гарч ирэв. Энэ нь үндэсний хэмжээний найман телевиз нэгдэн арван өдрийн турш “Мэдээллийн урсгал” гэгчийг нэг цагт найман сургаараа зэрэг цацаж олныг гайхшируулав. Ижилхэн нэвтрүүлэг гаргах бол тусдаа суваг байхын хэрэг байна уу гэсэн асуултад хэн ч хариулсангүй. Дөрвөн сэтгүүлч хөтлөгчтэй уг нэвтрүүлэгт ихэнх нь дарга, сайд нар уригдан оролцов. Дундуур нь “Ддэш”, “Юнител”-ийн сурталчилгаа явдаг уг хөтөлбөрийн санаачлагч, санхүүжүүлэгч, продюсер, найруулагч нь ч хэн нь мэдэгдсэнгүй, нэг ч нэр титр урссангүй. Энэ хөтөлбөрөөс иргэд яг юуг шинээр мэдэж авсан нь тодорхойгүй үлдэв.
Амьдрал үргэлжилсээр. Монгол төдийгүй дэлхий “ковид”-тойгоо эвлэрч амьдраад эхлэв. 2021 оны есдүгээр сарын 2-нд Монгол Улсад хамгийн олон коронагийн тохиолдол бүртгэгдэж (3805), хамгийн олон нь нэг өдөрт 17 хүн нас барав. Гэвч ерөнхий боловсролын сургууль таван өдөр хичээллэж, есөн өдөр амрахаар бэлтгэл хангагдсан хэмээн үзэж хичээл эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоногт гарсан коронагаар өвдсөн, нас барсан хүний тоог мэдээлэх төдий өнгөрдөг болжээ. Хоёр жил хорионд байсан хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явна гэхээр баяртай байгаа ч айдас түгшүүр үргэлжилсээр байгааг нийслэлийн хэд хэдэн цэцэрлэг сургуулиар орж сурвалжилсан “Уулзахын баяр, сэрэмжлэхийн учир” (“Өнөөдөр”, 2021.09.02) сурвалжилга, өвчлөл, вакцины мэдээллийг дэлхийн хэд хэдэн оронтой жишин анализ дүгнэлт хийсэн Баабарын “Вакцины л буян шүү дээ” (“Өдрийн сонин”, 2021.09.02) өгүүллийг эс тооцвол сонин, сайтууд ЭМЯ-ны мэдээг нэг буландаа мэдээлэх төдий өнгөрөөдөг болов. Өнгөрсөн есдүгээр сард сэтгүүлч Б.Ганчимэг ХӨСҮТ-д очиж хэвтсэнээр тус төвийн бодит байдлыг сошиалаар цацаж, цуврал нийтлэл бичсэн нь “ковид”-ын үеийн Монголын сэтгүүл зүйн өөр өнцөг болж, судлаач эрдэмтэн С.Дуламын хэлсэнчлэн “Сэтгүүлч бодит ертөнцийг бүтээдэг”-ийг илэрхийлсэн нь л сайшаалтай байлаа. Сэтгүүлчийн бичсэн нийтлэл үр дүнгээ өгч, хэвлэлийнхийг хаагуур, юу хийгээд явааг ч санууллаа. Сэтгүүл зүйн мөн чанар болох баримтыг хэрхэн үнэ цэнтэй, учир шалтгаантай ашиглах нь сэтгүүлчийн ур чадварын асуудал юм.
ДҮГНЭЛТ
“Ковид”-ын эхэн үеийн сэтгүүл зүй бол хувь хүнд болон нийгэмд давлагаатай “дарамттай” сэтгүүл зүй байлаа. Үүнээс бид мэдээллийн сайтууд өдөр тутмын сонинтой харьцуулахад технологийн боломж, мэдээллийн багтаамжаа ашиглаад нийгмийн онцлох чухал сэдэв, үйл явдлыг мэдээллийн олон хэлбэрээр хүргэж, хэрэглэгчдийн мэдээлэл авах хэрэгцээг хангаж байлаа ч “түүхий” ганц эх сурвалжтай, судалгаагүй мэдээллийг хүргэж байгааг харлаа.
Ер нь “Өдөр тутмын сонины уншигчид илүү тогтвортой төлөвшсөн байдаг тул томоохон тулхтай нийтлэл, шинжлэлт бичвэрийг унших сонирхол их байдаг” (М.Зулькафиль “Сэтгүүл зүйн онолын үндэс”) байтал чухал үйл явдлыг манай өдөр тутмын сонинууд мэдээлэхдээ зөвхөн мэдээг ашиглан хүргэж байгаа нь улс орныг хамарсан онцгой нөхцөл байдлын үед даацтай, анализ, дүгнэлт, харьцуулалт бүхий томоохон нийтлэл нийтлэхгүй байгаа нь зорилтот хэрэглэгчдэдээ хүрэхгүй байгаагийн нэг илрэл бол сайтууд хэтэрхий “хөөсөрсөн” мэдээллийн, харин телевизүүд хэт хуучирсан “алтан фонд”-ын нэвтрүүлгийн араас хошуурав. Ер нь ямар ч нэвтрүүлэг, нийтлэлийн гол хараа “бай” нь хүний асуудал байдаг бөгөөд тэр нь эрт эдүгээ ч, “ковид”-той, “ковид”-гүй ч нэг л мөн чанартай.
Бэлтгэсэн Д.Цэнд