Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын болон орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний, анхны таван яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр төрийн дээд шагнал, одон, медаль гардуулсан юм. Үүний дотор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон зургаа төрлөө. Ерөнхий сайд асан, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ш.Гунгаадорж, улсын зөвлөх инженер, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн, Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Хөдөө аж ахуйн ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Ц.Доржсүрэн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Арвин хур” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Чадраабал нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ш.Гунгаадоржийн хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулахад оруулсан хөдөлмөр зүтгэлийг ийнхүү үнэлсэн байна. Доктор Л.Дамдинсүрэн хүнсний аж үйлдвэрлэл, сүүний салбарын хөгжил, эрдэм шинжилгээний ажилд оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж, салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Академич Ц.Доржсүрэн нь мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх хүндтэй үйлсэд амьдралынхаа 46 жилийг зориулсан байна. Мөн тэрбээр улсад анх удаа 2000 сарлаг тоолуулсан малчин гэдгээрээ алдартай. Ч.Чадраабалын усалгаатай газар тариалан хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалах зэргээр газар тариалангийн салбарт оруулж буй бодитой хувь нэмрийг нь төрөөс үнэлсэн байна.
Төрийн тэргүүн мөн орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95, нийтийн аж ахуйн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Гавьяат барилгачин, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн гишүүн, “Шинэ барилга” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Дорждэрэм болон Гавьяат эдийн засагч Д.Жамц нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Ө.Дорждэрэм барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үлгэр дуурайл болж, нийслэлийн 23.3 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, нийт 4000 айлын орон сууцын иж бүрэн хороолол бүтээн байгуулж буй аж. Эдийн засагч Д.Жамц бол нутаг дэвсгэрийн талбайг тодорхойлсон анхны газар зохион байгуулагч. Тэрбээр атар газар эзэмших аяныг эхлүүлэн, Монгол, Зөвлөлтийн хамтарсан экспедицийг удирдаж, хөдөө аж ахуйн 360 нэгдэл, 25 сангийн аж ахуйд газар нутгийг эзэмшүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоох ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ нийслэл, аймаг, сумын эдэлбэр газрын хилийн цэсийг тогтоон баталгаажуулах, тариалан, хадлан, бэлчээр болон газар ашиглалтын судалгааг санаачлан боловсруулжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал