Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааныг СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, “Балдорж” сан хамтран тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн уралдааныг “Ковид”-ын үеийн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд зарлаж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед сэтгүүл зүйн салбарт тулгарч буй сорилт бэрхшээл, шинэ боломж, тухайн цаг үеийн бүтээлүүдийн чанар чансааг тодорхойлох зорилго дэвшүүлснээрээ онцлог юм. Энэ жилийн уралдаанд 16 судлаач бүтээлээ илгээсэн бөгөөд Монгол, Австри, Франц, БНХАУ-д ажиллаж, амьдардаг сэтгүүлч, судлаачид оролцжээ. Уралдааны тэргүүн байрт сэтгүүлч Б.Баярбаясгалан “Ковид” улс төрөөс ангид хүнлэг сэтгүүл зүйг шаардаж байна” шүүмжээрээ шалгарлаа. Дэд байрт СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Цэнд “Амьдрал үргэлжилсээр…” шүүмжээр, гутгаарт eguur.mn сайтын сэтгүүлч Э.Булган “Тахлын үеийн сэтгүүл зүй: Дөрөв дэх засаглал оношлогдсон нь” шүүмжээр, тусгай байрт СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн оюутан Б.Дарьбазар “Өнцгөөс өө хайхуй” шүүмжээр тус тус шалгарлаа. Уралдааны тэргүүн байрт шалгарсан сэтгүүлч Б.Баярбаясгалангийн “Ковид” улс төрөөс ангид хүнлэг сэтгүүл зүйг шаардаж байна” шүүмжийг уншигчдадаа хүргэе.
1980 оныг хүртэл Парист эмэгтэй хүн өмд өмсөхийг хориглодог байсан юм. Цаг үе тийм байсан болоод ч тэр үү, одоо франц эмээ нар тун ч дэгжин банзал өмсөөд, гэрээсээ таван алхмын зайд орших талхны мухлагаас ганц багет аван, эрхэмсэг алхахыг би 2015 оноос хойш энэ улсад амьдарч буйн хувьд харсаар нэгэнт хэвшил болжээ. Харин хөрш айлын мадам банзал өмсөх нь бүү хэл, хаалгаараа хамраа ч цухуйлгахаа больж, гудамж талбай эл хулиар “хашхирсан” өдрүүдэд Франц улсын ард иргэд өглөө бүр мянга мянгаар тоологдох үхэлтэй нүүр тулж байсан юм. Өдгөө энэ улс 117 094 хүнээ “ковид”-ын улмаас алдаж, 47 сая хүнээ вакцинд бүрэн хамруулаад байна.
Чухам яагаад энэ улсын талаар тодотгож байна вэ гэхээр хоёр оныг дамнасан цар тахлын үед, гадаадад амьдардаг иргэний хувиар Франц болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн аль алинаас мэдээлэл авч байсан. Сэтгүүлч мэргэжилтэй миний хувьд нэгэн ялгаа эрс анхаарал татаж байсныг олон сар бодож явсан нь энэхүү шүүмжээ бичихэд сэдэв олох гэж мухардалд ороход хүргэсэнгүй.
- Тэр бол манай орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дийлэнх нийтлэл, мэдээ мэдээллээрээ цар тахлыг ямар нэгэн байдлаар улстөржүүлсэн, ямарваа нэг нам, аль нэг улс төрийн хүчний байгууллагатай холбосон байдлаар иргэдэд хүргэдэг байсныг нотлох гэсэн юм. Жишээлбэл, МҮОНТ-ээр өдөр бүр 20.00 цагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр үздэгийн адил Францад ч 20.00 цагт үндэсний том телевиз болох “TF1” сувгаар бид тухайн өдрийн үйл явдлын тоймыг үздэг. Энэхүү хөтөлбөрийн бүхий л мэдээллийг үзэхэд Францын Засгийн газрыг буруутгах, тэднийг зүхэж үзэн ядах сэтгэгдэл огт төрөхгүйн зэрэгцээ өвчний тархалт, эмчилгээний талаарх мэдээллийг нэмэлт хачиргүйгээр, үнэн бодитоор хүлээн авсаар ирсэн. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл хүлээн авахад, яагаад ч юм хүмүүс халдвар авч байгаа нь Засгийн газар муу ажиллаж буйтай холбоотой мэт, эсвэл энэ нь аль нэг нам, улс төрийн хүчнээс шалтгаалдаг ч юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг байлаа.
- Дараагийн анхаарууштай асуудал бол коронавирустэй холбоотой мэдээлэл, сурвалжилгыг хүний эрхийн дээд зэргийн мэдрэмжтэй мэдээлэх эмзэг цаг үед, хүний эрхийг зөрчсөн, алдар нэр, ажилладаг байгууллагыг нь нийтэд зарласан бүдүүлэг мэдээлэл маш олныг үзсэн, сонссон, уншсан юм. Энэхүү шүүмжийн эхэнд Франц улс 117 094 хүнээ “ковид” өвчнөөр үдсэн гэж онцолсон. Тэдгээр хүний ганцынх нь ч хувийн мэдээлэл, хаанаас халдвар авсан, хаашаа хэнд өгсөн талаар мөрдлөг Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд сенсаац болж байсангүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед олны танил эрхмүүд нийтэд гэртээ байхыг уриалж, шашны байгууллагууд хүнлэг энэрэнгүй байхыг номлож, хүмүүнлэгийн газрууд эмзэг бүлгийнхэнд анхаарч, боловсролын байгууллагууд хүүхдүүд рүү чиглэж, дор бүрнээ үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Харин сэтгүүл зүй энэ цагт мэдээлэх, соён гэгээрүүлэх, хянах үүргээ түлхүү гүйцэтгэх нь зохистой юм.
- ШИНЭ ОМИКРОН ДОХ-ТОЙ, ХУУЧИН КОРОНА “УЛС ТӨРТЭЙ”
Өмнөд Африкт ДОХ-ын халдвартай хүмүүс коронавирусээр халдварлаж, тэр нь шинэ мутац үүсгэснээр одоо үед “ковид”-ын халдвар авбал “бэлэг” болж ДОХ дагалдахаар үлгэр домог мэт цуу яриа олны дунд тархав. Тиймээс зориуд егөөдөж, дээрх гарчгийг өглөө. Харин хуучин корона “улс төр”-тэй хавсарч байсан нь цуу биш, үнэн явдал шүү.
“ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БОЛ ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД МӨН”. 1987 оны нэгдүгээр сард Лондон хотноо болсон “Дэлхийн эрх чөлөөний дуу хоолой” хэмээх цагдан хяналтын эсрэг олон улсын бага хурлаас баталсан “Чөлөөт хэвлэлийн харти” баримт бичиг энэ өгүүлбэрээр эхэлдэг. Айл гэрийн ээж хүн, эхнэр хүн ямар байх нь тухайн гэр бүл ямар байхыг шийддэг гэсэн жендерийн мэдрэмжгүй ч амьдралын 60 хувийн үнэнтэй өгүүлбэрийг нэг зүйлтэй адилтган зүйрлэе. Тэр нь улс орны сэтгүүл зүй ямар байх нь тухайн нийгэм тийм л байхын толь байдаг юм. Монголын сэтгүүл зүй дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед ч, түүнийг ямар нэгэн байдлаар улстөржүүлсэн мэдээлэл, сурвалжилгыг 2020, 2021 оныг дамнан гойд сайн бэлтгэж байгаа.
Үүнийг дараах жишээнүүдээр баримтжуулъя.
Монголд цаг үеийн уншууртай сонирхолтой, шилдэг нийтлэлүүд багтдаг хэмээдэг www.baabar.mn сайтад л гэхэд зөвхөн “ковид”-ын талаар 193 нийтлэлийн илэрц олдож байгаа бөгөөд нэртэй нийтлэлчдийн зарим бүтээлд:
“Ковид-19” сунжирвал хэдэн мал минь голд орж магад. Зуд болбол 70 сая малд нэг өдөр тавьж өгөх хадлан тэжээл хэдий анзааны байх вэ? 70 саяын ганц өлссөн борлон нэг боодол өвсийг дор нь идчихнэ. Дахиад өвсгүй бол үхнэ. Бурхан тэнгэр хангай дэлхий л хэдэн малыг минь нөмөртөө оруулдаг. Мал сүргээ аврах аятай пээдийх гишүүд бол инээд хүргэхээс цаашгүй. Зуд гэж байхгүй гэж айлдсан жолоодогчийн хөшөөнд МАН хэчнээн мөргөөд ч аврал заяахгүй”. (Нийтлэлч Ц.Доржготов 2020.11.23 “Дурсамжийг зохиодоггүй”. 28 739 хүн уншсан)
“Удирдагч хүн багтаа хайртай байж хүнээ хайрладаг үүднээс “нойр хоолны асуудал гоншигносон” хотын дарга Д.Сумъяабазарын хүнд цаг үед хийж амжуулж байгаа бүхнийг нухчин дарах зохион байгуулалттай кампанит ажил ковидтой тэмцэх шуурхай ажиллагаанаас муугүй харагдана”. (Нийтлэлч, тоймч У.Оргилмаа 2020.11.19 “Хотын даргын захирамж Онц байдалд шилжихээс хамгаалсан шийдвэр болоод байна” 16 621 хүн уншсан)
“Ардын нам Их хурлаа хийх юм гэнэ. Хэлэлцэх асуудал дунд нь намын даргыг батламжлах юм дуулдана. Зарим нэг нь намын дарга болох гэж янз бүрийн бор шувуу нисгэж байгаа дуулдана. За тэр намын Их хурал, намын даргын асуудал ч яахав. Үндсэн асуудалдаа оръё. Одоо энэ батламжлагдах гээд байгаа МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газарт гялтайж гялайх зүйл нь вакцинжуулалт. Өдөр бүр вакцины ашиг тусыг Засгийн газар сайн таниулж байна. Ялангуяа гурав дахь тунгаа хийлгэхийг уриалж байна. Ингээд гурав дахь тундаа анхаарлаа хандуулъя…” (Нийтлэлч Д.Мөнгөндалай “Засаг ба гурав дахь тун, гурав дахь тун” 7001 хүн уншсан)
“-…2018 оны сүүлчээр гаргасан Хэвлэлийн хүрээлэнгийн статистикаас харахад Монгол Улсад 355 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байна.
-Ашиггүй хэр нь яагаад тогтмол үйл ажиллагаа явуулаад байна гэж та боддог вэ?
-Мэдэхгүй, энэ бол их том асуултын тэмдэг. Арилжааны хэвлэл мэдээллийг байгуулсан, санхүүжүүлдэг нэг эзэн байгаад байна. ….XVII зууны үед Их Британийн Лордын танхимд “Парламент дотор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, эрх мэдлийн хажуугаар өөрийн бие даасан байр суурьтай сурвалжлагчдын бүлэг ажиллаад байна” гэсэн яриа гарсан байдаг юм билээ. “Дөрөв дэх засаглал” гэдэг үг эндээс гаралтай юм билээ… ” (www.updown.mn Х.Наранжаргал “Ямар сэтгүүл зүй байна, тийм л нийгэм байна” ярилцлага 2019.12.16)
Шилдэг нийтлэлчдийн www.baabar.mn сайтад нийтэлсэн дээрх гурван бүтээлээс та бүхэн МАН, хотын дарга Д.Сумъяабазар гэх мэт улс төрийн нам, улстөрчийн нэр алдрыг уншиж байна. Мөн сэтгүүлч тэдгээрийг коронавирустэй хэрхэн холбож, өөрийн үзэл бодлыг тусган тулгасныг харж болно. Үргэлжлүүлэн “Өдрийн сонин”-ы 2021 оны зургадугаар сарын 14-ны дугаарт нийтлэгдсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъяангийн дараах бүтээлд анхаарлаа хандуулъя.
60 мянган хүний өвчлөл, 300 хүний үхлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо
Монголын сонгуулиуд коронавирус-цар тахал хоёр нэгэн зэрэг л яваад байлаа. Зургадугаар сарын 9-нд хоёулаа яллаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсныхоо баярыг тэмдэглэж байхад цар тахлаар өвчилсөн 1340 хүн, энэ өвчнөөр нас барсан 10 хүн тэдний гэр бүл, төрөл төрөгсөд уй гашуунд уйлж суулаа. Цар тахалд ялагдаж байгаа нь энэ. Монголын гурван сая гаруйхан иргэн гэрээсээ толгой цухуйлгах ч эрхгүй өндөржүүлсэн бэлэн байдлын хорионд байгаа. Ийм нөхцөл байдалд манай МАН “Шалгарсан Ерөнхийлөгчтэй боллоо” гээд хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр баяр хөөрөө дэлхий дахинд цацаж байх юм. Миний олон жил дэмжиж үзэгнийхээ үзүүрийг мохтол бичсэн “хуурай дүү” маань Ерөнхийлөгчийн сэнтийд заларлаа. Нас бие, эрдэм чадлаараа болох л хүн. Ард түмэн ч тэгээд л бараг 70 хувийн санал өгөө биз. Ганцхан зүйлд л би сэтгэл эмзэглэж байгаа. Түрүү ч олон удаа сануулж бичсэн. Мянга мянган хүний үхэл зовлон, амь амьдралаар өндөр дээд сэнтийд сууж болдоггүй юм шүү. Дэргэдээс чинь төрийн сүлд, дээрээс чинь тэнгэр бурхан харж байгаа гэж. За яахав, миний үгийг “Жамъяан гуай чалчиж л байна” гэж бодоо биз.
Магтана, бас матна чиг гэж үүнийг хэлэх байх. У.Хүрэлсүхийг Засгийн эрх барьж ахуй хугацаанд коронавирустэй холбоотой бүхий л мэдээлэл Хүрэлсүх гэдэг нэртэй салшгүй “уяатай” байсан бол одоо Л.Оюун-Эрдэнэ гэдэг “шинэ нэр”-тэй хавсардаг болсон. Үүний нэг жишээ бол www.sonin.mn сайтад нийтэлсэн “Л.Оюун-Эрдэнэ ээ, хатуу бай !” хэмээх нийтлэл юм.
Аливаа улс орны Ерөнхий сайдад үүрэхгүй ачаа байдаггүй бололтой юм. Дээрээс нь Л.Оюун-Эрдэнийн сурсан зан юм болов уу даа. Ачааг том жижиг гэлтгүй үүрээд л байх бололтой юм. Долдугаар сарын 1 гэхэд бүх иргэнээ вакцинжуулна гэх юм. Тэр вакцин чинь жижигхэн Монгол байтугай том гүрнүүдэд хүртэхгүй тамлаж байгаа юм биш үү. Энэ дэлхийд чинь вакцины төлөөх дайн болж байна. Тэгээд ч манай улс ямар вакцин үйлдвэрлэх биш дээ. Ингэж ам гарах хэрэг байсан уу л гэж бодогдох юм… (2021.04.21)
Нийтлэлч, тоймч, сэтгүүлч хүн бүр мэдээллийн бороон дунд шүхэргүй зогсож байдаг юм. Зогсоо зайгүй урсах мэдээллийн урсгалыг дамжуулахаас гадна үнэн зөвийг ялгаж салгах цаг наргүй хөдөлмөр тэдэнд бий. Гэхдээ дунд нь ганц удаа ч болов завсарлага авч, цаг үеэ дүгнэх цэгнэх, хянах шалгах боломж байлгүй яах вэ. Гэтэл “ковид”-оос хойш нийтэлсэн бүтээл, мэдээ, сурвалжилга бүрт Монголын улс төрийн байр байдлыг тусгасан жишээ, эшлэл, үзэл бодол маш олноор бичигджээ. Тойм, нийтлэл гэдэг бол асуудал дэвшүүлж, түүнийг нотолшгүй баримтаар баталгаажуулж, асуудлыг зөвөөр шийдэх арга замыг эрэлхийлсэн, томоор зураглан дүгнэсэн байх учиртай. Гэтэл тийм байсангүй. Нөгөө талаар “ковид”-ын үеийн Монголын сэтгүүл зүй сэдвийн хувьд маш хумигдмал байсан. Гэтэл бидний эргэн тойронд:
-Цар тахлаас шалтгаалсан сэтгэл гутрал
-Ажилгүйдэл
-Гэр бүлийн хүчирхийлэл
-Цахим хэрэглээний сөрөг нөлөө, амьд харилцааны дутмагшил
-Эдийн засгийн доройтол
-Аялал жуулчлалын салбарын уналт
-Ялгаварлан гадуурхал, хүний эрх, эрх чөлөө
-Эмнэлгийн ажилтны эрүүл мэнд
-Гацалт, түгжрэл, тодорхойгүй байдал
-Хүнсний хомсдол
-Амьтны хүрээлэнгийн амьтдын тэжээлийн асуудал
-Соёл урлагийн салбарын ганхалт
-Шашин ба мунхрал гэх мэт нийгэмд “хөндүүр” болсон сэдэв байсан. Мөн нөгөө талаас олон нийтийн сэтгэл зүйд эерэг хандлага төрүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх:
-Нийгмийн эмзэг бүлэгт зориулсан зорилтот үйл ажиллагаа
-Шинэ ажлын байр, цахим ажил
-Хувь хүний амьдралд гарсан тэг зогсолт хийгээд өөрийгөө сонсох боломж
-Спортоор хичээллэх, хоббигоо хөгжүүлэх өргөн боломж
-Гэр бүлийнхэндээ цаг зориулах хугацаа
-Шинэ зүйл сурч мэдэх үе
-Олон нийт анагаах ухаан, шинжлэх ухаанд итгэх итгэл нэмэгдсэн өөрчлөлт
-Байгаль орчны нөхөн сэргэлт гэх мэт “ковид”-ыг давуу тал болгон харах төрөл бүрийн сэдэв ч байлаа.
Хоёр жилийг дамнан үргэлжилсэн цар тахлын сэдвээр сэтгүүл зүйн даацтай сурвалжилга, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, хөрөг бичих бүрэн боломж сэтгүүлч, уран бүтээлчдэд байсан. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч олон жилийн турш хүлээн авагчдад хүргэж байсан зарим нэг бүтээлийнхээ оронд зөвхөн “ковид”-д зориулж шинээр нийтлэл нэвтрүүлэг, хөтөлбөр толилуулж байгаа юм. Жишээлбэл, Францын хамгийн нэр хүндтэй телевизийн суваг болох “TF1” олон жилийн турш уламжлал болгон 19.05 цагт нэвтрүүлдэг байсан “La quotidienne” хөтөлбөрөө зогсоож, “Special covid” хэмээх нэвтрүүлэг гаргах болсон юм. Тэрхүү нэвтрүүлгээрээ аялагч, жуулчдын бараа ч үзэгдэхээ байсан эртний урлаг соёлын газар, музей, уран барилгуудынхаа доторх дизайныг зураглан харуулж, “Та бүхэн цар тахал дуусахаар заавал ирж үзээрэй” хэмээн уриалж байсан. Мөн цар тахал эхэлснээс хойш цахим сүлжээгээр дэлхий нийтийг хамарсан худал, үнэн, эсэх нь эргэлзээтэй мэдээ мэдээлэл олон нийтийн дунд түгэх болсон. Тэгвэл Францын сэтгүүл зүй иргэдийн дунд түгсэн 13 000 худал мэдээлэлд хариулт өгч, мэргэжилтнүүдээс тодруулга авч байлаа.
Энэ мэт телевиз, сонин, сайтын хөтөлбөрт цоо шинэ өөрчлөлт гарсан. Монголын зарим томоохон сайтууд болох www.ikon.mn, www.gogo.mn зэрэг мэдээллийн хэрэгсэл “Ковид-19” гэсэн тусгай булантай болж, цар тахал түүнтэй холбоотой мэдээлэл, вакцинжуулалтыг график схемчилсэн байдлаар тун сонирхолтой хүргэсээр байгааг мөн онцлох хэрэгтэй. Энэ мэт тоон мэдээлэлд задлан шинжилгээ хийсэн, тооцоолол гаргасан, дүгнэлт баталсан, асуудал дэвшүүлж, гарц гаргалгаа хайсан нийтлэл, нэвтрүүлэг, бүтээл харамсалтай нь Монголын сэтгүүл зүйд төрсөнгүй.
Хэвлэлийн хүрээлэнгээс анх удаа ИТХ-ын сонгуульд зориулж “2020 оны ИТХ-ын сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторинг” хэмээх судалгаа хийжээ. Тус сонгууль 2020 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошиал хуудсаар түгээсэн мэдээ мэдээллийн 75 хувь нь төрөл бүрийн ил далд ухуулга, сурталчилгаа, 17 хувь нь нам болон нэр дэвшигчийн нэр лого бүхий хууль ёсны сурталчилгаа, найман хувь нь сэтгүүл зүйн бүтээл байсан байна. Үүнээс юуг харж болох вэ гэхээр Монголын сэтгүүл зүйд “СЭТГҮҮЛ ЗҮЙН ЖИНХЭНЭ, ЧАНАРТАЙ БҮТЭЭЛ” дутагдаж байна. Ж.Барамсайн “Шорон дотроос “өшөө авагчид” байдаг юм биш биз?”, “Хуульчид өөрсдөө багаа хууллаа”, Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд”, А.Даваасамбуугийн “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” зэрэг тухайн цаг үедээ нийгмийг цочроосон, далд бугласан “идээ”-г шахаж гаргасан шиг бүтээлийг энэ цаг үед олж уншсангүй, харсангүй ээ. Уг нь цаг нь мөн дөө.
2012 оны “Балдорж” шагналын эзэн болж байсан сэтгүүлч Г.Отгонбаярын “Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүл зүй” нийтлэлд “…өөрийнх нь ар гэрт өчнөөн проблем байхад улс орны л юм ярьж явдаг “том” амьтад шүү дээ” гэсэн нэг өгүүлбэр бий. Сэтгүүлчид өөрсдийн ахуй амьдралаас илүү улс орны ирээдүйд санаа зовниж явдаг нийгмийн “эмч” шиг үүрэг нэн чухал боловч, заримдаа асуудлыг улс төрийн хэмжээнд биш, түмэн олон, эгэл жирийн амьдралын дунд өрнөж буй бодит үзэгдэлд суурилж дүгнэж цэгнэх, энгийн мэдээлэх хэрэгцээ шаардлага бий ажээ хэмээн шүүж суулаа.
- ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ ЦАГ ҮЕ БИШ ГЭЖ ҮҮ
Энэхүү шүүмжийн маань хоёр дахь сэдэв бол “ковид”-ын үед сэтгүүл зүйн аливаа нийтлэл бүтээлд хүний эрхийн мэдрэмжтэй хандах гэсэн шалгуур өмнөхөөсөө ч илүү тавигдах болсон юм. Энэ бол маш том сэдэв. Жишээлбэл, би Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол болсон франц иргэний нэрийг мэднэ. Зүс царайг нь ч мэднэ. Түүнийг Bertrand (Бэгтхон) гэдэг. Тэр Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь “Бадрах энержи” компанид ажилладаг. Төсөл хариуцсан инженер, 57 настай. Эдгээр мэдээллийг Монголын хэвлэлүүдээс авсан. Харин би энэ Франц улсад доод хөршийнхөө эмээг “ковид”-оор нас барсныг түүний зээ охин нэг жилийн дараа надад хэлэх хүртэл мэдээгүй явсан.
Бусдын алдар нэр, ажил, мэргэжил, ажилладаг байгууллагын нэр, тэр бүү хэл, өдрийн хоолоо идээд гарсан зоогийн газар, үйлчилгээний газрын нэр, хаягийг шууд ил тод зарлаж, үүнийгээ маршрут мэдээлж байна хэмээх үзэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотор түгээмэл байсан. Олон нийт гэрээсээ цахим сайтаар мэдээллийг түлхүү хүлээн авч байх тэр үед www.tovch.mn “Корона авчирсан Арева” нийтлэлдээ ийнхүү бичжээ.
“Франц улсын иргэнээс шинэ төрлийн корона вирусийн тохиолдол илэрсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд тус улсын Элчин сайдын яамнаас хүсэлт ирүүлжээ. Тодруулбал, Манай улсад суугаа Францын ЭСЯ коронавирусийн халдвар тээгч иргэнийхээ нэр, зургийг нууцлахыг УОК-оос албан ёсоор хүссэн байна. Дэлхийн зарим улсуудад энэ өвчний халдвар тээгчдийг үзэн ядаж, аюулгүй байдалд нь халдаж байгаа учраас ийнхүү хүсэлт гаргажээ . Гэвч нэг хүний зургаас нийтийн эрүүл мэнд чухал”.
www.gereg.mn “Францын иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон иргэн Дэжидмаа өөрийн сайн дураар тусгаарлагдсан” мэдээнд:
“Франц Улсын иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон Идэрболд, Дэжидмаа нар хуулийн шаардлага биелүүлээгүй Улаанбаатар хот руу нэвтэрсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Идэрболд өчигдөр Улаанбаатарт орж ирэнгүүтээ тусгаарлагдсан. Харин Дэжидмаа нь энийг өглөө мэдээд өөрийн сайн дураар тусгаарлагдсан” гэлээ. Францын иргэний хувьд өөрийгөө 14 хоног тусгаарлахыг зөвлөсөн ч тусгаарлаагүй. Үүнд ямар арга хэмжээ авах талаар тодруулахад тэрбээр “Монгол Улсын хуулиар энэ асуудал шийдэгдэх боловч тухайн иргэний эрх чөлөөг мөн хүндэтгэх хэрэгтэй. Монголчууд үүнд ухаалаг хандах хэрэгтэй. Өвчин нь байхгүй болсон үед асуудлыг шийднэ” гэв”.
Цагдаагийн хурандаа сэтгүүлчдэд хандан хүний эрхийг нэн тэргүүнд бодохыг зөвлөж байхад, тухайн сэтгүүлчид ямар ял шийтгэл хэнд өгөх нь тун сонирхолтой бөгөөд түүнийгээ олон нийтэд хурдхан мэдээлэхийг хүссэн бололтой.
Франц улсын иргэний манай улсад ирснээс хойш явсан маршрутыг www.news.mn сайтын сэтгүүлч А.Сүрэн 2020.03.10-нд олон нийтэд мэдээлэв.
Мөн www.eagle.mn 2020.11.11-нд нийтэлсэн “Коронавирус илэрсэн иргэдийн явсан маршрут” мэдээндээ иргэний нас, хүйс, очсон байгууллагуудын нэр, уулзсан хүний нэр, мэргэжил зэргийг дэлгэрэнгүй багтаажээ.
www.eguur.mn сайтад “Дуучин Дэмбэрэлнямбуу халдвартай жолоочтой зураг татуулсан тул тусгаарлагджээ” (2020.11.11) мэдээнд Э.Сийлэн “Одоогийн байдлаар ойрын хавьтал болох 16 хүнийг тусгаарласан байна. Тодруулбал, эхнэр, хоёр хүүхэд, тоглолт хамт үзсэн оюутан, түүний аав ээж, жолооч, тус тоглолтыг зохион байгуулсан дуучин нарыг тусгаарласан байна. Учир нь тоглолтын дараа халдвартай жолооч болон түүний эхнэр дуучин Д.Дэмбэрэлнямбуутай хамт зураг татуулсан ажээ” хэмээгээд дуучны зургийг хэд хэдэн удаа дэлгэжээ. Цөөн хүн амтай, халдварын тархцыг богино хугацаанд хумьж авах зорилготой улс орны тухайн үеийн нөхцөл байдлын хувьд хэвлэлийг “ашиглаж” олон нийтэд зарлал түгээх гэсэн энэ үйлдэл, мөн түүнийг нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүлчдийн зөв хэмээн зарим хүн үзэх байх. Гэвч “ковид” улс оронд тархах, түүнийг эмчлэх нь дэлхийн бүхий л оронд туулах ёстой үзэгдэл гэдэг нь ойлгомжтой байсан. Харин олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн тухайн үеийн халдвартай иргэдийн хувийн нууцыг одоо ч уншиж, дамжуулж, ярьж байгаа нь хүний эрхийн бодууштай асуудал.
Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг энэ оны гуравдугаар сарын 31-нд УИХ-д өргөн барьжээ. Энэ удаагийн илтгэл нь дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахлын аюулын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа ажил нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, “Ковид-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд боловсруулснаараа онцлогтой. Энэ жилийн илтгэлийн зорилго бол хүний эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох юм. Энэхүү чухал үйл явдлын дараа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дотор “Өнөөдөр” сонин “Хүнлэг бус төр, хүний эрхийн мэдрэмжгүй дарга нарын үнэн төрхийг илчилсэн “Ковид-19” гэсэн маш даацтай, асуудал дэвшүүлсэн нийтлэл хэвлэснийг онцолмоор байна. Энэхүү нийтлэл улс төрийн үнэн төрхийг хий хоосон үзэл бодлоор хачирлаагүй, баримт нотолгоотой, үнэн шударгаар хянаж шүүмжилсэн юм. Нийтлэлд “Оксфордын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулиас явуулсан “Ковид-19” цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний индексээр Монгол Улс 69.91 хувь буюу харьцангуй хатуу арга хэмжээ авсан улсын нэг болсон. Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс зэрэг олон “толгой”-н тал тал тийш чангаасан шийдвэрт чирэгдэж, эргэж буцсан, ойлгомжгүй, зарим тохиолдолд хэт сүржигнэсэн ч гэж хэлж болохоор арга хэмжээнүүдийнх нь хөлд иргэд үрэгдсэн нь үнэн…” хэмээгээд Баянзүрх дүүргийн IV хороонд орон сууц түрээслэгч иргэн Х-гийн хүүхдүүдээс халдвар илрээгүй ч ойрын хавьтал болсон тул тухайн байрны оршин суугчид хүүхдүүдийг оруулалгүй хөөж гаргасан талаар баримт дэлгэж, дүгнэлт бичжээ.
Мөн нялх биетэй атлаа төрөх эмнэлгээс нөмгөн гарсан эх, Монгол Улсаас гадаад улсад суугаа ЭСЯ-д, Консулын газрын үйл ажиллагаанд ч хүнийг ялгаварлан гадуурхах зөрчил илэрснийг, халдвартай иргэдийн гэрийн хаалганд анхааруулга нааж, зарлан тунхаглаж байсан гээд бүх хүний эрхийг зөрчсөн үйл явдлыг он сар, баримт нотолгоотой, дүгнэлттэй дэлгэсэн нийтлэл гэвэл “Өнөөдөр” сонины 2021 оны дөрөвдүгээр сарын 23-нд нийтэлсэн дээрх асуудал дэвшүүлсэн өгүүллийг онцолмоор байна.
Цар тахлын үед Засгийн газар, УОК хүний эрхийн мэдрэмжгүй ажилласан байж болох ч түүнд хяналт тавих, анхааруулга өгөх эрх ДӨРӨВ ДЭХ ЗАСАГЛАЛД бий билээ. Гэтэл дээрх байгууллагуудаас гаргасан мэдээлэл, шийдвэрийг ямар ч хяналтгүйгээр иргэдэд хүргэнэ гэдэг сэтгүүл зүй ажлаа хийхгүй, хүний эрхийн мэдрэмжгүй, мэдээллээс үүдсэн ялгаварлан гадуурхалт нийгэмд бий болж болзошгүйг урьдчилан таамаглах чадваргүй байгаагийн илрэл юм.
Цар тахлын үед хүний эрхийн тухай мэдэрсэн, олон нийтэд мэдээлсэн дараагийн онцлох нийтлэл бол нийтлэлч Э.Энэрэлийн “Корона ба жендерийн мэдрэмжгүйг батлах шийдвэр” бүтээл юм. Нийтлэлд “Жендерийн тэгш байдлын тайлан”-гийн өнгөрсөн оны сүүлийн үзүүлэлтээр жендерийн ялгаатай байдлын үзүүлэлтээрээ манай улс 153 орноос 79 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 21 байраар хойшилсон үзүүлэлт юм. Ерөөсөө ээжүүд хүүхдээ хардаг, ээжүүд хүүхдээ харах ёстой, хөдөлмөрийн хуваарилалт ийм байдаг гэсэн ойлголт бидэнд хэр бат нот суусныг сорилтын үеийн энэ шийдвэрүүд дэлгэн харуулж байна” гэжээ.
Энэ мэтчилэн “ковид”-ын үеийн сэтгүүл зүйн хамгийн гол шаардлага, нэгдүгээрт бодож явах ёстой асуудал бол мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхдээ хэрхэн бусдын нэр хүндэд халдахгүй, ялгаварлан гадуурхалтыг бий болгохгүй, хүний эрх чөлөөг дээдлэх вэ гэдэг л байсан. Мөн хүний эрхийг зөрчсөн үзэгдэл, тогтоол шийдвэрийг шүүмжлэх байсан юм.
“КОВИД”-ЫН ҮЕД МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ХИЙСЭН “ТОМ” АЖИЛ БИЙГ ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ
2021 оны нэгдүгээр сарын 19-нд нийслэлийн “Өргөө” амаржих газраас дөнгөж төрсөн нялх биетэй нэгэн ээжийг коронавирусийн халдвар авсан гэх нэрийдлээр маш нимгэн хувцастай өвлийн хүйтэнд тусгаарлах байр луу зөөвөрлөж байгаа дүрс бичлэгийг анх “Eagle” телевизийнхэн олон нийтэд хүргэсэн нь “ковид”-ын үеийн сэтгүүл зүйн хамгийн шуугиан тарьсан сурвалжилга болсон билээ. Энэхүү дүрс бичлэг олон нийтэд түгснээрээ тэр даруй дуулиан болж, МОНГОЛД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ямар түвшинд байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш сайн сурвалжилж, тэр ч бүү хэл ЗАСАГ ОГЦРОХ хүртлээ ард иргэд, сэтгүүл зүй хоёр хамтдаа хүч нэг байсны хамгийн сайн жишээ мөн.
“Хүмүүний хорвоод амьдарч буй бүхэн эхийн хэвлийгээс мэндэлж, ангир уургийг нь хөхөж хүн болсон. Тэгэхэд Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй хүмүүсээс эх хүнийг хайрлах сэтгэл төрсөнгүй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд байж болзошгүй энэ үйлдэл ард түмнийг цочроож, дуу хоолойгоо нэгтгэн, хөл хориог үл харгалзан жагсахад хүргэлээ…” (www.npost.mn “Эхийн нулимсаар сэрсэн хүний эрхийн төлөөх тэмцэл” 2021.01.21)
“Онцгой дэглэм нэрийн дор хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэ алдаатай үйлдэл юунаас болж гарсанд Эрүүл мэндийн сайд, бусад холбогдох албан тушаалтныг тайлбар хийхийг олон нийт шаардаж байна. Монголын эрүүл мэндийн салбарт ажиллагсдад хариуцлага, мэдрэмж, сэтгэл дутаж байна” (www.news.mn “Нүд халтирам тусгаарлалт” 2021.01.20)
“Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга Г.Баясгалан “Яараад ийм байдал гаргачихаж. Уучлал хүсье” гэсэн атлаа яг албан тушаалаас нь халах гэхээр “Бид буруугүй. ХӨСҮТ-ийн эмч нар авч явсан” гээд гэдийчих жишээтэй. Монголчууд мал төллөхөд хүртэл ингэж ханддаггүй шүү дээ” (www.postmedia.mn “Коронавирус өвчин болохоос дайсан биш” 2021.01.23)
Энэ мэтчилэн тухайн үйл явдлын дараа Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон удаагийн давтамжтай мэдээ сурвалжилга олныг бичиж, нийтэлж, ард түмэн жагсаал цуглаан хийж, тухайн үеийн Засгийн газар огцорсон юм. Энэ бол хэвлэл дөрөв дэх засаглалын үүргээ сайн биелүүлж байгаагийн жишээ мөн. “Ковид”-оос болж гадуурхагдаж, төрийн үйлчилгээ авч чадахгүй, эрх чөлөөгөөрөө хохирч байгаа олон иргэний дуу хоолой болж, үнэн мөнийг шударгаар мэдээлсэн сэтгүүл зүйн мэдээ баримт 2021 онд илүүтэй бичигдсэн байна.
Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн мэдээ мэдээллүүд ч гарч, мөн төр, төрийн байгууллагууд ч хэрхэн иргэдийнхээ эрх чөлөөг дээдэлж байгааг хянасан мэдээ баримтууд ч дэлгэгдсэн. Саартай, сайнтай “ковид”-ын үеийн Монголын сэтгүүл зүйн төрх ийм байлаа. Үүнээс гадна дараах хүний эрхийн сэдвүүд дэлхий дахины сэтгүүл зүйд сенсац тарьж байсан билээ. Энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хөндөж, бүтээл нийтлэл бэлтгэсэн бол гэсэн бодол төрсөн юм. Үүнд:
- *Дэлхийн сэтгүүл зүйд гэртээ хоригдсон хүүхдүүдийн эрхийн талаар олон нийтлэл мэдээлэл бичигдсэн. Жишээлбэл, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн цахим хуудаснаа 2021 оны гуравдугаар сарын байдлаар 107 оронд 71 сая хүн “Ковид-19” цар тахлын халдвар авсны (дэлхийн нийт халдварын 62 хувь) 13 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд8 залуус байна. Дэлхийн 168 сая гаруй сурагчийн сургууль бараг бүтэн жилийн турш хаалттай байна. Өсвөр насны долоон хүүхэд тутмын нэг нь өнгөрсөн жилийн ихэнх хугацааг гэртээ хөл хорионд өнгөрүүлсэн тул ганцаардал, сэтгэл зүйн түгшүүр, дарамт мэдэрсэн. Зөвхөн 2020 онд тав хүртэлх насны 6-7 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон. (www.unicef.org/mongolia “Ковид-19 хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөв” 2021.12.03)
- Францад ажлаа хийж буй цагаан нөмрөгтэй эмч нарын адилаар сэтгүүлчид фронтын шугамд ажиллаж байгааг онцолж, сэтгүүлч сэтгүүлчийнхээ эрхийн талаар дуугарсан бүтээлүүд төрөн гарч байлаа. Швейцарын ONG байгууллагын судалгаагаар дэлхий дахинд “ковид”-ын улмаас 600 сэтгүүлч амиа алдсан бөгөөд тэдний 303 нь Латин Америкт, 145 нь Азид, 94 нь Европт, 32 нь Хойд Америкт, 28 нь Африкт амь насаа алджээ. Хамгийн олон сэтгүүлч амиа алдсан орон нь Перу улс гэсэн байна. Францын Марсель хотод “ковид” өвчний эсрэг вакциныг хийлгэхгүй гэсэн иргэдийн тэмцэл хүчтэй өрнөсөн юм. 2021 оны долдугаар сарын 24-нд гарсан энэхүү иргэдийн бослогын үеэр сэтгүүлчдийн биед халдаж, техник хэрэгслийг эвджээ. Мөн Францад сэтгүүлчдийн дунд нэгэн түгээмэл зүйл ажиглагдсан нь тэдний 24 хувь буюу аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээр мэдээ, сурвалжилга бэлтгэдэг сэтгүүлчдийн идэвхтэй байдал буурч, хийх ажил нь багассан бол эсрэгээрээ 65 хувь нь хэт их ачаалалтай ажилласан байна. Мөн нийт сэтгүүлчийн цалингийн 26 хувь нь хасагдсан, сэтгүүлчдийн 35 хувь нь хувиараа мэргэжлийнхээ дагуу өөр ямар нэг зүйл олж хийсэн байна.
- Ковидтой холбоотой мэдээллийн нэгэн сэдэв хүчтэй өрнөсөн нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Гэртээ хөл хорионд орсон хүн төрөлхтний дунд бие биеэ сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэлд байлгах хандлага ихэссэн. Монголд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2019 онд 985 байсан бол 2020 он гараад 1138 буюу 15.5 хувиар өсжээ. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 2019 онд 8962 байсан бол 2020 онд 10 306 болжээ. Харин Францад коронавирус хүчтэй тархаж байх үед гэр бүлийн хүчирхийллийн 45 000 дуудлага ирж байжээ. Өдөрт дунджаар 800 дуудлага хүлээн авдаг байсан байна.
“Ковид”-ын үед хүн төрөлхтөн бидний дунд асуудал ийм байсны зөвхөн зарим нь л энд бичигдсэн. Ийм өргөн цар хүрээтэй сэдэв олноос олон байхад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэдэв явцуу, хэт улстөржсөн, мэдээлэл судалгаагүй, баримтгүй, хүний эрхийн мэдрэмжгүй байгаа нь цаашид бид энэ тал дээр анхаарч ажиллах болсны дохио.
Манай оронд НҮБ-ын олон сан, салбар ажиллаж буй. Тэд сар бүр шинэ судалгаа, баримт дэлгэж, олон нийтэд түгээдэг. Тус байгууллагууд цар тахлын үед ч манай нийгмийг тольдсон судалгаануудыг хийсээр байгаа. Харин эдгээр баримтыг мөшгөсөн, эрэн сурвалжилсан, асуудал хөндсөн сэтгүүл зүйн бүтээл би олж харахгүй байна.
Геополитикийн дүн шинжилгээ хийсэн, хямралаас шалтгаалсан эдийн засгийн ирээдүйн зураглалыг тоймлосон чанартай тойм алга байна. “Ковид”-ын үеийн нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлтийг тусгасан сэтгэл зүйн шинж чанартай сэтгүүл зүйн бүтээл алга байна. Хэрэв корона ирэх онд ч үргэлжилсээр байвал сэтгүүл зүйд бичих сэдэв олон байна шүү гэж сэтгүүлчдэд хэлмээр байна.
ДҮГНЭЛТ
- 2020 оны УИХ-ын сонгууль “ковид”-ын талаарх мэдээ мэдээлэл, нийтлэл улстөржих гол “хөшүүрэг” болсон
- Коронатай зэрэгцсэн эдийн засгийн хямрал нь Монголын сэтгүүл зүй цар тахлыг мэдээлэхдээ улстөржүүлэх, тухайн үеийн Засгийн газар, нам эвсэл, улс төрийн хүчин, улстөрчидтэй холбох шалтгаан болсон
- Энэхүү ороо бусгаа байдлыг ашиглан, аль нэг нам эвслийг, улстөрчийг дэмжих, эсвэл гутаах сэтгүүлчийн захиалгат нийтлэл нэвтрүүлэг гаарсан
- Олон нийтийн “эмзэг” байдалд дөрөөлж, улс төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг барим нотолгоо султай атлаа хэт нэг талыг барьсан мэдээллээр турхирч хүлээн авагчдын санаа бодлыг өөрчлөх гэсэн нь цаагуураа сонгуулийн зорилготой
- “Ковид”-ын үеийн сэтгүүл зүй хүний эрхийн мэдрэмжгүй олон мэдээ мэдээлэл бэлтгэсэн
- Хүний эрхийн асуудлыг хөндсөн даацтай нийтлэл бүтээлээр хомсхон
- “Ковид”-ын үеийн сэтгүүл зүй сэдвийн хувьд явцуу, цөөн, шинэлэг эрэлхийлэл байхгүй
- Сэтгүүл зүйд дуулиан болсон сэтгүүлчийн бүтээл ховорхон
Сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ хангалттай биелүүлээгүй
-Олон нийтийн санаа бодол, сэтгэл зүй цар тахлын үед хэрхэн өөрчлөгдөж байгаад сэтгүүл зүй мэдэрч, дүн шинжилгээ хангалтгүй хийсэн.
Дайн дажин, цар тахал, ер нь юу ч болж байсан тэргүүн фронтод зүтгэж л байх ёстой хувь тавиланг бид өөрсдөө сонгочихсон хүмүүс, сэтгүүлчид. Бид ямар байна, биднээс ямар бүтээл төрнө, нийгэм тийм л байна. Нийгмийг төлөвшүүлэх, соёлын хэм хэмжээ, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх үүргийг сэтгүүлч нар гүйцэтгэдэг. Тиймээс ч сэтгүүлчид зөвхөн мэдээлэл түгээгчид бус, нийгмийн санаа бодлыг бүрдүүлэгчид, оюун санааны түүчээ хөтөч байдаг юм.
“Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээсэн нэрт сэтгүүлчийн үгээр энэ удаад өндөрлөе.
Баярбаясгалан