Монголын зохиолчдын эвлэл уламжлал болгон явуулдаг “Болор цом” яруу найргийн наадмын 39 дэх удаагийнхыг зохион байгууллаа. Уралдаанд яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлж, эгшиглэнт эхийн хишигт найрагч буюу “Болор цом”-ын эзнээр өргөмжлөгдөв.
Яруу найрагч Т.Бямбасүрэн хоёр, харин “Болор цом”-ын эзэн найрагч Л.Моломжамц гуравдугаар байрт шалгарсан юм. Айргийн дөрөв, таваар “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх болон яруу найрагч Н.Мөнхбаяр нар “давхисан” билээ. Энэ жил уг наадамд уран бүтээлчид өргөн оролцсон бөгөөд нийслэл, орон нутгаас 144 бүтээл бүртгүүлсэн байна. Тэдгээрээс 25-ыг хоёрдугаар шатанд тэнцүүлж, шүлгийг нь тайзан дээр уншуулав
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Болорцэрэн
ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ …
Шүлэг бичихгүй удвал хар дарна
Шүд уналаа гэж
Шүлэг бодохгүй өнжвөл хар санана
Зүүд хэллээ гэж
Шүлэг уншихгүй удвал зүс алдана
Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна
Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт
Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт
Ээжээс ч их бодогдоод ирэх
Ханиас ч илүү санагдаад үлдэх
Энэ шүлгийг хэн илгээнэ вэ
Ээж минь л байх…ээж л байх
Ургахаа умартдаггүй наран шиг
Урсахаа мартдаггүй мөрөн шиг
Шүлэг бодоогүй өдрийг санахгүй
Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй
Ээж болсон өдөр минь шүлэг
Ээжгүй болсон өдөр минь шүлэг
Ааваа баярлуулах ганц зам
Амьд яваа минь шүлэг мэт
Шүлэг бичихгүй л бол
Эхийн ачийг санахгүй би
Шүлэг бичихгүй л бол
Элдэв өвчнөөс салахгүй би
Номын сангаа эмийн сангаар солино
Номын мөрөө ховын үгээр хөөнө
Ой санамж, үнэр амтаа алдана
Охин үр, үндэс угсаагаа ч мартана
Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч
Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй
Эр буруулавч нэр хөөдөвч
Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй
Ийм болоод л
Өглөөг нүүр бардам угтана
Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй
Өнгөрснөөс харамсал үл олно
Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай
Наран жаргаад хаачдагийг мэдэх үү
Надад шүлэг авчрахаар явдаг юм
Найрагч охинтой гэж гүн итгэсэн
Ээжээс бэлэг аваад ирдэг юм
II байр эзэлсэн яруу найрагч Т.Бямбасүрэн
Сэдэв болох энэ түүхийг би
Сэхээн амьдруулахын хүндэт эмчээс
сонссон юм
Ажлаа л хийж жаргадаг залуухан эмч байж
Амь тэнссэн хүмүүсийг авардаг байж
Эмнэлэгтээ л байхдаа цовоо сэргэг,
цог галтай
Эргэн тойрондоо эрчим нь мэдрэгддэг
хүү байж
Ганцхан ээжтэйгээ галаа тойрч аж төрдөг тэр
Гардаж эдгээсэн бүхнээ
ам бүл минь гэдэг байж
Улиас навчаа гөвөөд л хатаж бутрахын
чийхарсан дуутай
Урт намрын үдэш амьдрал үхлийн зааг дээрх
Амьсгал, зүрх нь зогссон
хөөрхий эмэгтэй ирж
Амьдруулах гэж өчнөөн
эмч, сувилагч тэмцэж
Залуу хүний гар шалмаг
Залгаа залгаа шаардлагатай бүхнийг
хийж гэнэ
Цаг илүү оролдоод авралгүйтэй эвлэрч
Царай төрх бүхэнд гуниг мэлтэлзэж
Анхи шанааг нь дагаад
хөлс урссан сувилагч охин
Ар гэрийнхэнд нь одоо мэдэгдэх үү гэж
Эмч залуу өөдөөс нь ч харалгүй толгой дохих
Энэ төрх урьдынхаасаа
нэг л хөндий санагдаж
Хүүхэд бүрийн хайрыг татдаг буурал асрагч
Хүн ирээгүй бололтой гээд
үүдэнд зогсож байж
Аниргүй эгшин дунд өнөөх эмч
талийгч руу тонгойсноо
Амьдралын будантай зулайг нь
өмөлзөн үнсэж
Хүүгээ уучлаарай ээж ээ… гэж шивнээд л
Хүний элэг эмтрэн уйлсан гэдэг
Асрагч эмгэн л хамгаас түрүүлж ухаараад
Аяархнаар хаалгаа хаах хүртэл
бусад нь ойлгоогүй гэнэ ээ
III байрын эзэн яруу найрагч Л.Моломжамц
ӨВЛИЙН ГУРВАН МАРАЛ
Үүрээр хаялсан цасны зургаан талст өнгийн чулуун дээр очир эрдэнэ шиг гялалзана
Өндөр хурмаст үүлгүй цэнгэгээр цэлийж өдрийн ганц од тэртээ дээр цаашилна
Үдшээр нисэж өнгөрсөн галт шувууны тунгалаг өдийг хайсан үнэгний сүүл цайдам давна
Өл халзан бүргэд тэнгэрт амран нисэж Монголын тал нутгийг сүвэлнэ
Хаана ч байхгүй эрдэнийн ийм цагаар л
Хазаарын амгай нуруундаа шигширгэн мориндоо би алханам
Ус мөрөн цэнхэр могой шиг мушгиран хөдөлгөөнгүй ч хөдөлгөөнийг бичиглэн оршиж
Уулын савдаг цагаан өвгөн таяг тулан нарны дор мөс хүлхэн зогсоог лус ажна
Ургаж үдэлсэн нарнаа хиргисүүр чулууд гортиг татаж, сэмэн өвс сэрүүн ахуйг тунгаана
Умраас нүүх үүлс сэтгэлийн доторхыг зураглаж, морьтой хүн цастай хөндийг чимэглэнэ
Зүүдэнд ч олдохгүй эрдэнийн ийм цагаар л
Зүрх сэтгэл минь амран тэнийж цасны солонгыг харан баяснам
Одон ертөнц гурван хэмжээст нөмөрч, олон гаригс нүдэн дээр тулж ярилцана
Одохуй, ирэхүйн үлгэрийг өвлийн тэнгэр хүүрнэж, гэрийн тотгоноос амьдралын гал улалзана
Адуу шөнийн тэг гүнээс тургилан янцгааж, зүрхний гүн дэх соронзонг эргүүлнэ
Алсын уулын онь дээрээс хөөрөх аугаа мөнгөн сар орчлонг тулах ганц мод шиг үзэгдэнэ
Үүрдийн ертөнцөд ховорхон эрдэнийн ийм цагаар л
Үнэгэн лоовуузтай монгол хүн би гурван маралтай хамт зугаацнам