Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. “Ковид-19” цар тахалтай өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаанд шатахууны үнэ, чанартай холбоотой 2000 гаруй гомдол тус холбоонд иржээ. Түүний дагуу хяналт тавьж, судалгаа хийсэн байна. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Сүүлийн үед шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, үнийн чөлөөлөлт нэрийн дор импортлогчид үнийг үгсэн нэмэгдүүлж байна. Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий шатахуунаа импортоор авдаг, гадаадаас хараат орон. Өнөөдөр экспортлогч ОХУ-аас хараат гэхээсээ илүү “Роснефть” компаниас бүтээгдэхүүн импортлогч цөөн хэдэн компаниас хэрэглэгчид хараат болж, үнийн өсөлт доор амьдарч байна. Манай талаас шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авахгүй, харин ч өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна. Өмнө нь шатахууны үнийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч байсан. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн шатахууны татварыг тэглэсэн ба энэ нь алслагдсан аймгуудад шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн. Мөн НӨАТ-ын хуулиар татвараа хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон. Бас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөгийн алдагдлыг зөрүүд авсан. Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар АИ-92 шатахууны үнийг 1400 төгрөгт барих чиглэл өгсөн байдаг. Эдгээр арга хэмжээг авсан ч шатахууны үнэ өссөөр байна. Сая арванхоёрдугаар сарын 22-нд шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ нь дахин огцом өсөөд байна. 2019, 2020 оны шатахуунд хяналт шалгалт хийх ажлын хэсгүүдийн дүн мэдээлэл одоо болтол гараагүй. Үр дүнд хүрээд, зөрчил гаргаад байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг торгож, арга хэмжээ авах хэрэгтэй. Ажлын хэсэг хяналт шалгалт хийдэг бол тодорхой үр дүнд хүрдэг байя. Ажлын хэсэг гэсэн нэрийн дор “Шалгаж байна” хэмээн асуудлыг намжаамааргүй байна. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй нь бэрхшээл болдог. Үүнийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судаллаа” гэв.
Мөн тэрээр “Импортлогчид “Роснефть”-ийн биш, жижиг үйлдвэрүүдийн гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирж байна. Баян-Өлгий, Ховдын боомтоор ийм гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун оруулж ирэн, Улаанбаатар хот руу зөөдөг. Баян-Өлгийд АИ-92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөгийн үнэтэй байна. Цаанаас оруулж ирж байгаа шатахуунаа хотоос зөөж борлуулж байгаа мэтээр тээврийн хөлс нэмж, ашиг олдог. Тийм учраас иргэд чанаргүй шатахуун хэрэглэж байна. Тусгай зөвшөөрөлтэй долоон компани байдаг ба өмнө нь хольж борлуулж байсныг МХЕГ шалган илрүүлсэн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсөхөд Монголд дагаад нэмэгдсэн. Одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн ийм нөхцөлд үнээ буулгах шаардлагатай. Шатахууны чанар шалгах лабораторийг 2017 онд байгуулж байсан ч өнөөг хүртэл ажиллуулаагүй. Техник нь хангалтгүй болон бодис байхгүй гэсэн тайлбар хэлдэг. Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн санал хэлсэн. Хэрэв шатахууны чанарын талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд нээлттэй өгөх боломжгүй байвал бидэнд эрхийг нь өгч болно. Хэрэв төр эрхийг нь өгвөл олон нийт, сэтгүүлчидтэй хамтран шатахууныг шинжилж, мэдээллийг нээлттэй болгох боломжтой. 2021 он гарснаас хойш манай хилээр нэг ч килограмм нафта оруулж ирээгүй гэсэн мэдээг ГЕГ-аас авсан. Харин 3300 тонн керосин авсан байсан. Өөрөөр хэлбэл, 2021 оны гаалиар оруулж ирсэн керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаа явуулж байна” гэж ярилаа.
Бэлтгэсэн Б.Баяр